Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөлөө
- 2018-12-21
- Дэлхий
- 0
АНУ Төв банк бодлогын хүүгээ он гарснаас хойш дөрөв дэх удаагаа өсгөж, Төв банкны зээлийн хүү 2.25-2.5 хувьд хүрчээ. АНУ-ын эдийн засагт тэлэлт үргэлжилж байна гэж байгаа ч үнэт цаас, бондын үр ашиг нь ихээр унаад байгаа талаар хэвлэлүүд онцолж байна. Зарим эдийн засагчид АНУ-ын эдийн засаг ирэх онд удааширна гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор Холбооны нөөцийн сан бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөж, үнэт цаасны багц нэр төрлөө бууруулахгүй гэдгээ илэрхийлснээр бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтийг боомилж болзошгүй гэж худалдаачид санаа зовниж байна. Энэ тухай Холбооны нөөцийн сангийн дарга Жероми Повел “Төв банк цаашид баланс, тайлан тэнцлийг сар бүр 50 тэрбум ам.доллараар барьж тэнцвэрүүлэх болно” гэж мэдэгджээ. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөснөөр хувьцааны үнэ сүүлийн 15 сарын доод түвшинд хүрч уналаа. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өнгөрсөн лхагва гарагт өсгөж, энэ шийдвэрийн дараа буюу лхагва гарагийн орой хувьцааны үнэд огцом хөдөлгөөн орж, 2017 оны есдүгээр сараас хойших хамгийн бага түвшинд хүрсэн байна. Тухайлбал, "Доу Жонс" индекс 381 нэгжээс 351 нэгж болж 1.5 хувиар унажээ.
Уг индексийн хувьд энэ сард ес орчим хувиар унаад байна. Мөн "Насдак индекс" хоёроос илүү хувиар буурчээ. Холбооны Нөөцийн сангийнхан ирэх 2019 онд дахин хоёр удаа бодлогын хүүгээ өсгөнө гэдгээ мэдэгдээд байна. АНУ-ын Төв банкны бодлогын хүүгээ 2.5 хувь болгож, өсгөснөөр энэ жишиг хүү 2008 оноос хойших хамгийн өндөр дүнд хүрч байгаагаас гадна зээлийн хүү өснө гэсэн үг юм. Бондын үнийн өсөлт ашиг ихээр унахад нөлөөлдөг. АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн шийдвэрээр тус улсын Сангийн яамнаас гаргасан бондын ашиг лхагва гарагийн орой 2.84 хувиас 2.77 болж буужээ.
Б.Заяа
Сэтгэгдэл (0)