БНХАУ цэргийнхээ тоогоор төдийгүй зэвсэг техникээрээ дэлхийд тэргүүлэх боломжтой

Азидаа хамгийн том зэвсэгт хүчин гэгддэг БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн 90 жилийн ойн парад өнгөрсөн жил Өвөр Монголын Шилийн гол аймгийн Жүрихэ цэргийн сургуулилалтын талбайд болсон билээ. БНХАУ  анх удаа армийн ойд зориулж ийм том парад зохион байгуулж байгаа бөгөөд  тус улсын төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ши Жиньпин мөн анх удаагаа уг сургуулилалтын төвд зочилсон юм. Жүрихэ сургуулилалтын төв нь Азидаа хамгийн томд ордог, 1000 ам.дөрвөлжин километр талбай эзэлдэг бөгөөд 2012 оноос хойш жил бүрийн зун БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми энд томоохон  хэмжээний бэлтгэл сургуулилалт явуулдаг болжээ. 90 жилийн ойн баярын ёслолын парадын үеэр тус улсад үйлдвэрлэсэн орчин үеийн “DF-31AG” тив алгасах баллистик пуужинг танилцуулсан. Хятадын төв телевизийн мэдээлснээр, энэхүү шинэ баллистик пуужингийн хамгийн дээд алсын тусгал нь 10 мянган км гаруй ажээ. Тус баярын парадад 12 мянган цэргийн албан хаагч, 600 нэгж техник, түүний дотор 100 гаруй нисэх онгоц оролцож байгаа бөгөөд  олон төрлийн зэвсэгийг анх удаа танилцуулж байгаа юм.

БНХАУ-ын  Ардын чөлөөлөх армийн түүх 1927 оны наймдугаар сарын 1-ны Наньчаны бослогоос эхтэй. Тэр үед Наньчан хотод Гоминданы намаас зохион байгуулсан коммунизмын эсрэг төрийн эргэлтийг Гоминданы армийн ангиуд эсэргүүцэн бослого гаргасан юм. Чухамхүү Наньчаны энэ бослогын явцад ирээдүйн БНХАУ-ын  цэрэг улс төрийн удирдлага бүрэлдэн бий болж байжээ. Тус улс хамгийн сүүлд цэргийн парадыг 2015 оны есдүгээр сарын 3-нд Дэлхийн II дайнд болон Японы эзлэн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайнд ялсны 70 жилийн ойн баяраар хийж байжээ. Өнөөдөр тус улсын Ардын чөлөөлөх армид хоёр сая хоёр зуун тавин мянган цэрэг алба хааж байгаа бөгөөд бэлтгэл хүч нь 800 мянгад хүрчээ. Цэргийн тоогоороо Бээжин  АНУ, Энэтхэг, Хойд  Солонгос, ОХУ-аас ч түрүүлэв.  БНХАУ-ын армийн хуурай замын ангид армийн нийт бие бүрэлдэхүүний 70 хувь буюу 1.6 сая цэрэг алба хашдаг. Тэнгисийн болон Цэргийн нисэх хучин тус бүр 250 мянган албан хаагчтай. Харин стратегийн пуужингийн анги нь 120 мянган цэрэгтэй бөгөөд  стратегийн цөмийн хүчний мэдэлд 100-400 цэнэгт хошуу байдаг. Үүн дээр нэмээд дайны үед 660 мянган хүнтэй цагдаагийн бие бүрэлдэхүүн Хятадын Батлан хамгаалах яамны мэдэлд шилжсэн. Удахгүй хятадууд цэргийнхээ тоогоор төдийгүй зэвсэг техникээрээ дэлхийд тэргүүлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. БНХАУ цаашид зэр зэвсгээ сайжруулахын зэрэгцээ батлан хамгаалах салбартаа өндөр технологийг өргөн нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

 Тус улсын арми 7500 танк, 5500 хуягт машин, 2200 цэргийн машин, 25000 их буутай. Хятадын зэвсэглэл бараг тэр чигээрээ өөрийн үйлдвэрийнх, гэхдээ голдуу хуучин ЗХУ болон  ОХУ-ын хуулбарууд гэнэ. Гэхдээ ОХУ-ын “СуЗО”, “Су27”, “Ми8”, “Ми17” болон АНУ-ын “Sikorsky S-70”, Европын “Eurocopter AS 332 Соugar”, “Gazelle”, Канадын “Bombardier challenger 600”, Израилийн “Нагру” зэрэг нисгэгчгүй онгоцууд ч бий.  Эдгээрээс 500 гаруй нь Зөвлөлтийн “МиГ-21”  сөнөөгчийн хуулбар болох “J-7” юм. БНХАУ нийт 2000 орчим байлдааны онгоцтой тул Азийн бүсэд нэгдүгээрт, дэлхийд АНУ, ОХУ-ын дараа ордог. Гадаадын цэргийн шинжээчдийн ганц өөлдөг юм нь флот. Хятадын Засгийн газар цаашид мэдээлэл зүй, автомат механикжуулалтыг цэрэг армидаа эрчимтэй нэвтрүүлэн, идэвхтэй хамгаалалтын стратегийг хэрэгжүүлэхээ  Ардын чөлөөлөх армийн 90 жилийн ойн парадын үеэр тус улсын дарга Си Зиньпин мэдэгдэж байв. Тэрбээр алсын тусгалтай, нарийвчлал бүхий пуужин, үл үзэгдэгч усан доогуур шумбагч, нисэх хүчин тээвэрлэгч хөлөг онгоцуудтай болохыг зорьж байгаа гэдгийг онцолжээ. Мөн цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэхгүй, цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхгүй хэмээв. 
 

Эх сурвалж: asia.nikkei.com
                                                                                                                              Б. Хулан 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)