Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлууллаа
- 2019-01-24
- Байгаль орчин
- 0
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн эхэнд хэлэлцэхээр байв. Гэсэн ч гишүүдийн болон Засгийн газрын зүгээс энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргаснаар санал хураалт явуулж хойшлуулах шийдвэр гаргалаа.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олборлож худалдсан эсхүл ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлдөг. Харин бичил уурхайгаас ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан байгууллагууд АМНАТ төлдөггүй. Тиймээс хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусгасан юм.
Түүнчлэн уг хуулийн “Монголбанк, арилжааны банканд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалт энэ оны нэгдүгээр сарын 1-нд дууссан юм. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү заалтын үр дүнд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өссөн байна. Тиймээс уг заалтыг дахин таван жилээр сунгахаар хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Бүлгээс энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн" гэсэн бол УИХ-ын гишүүн М.Билэгт салбарын сайдыг нь байлцуулж энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл (0)