"Эрдэнэс Монгол" ХХК уул уурхайн менежментээр бүс нутагтаа өрсөлдөнө
- 2019-01-29
- Эдийн засаг
- 0
Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК 2018 онд таван жилийн стратегиа шинэчлэн баталсан билээ. 2023 он хүртэл хэрэгжих энэхүү стратегийн үндсэн зорилго нь байгалийн нөөцийг үр ашигтайгаар олборлох, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалт, менежментийн компани болох юм.
Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварын гол суурь болсон Оюутолгой ордын 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Оюутолгой” болон нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит “Багануур”, “Шивээ-Овоо” хувьцаат компанийн толгой аж ахуйн нэгжийн хувьд “Эрдэнэс Монгол” ХХК нь олон улсад өрсөлдөх чадвар бүхий хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч компани болохоор алсын хараагаа тодорхойлов. Товчхондоо, “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна уул уурхай дагасан дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлж, хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.
Өнгөрсөн онд 269.6 тэрбум төгрөгийн орлого олов
2007 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” компани сүүлийн жилүүдэд үйл ажиллагаандаа олон улсын стандарт, туршлагад тулгуурласан бизнесийн ёс зүй, компанийн засаглалын ил тод зарчмыг баримталж ажиллаж байгааг тодотгох нь зүйн хэрэг байх. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Эрдэнэс Монгол” компани охин болон хараат компаниудынхаа үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж, ашигтай ажиллуулах, үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдлийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын систем бий болох бөгөөд ингэснээр гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж байгаа юм.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Монгол Улсын эдийн засагт үзүүлсэн хувь нэмэр тасралтгүй тэлсээр байгааг онцлохын зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын санхүүгийн зах зээлд хувьцаагаа арилжах хүртэл нь дэмжлэг туслалцаа үзүүлсээр байгааг дурдах хэрэгтэй. Тухайлбал, олон улсад менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон компани болох “McKinsey and Company”-тай 2010 оноос түншилж, олон улсын банк санхүүгийн байгууллага, хөрөнгийн биржээр дамжуулан дэлхийн зах зээлд хөрөнгө босгохтой холбоотой зөвлөмж боловсруулсан юм. Үүний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК IPO хийх бэлтгэл ажлаа үндсэндээ хангачихаад байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2016 онд 682.7 тэрбум, 2017 онд 1.4 их наяд, 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 269.6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллалаа. 2016 онд Монгол Улсын төсөвт 104.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн нь улсын татварын нийт орлогын 2.1 хувьтай тэнцсэн бол 2017 онд энэ үзүүлэлт 4.5 хувь болж нэмэгдсэн юм. Харин 2018 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ойролцоогоор 1 хувийг бүрдүүлэхээр байна. Зөвхөн ашиг олохын зэрэгцээ үйл ажиллагааны зардлыг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх гэх мэт бодлогын шинжтэй олон шийдвэрийн үр дүнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн цэвэр ашиг жил ирэх тусам нэмэгдэж ирсэн юм. Харин Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлснээр санхүүгийн үзүүлэлтүүд тодорхой хэмжээнд буурсан юм.
Багануур болон Шивээ-Овоогийн уурхайд техникийн шинэчлэл хийнэ
“Эрдэнэс Монгол” ХХК нь охин компаниуд болон хараат компаниудынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолоор “Багануур” болон “Шивээ-Овоо” ХК-ийн урт болон богино хугацаат өр төлбөрийг барагдуулах, уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг хүлээсэн бөгөөд энэ дагуу хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, уурхайнуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд техник технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий. Урьдчилсан тооцоогоор “Багануур” ХК-ийн техникийн шинэчлэл, уурхайн өргөтгөлийн төсөлд 178.5 сая ам.доллар хэрэгтэй бол “Шивээ-Овоо” ХК-ийн хувьд 120 сая ам.доллар шаардлагатай байгаа юм.
Иймд дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээс санхүүжүүлэхээр эрэлхийлж буй. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК олон улсын банк, санхүүгийн байгууллага, АНУ-ын ЭКСИМ банк, Канад улсын Экспортыг дэмжих агентлаг, БНХАУ-ын ЭКСИМ банк, Английн Экспортын санхүүжилтийн байгууллага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк зэрэг хөгжлийн түншүүдтэй хамран экспортын шугам нээхээр ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус улсын Олон улсын хамтын ажиллагааны банктай уулзалт хийж, Экспортын зээлийн шугам нээх төслийг Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр санал солилцсон. “Багануур” болон “Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, стратегийн ач холбогдлыг харгалзан үзэж, зээлийн нөхцөлийг нэн хөнгөлөлттэй болгохоор судалж байгаа юм. Иймд зээлийн хэлэлцээрт оруулан “Эрдэнэс Монгол” ХХК Японы Олон улсын хамтын ажиллагааны банктай шууд гэрээ байгуулан ажиллах асуудлыг УУХҮЯ-аар дэмжүүлэн Сангийн яамтай зөвшилцөж байна. Хэрэв зээлийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж чадвал шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, нийслэлчүүдийг эрчим хүчний нүүрсээр тасралтгүй хангаж ирсэн ууган уурхай болох Багануур болон Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайд техник технологийн шинэчлэл хийж, цаашид хэвийн, найдвартай үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
Харин дотоодын буюу Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр дээрх төслийг мөн хэрэгжүүлэх боломжит эх үүсвэрийн судалгааг хийж байна. Үүнээс гадна дээрх хоёр компанийн нэмэлт хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр арилжихаар төлөвлөж байна. Гэхдээ дотоодын зах зээл дээр IPO хийхээс өмнө төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг стратегийн чухал ач холбогдолтой “Багануур” болон “Шивээ-Овоо” ХК-ийн урт хугацаат өр төлбөрийг барагдуулах зайлшгүй шаардлага байгаа юм. Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-аас холбогдох яамдтай хамтран Ажлын хэсэг байгуулан ажиллаж, урт хугацаат өр төлбөрийг шийдвэрлэх санал, дүгнэлтийг боловсруулаад байна.
Дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ
Үүнээс гадна уул уурхай дагасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж буйг дээр дурдсан. Тодруулбал, нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Нүүрсний аж үйлдвэрийн салбарт метан хийг боловсруулах өртөг зардлыг бууруулах санаачилгуудыг хэрэгжүүлэх нь эдийн засаг, байгаль орчны ихээхэн ашиг тустай. Тухайлбал, уурхайн аюулгүй ажиллагаа сайжирч, бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэхийн зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарал багасч, ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Метан хий нь дулаан ялгаруулалтаараа нүүрснээс 2.5, шатахуунаас 1.2 дахин өндөр. Метан хийг ашиглаж эрчим хүч, дулаан үйлдвэрлэх нь нүүрс ашиглаж эрчим хүч үйлдвэрлэхээс зардлын хувьд хоёр дахин хямд байдаг. Мөн нэг сая шоо метр нүүрсний давхаргын метан хий 1300 тн сайн чанарын нүүрсийг хэмнэх боломж олгодгоороо давуу талтай. Шатдаг хийн салбарыг хөгжүүлэх нь дэлхийн дулаарал, түүний дотор манай улсын хот суурин газрын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах онцгой ач холбогдолтой. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс анх удаа нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах алхам болох юм.
Мөн стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн зах зээлийн нөхцөлд тогтвортой, эдийн засгийн эерэг эргэлттэй ажиллаж чадах кокс, хими, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлэх чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК болон “Бэрэн групп” хамтарч байна. Хамтын ажиллагааны хүрээнд жилд 500 мянган тонн хүртэл металлургийн кокс, химийн бүтээгдэхүүн, 300 мянган тонн ган төмөрлөг үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн хэмжээний цогцолбор үйлдвэр барьж байгуулна. Энэ төслийн эдийн засгийн анхан шатны тооцоо судалгаа хийх, төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм. Кокс, хими, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг байгуулснаар олон улсын металлургийн чанар, стандартын дагуу металлургийн кокс, бензол, аммиак, фенол, битумен, хүхрийн хүчил болон илүүдэл коксын хийгээр цахилгаан эсвэл шингэрүүлсэн хий, арматур, барилгын бусад ган төмөрлөг бүтээгдэхүүн, ган бөмбөлөг зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг бүрэн хангах боломжтой болно.
Эдгээрээс гадна уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг бодитой болгох замаар салбарыг хөгжүүлэх зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулахаар болсон. Уг бирж байгуулагдсанаар зөвхөн дотоодын эрдэс баялгийн үнийг зохистой болгоод зогсохгүй бүс нутгийн хэмжээнд уул уурхайн бүтээгдэхүүний худалдаанд оролцох боломж бүрдэх билээ.
Шинэ он гарсантай зэрэгцэн Засгийн газраас Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хариуцлагатай үүргийг “Эрдэнэс Монгол” компани хүлээсэн юм.
Байгалийн баялагтай орнууд Баялгийн сантай болохын төлөө хичээж байна. 2010 оноос 26 сан шинээр байгуулагдсан бол одоогийн байдлаар 24 улс Баялгийн сан байгуулахаар ажиллаж байгаа юм. Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай орнууд байгалийн баялгаас олсон ашиг шимийг төвлөрүүлж, хөгжлийн санхүүжилтийг босгодог юм. Улс төрөөс бүрэн хамааралтай манай улсын хувьд Баялгийн санг байгуулснаар уул уурхайн түүхий эдээс олсон орлогоо улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад зарцуулах боломж бүрдэнэ.
Норвеги, Хятад, Арабын нэгдсэн Эмират, Кувейт болон Хонконгийн Баялгийн сангийн хөрөнгө хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигдэж, ихэнх улс орон энэ жишгийн дагуу байгуулахаар туршлага судалж байна. Манай улс ч гэсэн үүний нэгэн адилаар Баялгийн сан байгуулахаар анхны алхмаа хийсэн бөгөөд бодит ажил хэрэг болгох үүргийг “Эрдэнэс Монгол” компани хүлээж байна.
Цаашид стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь айл бүрийн хаалгаар оруулах өргөн далайцтай ажилд Эрдэнэс Монголчууд эргэлт буцалтгүй орж ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)