Индонезид болсон цунамигийн улмаас амиа алдсан хүний тоо 281-д хүрлээ

Зүүн-Өмнөд Азийн Индонези Улсад өнгөрсөн ням гарагт шилжих шөнө хүчтэй цунами дэгдэж, Зондын хоолойн эрэг дагуух нутгаар гамшигт үзэгдэл нүүрлэн замдаа таарсан хот суурин газруудыг хаман одоод байгаа билээ. Индонезийн байгалийн онц үзэгдэлтэй тэмцэх албаны дарга Сутопо Пурво Нугрохоны мэдээлснээр, одоогийн байдлаар 281 хүн амиа алдаж,  1016 хүн гэмтэж, 30 хүн сураггүй алга болсонд тооцогдоод байгаа юм. Тэгвэл энэ тоо цаашид өсч магадгүй гэдгийг албаныхан анхааруулж, Анак Кракатаy галт уултай ойр амьдардаг нутгийн иргэдийг яаралтай нүүхийг зөвлөжээ.

 Гамшигт олон зуун барилга байшин өртөж, зам гүүр, дэд бүтэц сүйрээд байгаа юм. Тухайлбал, Пантегланг дүүрэгт л гэхэд 164 хүн амиа алдаж, 450 гаруй байшин барилга нурж сүйдсэний ес нь зочид буудал байжээ. Үүний зэрэгцээ 350 хөлөг онгоц сүйдсэн байна. Амиа алдагсдын дунд амралтын өдрөө өнгөрүүлэхээр Пантеглангт ирсэн олон жуулчин багтаж байгаа аж. Тус дүүрэгт эргийн олон амралтын газар үйл ажиллагаа явуулдаг юм. Мэргэжилтнүүд цунами Индонезийн Анак-Кракатау галт уул сэрж оргилсноос галт уулын гаралтай цунами дэгдэж, гамшигт үзэгдэлд хүргэсэн гэж үзэж байна. Индонезийн геологийн тандалт судалгааны албаны мэдээлж байгаагаар өнгөрсөн баасан гарагт Анак-Кракатау галт уул сэрж, газрын доргилт чичиргээ, газар хөдлөлт хоёр минут 12 секунд орчим үргэлжилжээ. Үүнээс шалтгаалан галт уулын дээр 400 метрийн өндөрт үнс нурам цацагдсан байна. Байгалийн гамшигт үзэгдэл Индонезийн Ява, Суматра арлууд, мөн Энэтхэгийн далайг Номхон далайтай холбодог Явагийн тэнгистэй холбодог Зондын хоолойн орчимд нүүрлэжээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж байна. Кракатау галт уул 100 гаруй жилийн өмнө дэлбэрч, Зондын хоолойн эрэг орчмын газруудад халуун орны ой модод бүрэн устаж,  газрын хөрс тэр чигээрээ галт уулын халуун хайлмаг нурманд дарагдан хаа сайгүй хүн амьтны сэг зэмэнд дарагдаж байжээ. Кракатау галт уулын орчмын тэнгисийн ус нилдээ галт уулын гаралтай уушгин чулуугаар дүүрсэн тул хөвж явсан усан онгоцууд явж чадахгүй боогдсон гэдэг. Гэвч галт уулын дэлбэрэлт Индонезийн байгаль орчинд ашигтай болжээ. Одоо Зондын хоолойн өмнөд хэсгээс түрэн орсон Ужунгкулон хэмээх хойг дээр олон төрлийн амьтан ургамал бүхий үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан байна.  Дэлбэрэлтийн дараа галт уулын байранд бий болсон арлууд одоо үндэсний дархан газрын бүрэлдэхүүнд оржээ. Харин Кракатау галт дэлбэрснээсээ хойш оргүй алга болж, галт уулын нөгөө гурван тогооны нэг нь л усны мандал дээгүүр цухуйн харагддаг болж. Галт уул байсан бусад газруудад долоон км голчтой 300 орчим метрийн гүнтэй хонхорууд үүссэн байна. Гэхдээ дэлбэрэн устсан галт уул одоо ч идэвхтэй хэвээрээ байгаа юм. 1952 онд залуу галт уулын шовгор орой дахин бий болж улам өндөрссөөр байна. Энэхүү галт уулын өндөр одоо 250 метрт хүрч уртаараа нэг километр болсон боловч утаа суунаглуулан улам томорсоор байгаа аж. Шинээр бий болсон галт ууланд Анак-Кракатау буюу Кракатаугийн хүү гэсэн нэр өгчээ.  

                                                                                                                                                             Б. Заяа 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)