Нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралын зураглал - 2018

Засаглал: Нийтийн хөрөнгийг саагчдын үнэн дүр нь ил болж байна

… Утаатай нь биш, уг сурвалж, эх үүсвэртэй нь байлдах нь ухаалаг хэрэг. Утаанбаатарын хорт утаа зуухнаас гарч байгаа ч, зуухыг байлгаад буй суурь шалтгаан бол ядуурал. Бүр тодруулбал хөдөөгийн ядуурал ажээ. Хөдөөгийн хөгжлийн бодлого нь зөв, иргэд нь малаа гэхээсээ илүү бэлчээрээ, ядаж өвөлжөөгөө өмчилдөг, багаараа хоршин ажилласан бол монголын хөдөө эзгүйрэхгүй, хот багшрахгүй байх байлаа. 2018.01.10

… Ерөнхий сайд та, намынхаа УИХ-ын 65 гишүүн, түүний дотор 15 сайд-гишүүнийхээ хүчээр улс төрийн намуудын тухай хуулиа яаралтай шинэчлэх ёстой. Ерөнхий сайд та зөвхөн Улаанбаатар хотын газрыг, ялангуяа Богд уулын амууд, Туулын эрэг, Яармагийн талбайн газрыг хэн, яаж зувчуулсныг ил тод болгож, нийтийн хөрөнгийг буцаах, эсвэл төлбөрийг нь авчихад л авлигын хагас нь цэгцэрнэ. 2018.01.31

Нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралын зураглал - 2018

(2018 оны дефакто нийтлэлүүд)

… Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэгтэй АТГ-ын анхны дарга, тэргүүн комиссар (Б.Дангаасүрэн) нь тодорхой бус шалтгаанаар гадаадад нас барсан бол, дараагийнх нь (Ч.Сангарагчаа) шоронд орсон, гурав дахь нь (Н.Ганболд) өөрийн хүсэлтээр огцорсон, нөхөн томилогдсон дөрөв дэхийг нь (Х.Энхжаргал) олон хүнийг, түүний дотор хоёр ч Ерөнхий сайд асныг хоморголон баривчилж “ажил хийсэн дүр эсгэх” болсон учир Ерөнхийлөгч огцруулах гэж байна. 2018.05.03

… Төрөөс тэрбумтан төрүүлж байгаа нь ганц энэ сан ч биш, үнэ тогтворжуулах хөтөлбөр, тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг олон арван том жижиг сангууд байгаа. Мөн Засгийн газрын бондын орлогууд ч тэрбумтан төрүүлэхэд оролцдог. ЖДҮ-ийн санд улсын төсвөөс 2009 онд 30, 2010 онд 30.4, 2011 онд 290, 2013 онд Хөгжлийн банкны бондоос 48.9, 2014 онд ХБ-ны бондоос 99.9, 2016 онд төсвөөс 56.7, 2017 онд 50.6, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус оруулжээ. 2018.10.31

Бүс нутаг: Энэ оны 3-р сараас эхлээд монголчууд de-jure улс төр, эдийн засгийн онцгой гадаад орчинд амьдарч эхэллээ

… Энэ оны энэ сараас эхлээд монголчууд de-jure улс төр, эдийн засгийн онцгой гадаад орчинд амьдарч эхэллээ. Хойд, урд хөршүүд маань удирдагчаа хориод жилээр ажиллуулах болсноо хууль ёсны болгов. Баруун талд бараг гучин жил ганц хүн удирдсан өөр нэг хөрш байгаа. Хөршүүдийн төр засаг нэг хүнээс хамаардаг, бас тогтвортой байна гэсэн үг. Гэтэл монголын төр засгийн дундаж нас хоёр жил болчихоод байгаа. Ойрын ирээдүйд урт болчихгүй л байх. Монголын төр засгийн удирдлага нь биш юм бол ядаж бодлого нь тогтвортой байхыг шинэ цаг үе шаардаж байна. 2018.03.22

… Энэ өдөр монголын төр хүн хулгайлж гадаадын улсад явуулахыг оролдов. Харин иргэд цаг алдалгүй мэдэж, нийгмийн мэдээллийн хэрэгслийг ашиглан нэгдэж, энэхүү балмад үйл ажиллагааг таслан зогсоов. Жинхэнэ ардчилсан улсад эрх мэдэл ард түмний гарт байдгийг монголын иргэд харуулав. 2018.08.16

… Сибирээс Монголын хонгилоор газрын тосны болон байгалийн хийн хоолой тавихад ихэнх нь тал газраар явах тул харьцангуй хямд өртөгтэй, бас Хятадын Бээжин болон бусад том хотуудад хүрэхэд хамгийн богино буюу Дундад Ази эсвэл Манжуураас татахаас ч дөт юм. 2018.09.19

Эдийн засаг: Банкуудын лобби төр засагт улам хүчтэй болсоор байна

… Банкуудын лобби төр засагт улам хүчтэй болсоор байна. Улс төрийн намуудын гол санхүүжүүлэгч, сонгуулийн өндөр зардлыг спонсордох болсон тодорхой банкуудын эрх мэдэл улам өсч, төр засгийг бүх шатанд нь өөрийн дураар удирдах болов. Засгийн газраар зээлийн баталгаа гаргуулж төрийн хөрөнгийг ил далдаар эрс бага үнээр худалдан авч, улмаар эдийн засгийн сор үйлдвэр, обьект, үнэ цэнэтэй газруудыг ээлж дараалан, уралдан эзэмших боллоо. Төрийн гурван засаглалын харилцан тэнцвэртэй, харилцан хянах зарчим алдагдаж бүгд л сонгогчиддоо биш, спонсорууддаа үйлчлэх боллоо. Шүүхийн шийдвэрийг таамаглахад улам хэцүү болж байна. 2018.04.26

… Банк хоорондын бага дүнтэй цахим гүйлгээ бүрээс арилжааны банкууд 160 төг, бусад хэлбэрээр хийж буй гүйлгээнд 200 төг, их дүнтэй гүйлгээнээс 300 төг авч МБ-д өгдөг байна. МБ хураамж ба шимтгэлээс 2016 онд 5 тэрбум төгрөг, харин 2017 онд 6.8 тэрбум төгрөгийн орлого тус тус олжээ. 2018.06.14

… Засгийн газрын шийдвэрээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам батлаж, нинжа нарт алт ухах зөвшөөрлийг сум, дүүргийн засаг дарга нь олгох эрхтэй болжээ. Энэ зөвшөөрөл олгох нэрийдлээр зарим сум, дүүргийн засаг дарга авлига авдаг, өөрсдөө ч алт ухдаг болов. Орон нутгийн иргэдийн хурлын гишүүд бие даасан улс мэт авирлах болжээ. 2018.08.24

… гүйлгээнд хязгаар тогтоож болно зэргээр заасан нь Монгол улс валютын урсгалыг төрөөс нь боох (capital control) гэж буйг илтгэж байна. Ийм заалттай хууль гарвал хөрөнгийн урсгал, валютын гүйлгээ, арилжаанд төрөөс хязгаарлалт хийдэг орнуудын жагсаалтад Монгол улс орж, улмаар манайд хөрөнгө оруулах, зээл өгөх сонирхол алга болно. Өрөндөө бүрэн баригдаж живэх үеэр туслах улс орон гарч болох ч эдийн засгийн аюулгүй байдал алдагдана. 2018.10.17

Нийслэл: УБ хотыг хөгжүүлэхгүй байх нь удирдлагуудад ашигтай байна

… Манай нийслэлийн төвд байрлах 20-оод яамдын байшинг тойрч ажлын цагаар машины зогсоол хайсан олон зуун автомашин замын хөдөлгөөнийг ихээхэн удаашруулж, гацааж байгааг судалгаагаар тогтоосон шүү дээ. Зарим улс нийслэлээ хамгийн том хотоосоо нүүлгэж, цоо шинээр байгуулан, хотжилт, хөгжлийн орчин үеийн төв байгуулсныг бас санах хэрэгтэй. Жишээ нь Австралийн нийслэл Сиднейд биш Канберрад, Шинэ Зеландын нийслэл Оакландад биш Веллингтонд, Калифорни мужийн нийслэл Сан Францискод биш Сакраментод байрлаж буй нь ийм учиртай. Манай ойрын хөрш Казахстан нийслэлээ Алма-Атагаас Астана руу хэдхэн жилийн өмнө нүүлгэсэн. 2018.05.10

… Удирдлагуудад хотын дэд бүтцийг хөгжүүлэхгүй байх нь илүү ашигтай. Хотын захаар сайхан зам, цэвэр бохир усны дэд бүтэц байгуулчихвал хотын төвийн газар үнэгүйдэж, албан тушаал нь ашиггүй болно. Ер нь ажил албанаасаа ашиг унагах боломжгүй болчихвол, төр засагт ажиллах хүн олдохгүй болж магадгүй. 2018.07.26

… Буянт-Ухаагийн онгоцны буудлын өнөөгийн үнэ цэнэ бараг 300 сая ам. доллар буюу 750 тэрбум төгрөг. Энэ буудалд оруулсан энэ их хөрөнгийнхөө өгөөжийг гаргах ёстой. Хөшигийн шинэ онгоцны буудал руу олон улсын нислэгийн үйлчилгээ нь нүүх гэж байгаа энэ цаг үед тус бизнесийг алт болгох түүхэн боломж гараад ирлээ. 2018.08.02

 

2018.12.28

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)