ОПЕК-ийн гишүүн орнууд олборлолтын хэмжээгээ бууруулж магадгүй
- 2018-12-25
- Дэлхий
- 0
ОПЕК буюу нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 орон нефтийн олборлолтын хэмжээг бууруулах тухай энэ сард гаргасан шийдвэрээ нарийвчлан судалж, шаардлагатай тохиолдолд гэрээний хугацааг сунгах эсвэл бүр нефтийн бүтээгдэхүүний олборлолтын хэмжээг дахин бууруулж магадгүй талаар ОПЕК-ийн ерөнхийлөгч, Арабын Нэгдсэн Эмирт Улсын Эрчим хүчний сайд Сухейль аль-Мазруи мэдэгджээ. Тэрбээр "Олборлолтын хэмжээг бууруулах төлөвлөгөөг нарийвчлан судалсан. Хэрэв хэрэгжихгүй бол өнгөрсөн удаагийнхтай адил ОПЕК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах хувилбар бидэнд бий. Гэрээг дахин зургаан сараар сунгах шаардлагатай болвол сунгана. Хэрэв илүү их хэмжээгээр бууруулах шаардлагатай бол бид хэлэлцэж, олон хүчин зүйлийг харгалзан үзэж оновчтой шийдвэр гаргана” гэжээ.
Мөн тэрбээр зарим орон олборлолтын хэмжээгээ бууруулах хандлагатай байгаа учраас ОПЕК гэрээний нөхцлийг давуулан биелүүлэх боломжтой гэдгийг онцлон дурджээ. Түүний хэлснээр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын нефтийн арилжааны нөөц сүүлийн таван жилийн дунджаас 37 сая торхоор илүү байгаа аж. ОПЕК-ийн гишүүн орнууд хагас жилийн хугацаанд өдөрт олборлох нийт газрын тосны хэмжээг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн 1.2 сая торхоор бууруулах шийдвэр гаргасан.
Үүний 800 мянган торх нь ОПЕК-ийн гишүүн орнуудад ногдож байгаа бол тус байгууллагын гишүүн бус орнууд олборлолтын хэмжээгээ 400 мянган торхоор бууруулах юм. Гэсэн хэдий ч “ОПЕК+”-ийн дээрх шийдвэр үнэ тогтворжуулахад хараахан нөлөөлж чадаагүй байна. Энэ сарын 7-ноос хойш нефтийн зах зээл тогтворгүй байгаа юм. Тухайлбал, энэ сарын 21-нд буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Brent” маркийн нефтийн үнэ өнгөрсөн 2017 оны есдүгээр сарын 5-наас хойш анх удаа нэг торх нь 53 ам.доллараас доош орж унасан.
Эх сурвалж: news.abs-cbn.com
Орчуулсан Б.Энхтуяа
www.unen.mn
Сэтгэгдэл (0)