Агаарын бохирдолтой холбоотойгоор дэлхийн хүн амын наслалт 1.8 жилээр богиносдог

 

Орчин үед дэвшилтэт технологи хурдацтай хөгжиж, үүнийг дагаад хүн төрөлхтний эрүүл мэнд, аюулгүй байдал, хүнсний технологи ч гэсэн хөгжиж байна. Технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтний насжилт хүртэл уртсаж байгаа юм. Бидний өвөг дээдсийн дундаж наслалт 40-50  байсан бол одоо бараг хоёр дахин уртасаад байгаа. Гэхдээ одоо ч гэсэн бидний амь нас болон урт наслалтад заналхийлсэн хүчин зүйлс байсаар байна. Үүний нэг нь агаарын бохирдол юм. Агаарын бохирдлоос үүдэлтэйгээр энэтхэгчүүдийн дундаж наслалт 11 хүртэлх жилээр буурах аюул нүүрлээд байгаа бол Хятад болон Индонезын  иргэдийн дундаж наслалт 5-7 хүртэлх жилээр буурах төлөвтэй байгаа аж. Харин агаарын бохирдол багатай улс орны иргэдийн дундаж наслалт жилээс жилд нэмэгдсээр. Агаарын бохирдол үүсгэж буй олон төрлийн хүчин зүйл байдаг бөгөөд эдгээр нь дэлхийн хүн амын наслалтыг дунджаар 1.8 жилээр багасгаж байна гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас саяхан гаргасан байх бөгөөд энэ нь дэлхий нийтийн дунд тархаад буй ХДХВ/ ДОХ-ын халдвараас ч илүү аюул дагуулахаар байгаа аж. 

  Байгаль  орчны талаар судалгаа хийж, мэдээлэл бэлтгэдэг “Earth.com” сайт   саяхны нэгэн судалгаандаа дундаас доогуур орлогтой иргэд агаарын бохирдолд хамгийн их өртдөг талаар мэдээлжээ. Тус сайтад мэдээлснээр, үндэстний цөөнх, амьдралын төвшин бага хүмүүс бусадтай харьцуулахад агаарын бохирдолд харьцангуй өртөмтгий байдаг гэнэ. Энэ нь дундаж наслалтыг бууруулж, зүрх судасны шалтгаантай холбоотой нас баралтын магадлалыг нэмэгдүүлдэг байна. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой тив нь Ази тив бөгөөд ЮНИСЕФ-ийн мэдээлснээр,  Азийн хамгийн бохирдолтой хот нь Монголын нийслэл Улаанбаатар гэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын төвшин энэ оны өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 133 дахин өндөр гарчээ.  Улаанбаатараас гадна Бангкок, Бээжин, Энэтхэгийн хэд хэдэн хот агаарын бохирдлоороо дээгүүрт бичигддэг.  “Geophysical Research” байгууллагаас агаарын бохирдлын улмаас зөвхөн Энэтхэгт л гэхэд жилд дунджээр 570 мянга орчим хүн амиа алддаг байна.

Түүнчлэн  ДЭМБ-аас гаргасан дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын  жагсаалтад  Энэтхэгийн 11 хот багтжээ. Агаарын бохирдол Зүүн Ази дахь буурай орнуудын толгойн өвчин болоод зогсохгүй Хойд Америк, Европын орнуудын ч асуудал болж байна.  Ялангуяа Калифорни муж, Мексикийг энэ асуудал зовоосон хэвээр байгаа билээ. Утаагаараа алдартай Лос-Анжелос хотод жил бүр 9600 хүн агаарын бохирдлоос болоод хорвоог орхиж буй тухай тус хотын агаарын чанарын албаныхан мэдээлжээ. Сонирхолтой нь Улаанбаатар шиг утааны асуудалд нь газарзүйн байршил, агаарын солилцоо муутай нь нөлөөлдөг учир автомашины түлшийг шинэчилж, ил задгай хог шатаахыг хорьсон төдийхнөөр агаарын бохирдолтой тэмцэх боломжгүй гэдгийг америкчуудын тавин жилийн "дайн” тодорхой ойлгуулсан юм. Нөгөөтэйгүүр хүн амын нягтаршил агаарын бохирдолд шууд нөлөөлдгийг агаарын бохирдолтой тэмцэгч эрдэмтэд анхааруулах болсон.  Тиймдээ ч хөгжингүй орнууд, ялангуяа олон саяар тоологдох хүн амтай томоохон метрополис хотын удирдлагуудад агаарын бохирдолтой тэмцэхийн тулд хүн амын тоо, нягтаршилаас эхлээд хотжилтыг зөв төлөвлөхөд баримтлах стандарт байх ёстой гэдгийг сануулах болсон юм.  Хагас зуун жилийн турш утаатай нөхөрлөж буй Лос-Анжелос хотын хувьд ч өндөр уулсаар хүрээлэгдсэн гэх шалтгаанаас гадна жил бүр хэдэн зуун мянгаар нэмэгдэж буй хүн амын тоо нь агаарын бохирдолд ихээр нөлөөж байгаа гэнэ.

Зуун жилийн өмнө британичуудыг ч энэ асуудал зовоож байсан билээ. Бензин, дизель хөдөлгүүрт автомашины утаа болон нүүрсхүчлийн хийн хаягдлын уршгаар  өнөөдөр дэлхийн 2100 гаруй хотод агаарын бохирдол хэвийн түвшнээс даваад байгаа юм байна.  Тухайлбал, Их Британийн 44 хотын  агаар мандал  дахь  хорт хийн хаягдлын хэмжээ  Дэлхийн  эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон  хэмжээнээс их  байна. 1990 оноос хойш хатуу түлшийг хязгаарлах арга хэмжээ аваагүйтэй холбоотойгоор агаарын бохирдлын хэмжээ 11.2 хувиар өссөн.  2015 оны байдлаар Азийн 21 оронд 803 мянган хүн нүүрсний хорт хий ялгарлын уршгаар амиа алдсан.

Түүнчлэн 2000-2016 оны хооронд агаарын хэм 0.9 цельсээр нэмэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд эх газар далайгаас хурдан дулаарч байгааг онцолж байна. Агаарын дулааралтай холбоотойгоор өндөр настнуудын өвчлөл 125 саяар нэмэгдсэний зэрэгцээ гадаа ажиллах боломж 5.3 хувиар буурчээ. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч буй улс орон нэмэгдэж байгаа боловч тэдний ихэнх хувийг өндөр хөгжилтэй орнууд эзэлж байгаа юм байна. Улс орнууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд тээврийн хэрэгсэл, эрчим хүч, эрүүл мэндийн үйлчилгээгээ сайжруулж байгаа. Энэ ажлын хүрээнд хатуу түлшний хэрэглээг багасгаж, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлж, дахин сэргээгдэх эрчим хүч ашиглах болсон. Цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт жил бүр 77 сая нэмэгдэж байгаа боловч дэлхий дахинд ердийн бензин болон дизель хөдөлгүүртэй 1.2 тэрбум машиныг ашиглаж байгаа агаарын бохирдлыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлт бий болоход нөлөөлсөөр байна.
       

 Эх сурвалж: www.earth.com

                                                                                 Б. Заяа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)