Утааг бууруулах ухаан ус, агаар мэт үгүйлэгдэж байна
- 2019-01-24
- Байгаль орчин
- 0
Утааг зүхэж, төрийг шүүмжлэх атлаа гар биеэ хумхиад байвал энэ ажил хэзээ ч урагшлахгүй
Монгол Улс өнгөрсөн 10 жилд их наяд төгрөг рүү ойртсон хөрөнгө цацсан ч утаа өтгөрснөөс өөр үр дүн авчирсангүй. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хугацаа дуусахад хоёрхон жил үлдээд байна. Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах том зорилт тавьсан энэ хөтөлбөрийн өртөг 10 их наяд төгрөг буюу 3.7 тэрбум ам.доллар. БНХАУ одоогоос таван жилийн өмнө Монгол Улс шиг агаарын бохирдлоо бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлж, мэдэгдэхүйц багасгасан. БНХАУ-ын томоохон хотуудын угааг 50 хүртэлх хувиар бууруулсан энэ хөтөлбөрийн өртөг Монголынхоос 74 дахин их буюу 277 тэрбум ам.доллартай (1.7 их наяд юань) тэнцжээ.
Улс үндэстнийхээ аюулгүй байдалд ноцтой эрсдэл дагуулж буй агаарын бохирдолд БНХАУ гар таталгүй мөнгө цутгаж, өнөө маргаашийг бус алс ирээдүйгээ бодолцсон зоримог алхам хийснээр Бээжингийн тэнгэр цэлмэсэн юм. БНХАУ-ын улсын төсөв 2018 онд 60 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээж, өрийн түвшин нь үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа ч иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хөсөр хаяж, өндөр өсөлт, их орлогын араас хөөцөлдсөнгүй.
Иргэддээ эрүүл агаар амьсгалах эрх олгохын тулд экологи, байгаль орчны асуудлаа төсвийн ашиг, эдийн засгийн өсөлт зэрэг эрээлжилсэн олон тооны өмнө, эн тэргүүнд тавьсан нь энэ.
Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна ногоон хөгжил нэрийн дор олон улсаас их хэмжээний санхүүжилт татсан. Санхүүгийн олон байгууллага Хятадын ногоон хөгжилд хөрөнгө оруулж, бидэнтэй ойр ажилладаг дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэхэд тус бүр 500 сая ам.доллараар санхүүжүүлсэн юм. Тэгвэл эх дэлхийн ирээдүйн төлөө ногоон санхүүжилт дор нэгдэж буй энэ үед хүлэмжийн хийг бууруулж, иргэддээ эрүүл, аюулгүй орчин бэлэглэхийг хүссэн Бээжингийн зүтгэлийг олон улс дэмжжээ.
Эвлэвэл бүтнэ гэдэгчлэн эргэж буцалгүй, эхлүүлсэн бодлогоо тууштай, тогтвортой хэрэгжүүлбэл, агаарын бохирдлыг бууруулах чин хүсэл, эрмэлзэл байвал утаа арилж болдгийг Бээжин бодитоор бидэнд харуулж байна. Сэтгэл байвал санхүүжилтийг шийдэж болдог жишээ энэ. Бид ч зүтгэвэл болохгүй зүйл үгүй.
Нүүрсийг халж, ногоон эрчим хүчээр орлуулах нэрийн дор санхүүжилт татаж болно. Дээрээс нь сүүлийн жилүүдэд шуугиан тарих болсон өнгөрсөн, ирээдүйн сангийн хөрөнгүүдийг утаатай тэмцэх тэмцэлд яагаад зарцуулж болохгүй гэж. Ирээдүйн өв, төсвийн тогтвортой байдлын сан, Хүний хөгжлийн сан гээд тусгай сангуудын ёроолыг шувтарч болно доо уг нь. Манай улсын хүн амын тэн хагас нь эрүүл агаараар амьсгалж чадахгүй амь тэмцэж байхад энэ улсад утааны урд орох чухал асуудал өнөөдрийн Монголд бий гэж үү. Санхүүжилтийг чадлаараа шийдлээ гэхэд утааг бууруулах сэтгэл, зүтгэлийг хэнээс нэхэх вэ.
Улаанбаатарын утааг бууруулах ажил зөвхөн төрийн үүрэг үү. Үгүй ээ. Төр дангаараа үүнийг гүйцэтгэж чадах ч үгүй. Бээжингийн тэмцэл ч зөвхөн төрийн хичээл зүтгэлээр урагшлаагүй. Харин төр засгийнхаа бодлогыг тууштай дэмжиж, чандлан дагасан иргэдийн оролцоо зүтгэлээр энэ ажил нь урагшилсан юм.
Иргэн
Улаанбаатарын хорт утааг бууруулах ажил өглөө бүр бачимдан, дотроо бухимдан яваа нийслэлчүүдээс эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл, цэнгэг агаар, цэлмэг тэнгэрийн төлөөх Улаанбаатарчуудын тэмцлийн төвийн тоглогч нь иргэн та бөгөөд таниар дамжиж төрийн бодлого биеллээ олох юм.
Өнгөрсөн 10 жилд Улаанбаатарын төлөвлөгөө урагшлаагүйн хариуцлагыг утааг бууруулах төрийн бодлогыг урвуугаар ашигласан зарим иргэнээс нэхэж болно. Засгийн газар агаарын бохирдлыг 80 хувь бууруулахаа амлан, 100 мянган зууханд чамгүй мөнгө зарцуулж, иргэдэд хөнгөлөлттэй олгосон. Гэвч зорилгоос нь хазайлгаж, малчдад ахиу үнээр зарчихсан цөөнгүй иргэн байгааг албаныхан хэлдэг. Бас гэр хорооллыг барилгажуулах төрийн бодлого гарчихаад байхад ахиу үнээр зарахаар эзэмшил газраа чөлөөлөлгүй, гүрийж буй Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллын иргэд утааны эсрэг тэмцлийг гацааж буйгаас өөрцгүй. Иргэд нь утааг зүхэж, төрийг шүүмжлэх атлаа гар бие оролцохгүй суугаад байвал энэ ажил хэзээ ч урагшлахгүй нь ойлгомжтой.
Хувийн хэвшил
Иргэдийн оролцооноос гадна энэ ажлын голыг нь хувийн хэвшил нугалах учиртай. Төр бүхний өмнөөс зүтгэж, түлш үйлдвэрлэж, цэвэр эрчим хүчний станц ажиллуулаад ч амжихгүй. Иймд орон сууц барих, цэвэр эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх, утааны шүүлтүүр борлуулах гээд мөнгө дагуулсан бизнесүүдийг хувийн хэвшил гүйцэтгэж байна. Гол нь манай бизнесийнхэн улстөрчидтэй хамтран утаанаас мөнгө хумслахдаа уургын морь шиг зүтгэдэг атлаа агаарын бохирдлыг бодитоор бууруулах ажил хэрэгч саналыг надад хамаагүй гэсэн шиг нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөдөг зангаа эх оронч сэтгэлгээгээр солих хэрэгтэй болов уу.
Төр
Утааг бууруулахаар амласан улстөрчдийн олон жилийн жүжигт итгэл алдаж, толгой гудайн алхаж буй нийслэлийн иргэдийн нүдэн дээр агаарын бохирдлыг бодитоор бууруулбал хэрхэн хүлээн авах бол. Нийслэлчүүдэд уушгиа дүүртэл цэвэр агаар амьсгалах эрх олгосон хэн ч ирэх сонгууль бүү хэл ирээдүйн хэдэн арван жилд аюулаас аварсан баатрын хэмжээнд үнэлэгдэх нь тодорхой. Төрт ёсны олон зууны уламжлалтай Монголын ард түмэн агаарын бохирдлыг бууруулахад гарамгай зүтгэл, зориг гарсан аль ч нам, улстөрчийг төрийн сүлд шигээ тахин түшихээс буцахгүй биз. Агаарын бохирдлыг бууруулахад арга шийдлээс илүү хүсэл эрмэлзэл, тууштай тогтвортой бодлого ус, агаар мэт үгүйлэгдэж байна.
Хүсэвч хясна гэгчээр агаарын бохирдлыг бууруулахаар чармайдаг НИТХ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам байнга муу нэр зүүгээстэй. Мэдээж, мөнгөний мэдэл багатай тул бодлого танилцуулахаас хэтэрдэггүй. Харин санхүү, мөнгөн дээр суудаг бодлого тодорхойлогчид эдийн засгаас гадна байгаль орчин, нийгмийн асуудлуудын хувь заяаг шийдэж байгааг санууштай. Иймд мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх мэдлийг эдэлж буй бодлого тодорхойлогчид Монголын ирээдүйн төлөө зоримог алхам хийх хэрэгтэй байна.
Хэрэв Хятад улс үйлдвэрлэлээ сааруулж, эдийн засгийн өсөлтөө унагахаас айн, утааны эсрэг зоригтой хөдлөөгүй бол энэ улс өнөө хэр агаарын бохирдлоор Монголын өмнө тодорч байхаар байлаа.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин
Сэтгэгдэл (0)