Цаасан мөнгөөр төлбөр төлдөг үе ард үлдэхэд ойрхон байна
- 2018-12-20
- Дэлхий
- 0
Дэлхий дахинд бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээний төлбөрийг төлөх олон янзын арга ар араасаа гарч ирсээр байна. Үүнтэй холбоотойгоор цаасан мөнгөөр төлбөр тооцоо хийдэг үе удахгүй ард үлдэж магадгүй. Ялангуяа, Хятад Улсад төлбөр тооцоо хийх илүү хялбар бөгөөд тохиромжтой аргууд олширч байгаа тухай Америкийн “Футуризм” цахим хуудас мэдээлжээ.
Өнгөрсөн онд Хятадад гар утсаар хийсэн гүйлгээ өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдэн таван их наяд ам.долларт хүрчээ.
Энэ оны эхний гурван сарын хугацаанд “alipay” болон “wechatpay” мобайл интернэт банкны үйлчилгээ Хятадын төлбөр тооцооны салбарт ноёрхсон байна. Тодруулбал, дээр дурдсан хугацаанд мобайл интернэт банкаар хийсэн гүйлгээний 54 хувь нь “alipay”-д, 40 хувь нь “wechatpay”-д ногдож буй бол үлдсэн багахан хувь нь онлайн банкны үйлчилгээ эрхлэгч бусад компанид ногдож байна. Хөрөнгө оруулалт ба зах зээлийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Хонконгт төвтэй “Си-Эл-Эс-Эй” компанийн урьдчилан таамаглаж буйгаар, Хятадад 2021 он гэхэд онлайнаар хийсэн төлбөр тооцоо 45 их наяд ам.долларт хүрэх ажээ. Одоо ч тус улсад унадаг дугуй түрээслэхээс эхлүүлээд түргэн хоолны газраар үйлчлүүлэх хүртэл бүх л үйлчилгээний төлбөр тооцоог ухаалаг гар утсаа ашиглан төлөх боломжтой байна.
Б. Зулаа
www.unen.mn
Сэтгэгдэл (0)