Тав хоног амраахад 8 тэрбум зарцуулах төлөвлөгөөг Сангийн яам зөвшөөрсөнгүй
- 2018-12-21
- Эдийн засаг
- 1
Жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт 5 хоног амраах Ерөнхий сайдын чиглэлийг Сангийн яам, ХЗДХЯ-наас зөвшөөрөөгүй гэнэ. Энэ тухай Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга өөрийн фэйсбүүктээ
“Цэвэр агаарт 5 хонуулахад 8 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр Засгийн газраас гараагүй. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг Утааны эсрэг ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан юм. Саналын дагуу Засгийн газар судалж үзэж байгаа. Маргааш Засгийн газрын ээлжит бус хурлаар боломжтой эсэхийг хэлэлцэнэ. Одоогоор Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн болно” хэмээн бичжээ.
Энд бичсэн маргааш нь өнөөдөр юм. Уржигдар болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар даатгуулагч эхийг хүүхдийн хамт магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд тав хүртэл хоног үнэ төлбөргүй сувилах асуудлыг ярилцсанаа зарласан.
Нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөж буй бөгөөд урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдахаар тооцоо гарчээ.
Уг арга хэмжээнд 8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд уг арга хэмжээг сошиал сүлжээнийхэн ихэд эсэргүүцэж, санал бодлоо илэрхийлж байгаа юм.
Г.Саруул
Сэтгэгдэл (1)
Зочин (64.119.16.121)
Ерөнхий сайд энэ тухай ярьсан ш дээ. Одоо болохоор засгийн газар яриагүй гээд л худлаа ярих юм даа. Ингэж орон харагдаж байгаа ерөнхий сайд цаашид яанадаа.