Их найрагчийг Баян-Өнжүүлд нь өлгийдлөө

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, зохиолч, УИХ-ын гишүүн асан, МЗЭ-ийн дарга, Соёл урлагийн газрын болоод Улсын хүүхэлдэйн театрын дарга явсан, өглөө оройгүй тамхи зуунгаа шүлэг зохиолоо туурвиж суусан Их найрагч Бавуугийн Лхагвасүрэн эх нутгийнхаа чулуу, шороо харшилдсан, цэцэг-өвс хосолсон, үхрийн өнжмөл аргалтай, адууны хөх хомоолтой, хоолойд агь тааны үнэр цоргисон, байдуу мянган уулс-толгод тойрсон /дэргэд нь нэрийг хэлж болдоггүй/ Их Зоргол хайрхныхаа ар шил дээр налайх Баян Өнжүүлийн намаржаа гэж газар мөнхөд нойрслоо.

Нутгийн өвгөд хуучлахыг сонсвоос, Ойрд Баян Өнжүүл чимээгүй дүнсгэр оргиод байсан чинь их найрагч хүү эргэж ирээд дуу шуу оруулчихлаа. Одоо манай нутаг олны хөл тасрахгүй болох нь. Сайхан найрагч хүүтэй нутаг минь дүүрээд ирлээ дээ гэлцэв. Нээрэн ч сэтгэл маань бас дүүрээд ирэх шиг болсон. Уг нь уй гашуудлын цагаар сэтгэл өмөрч дутахын дээдээр дутах шиг болдог. Харин энэ удаа их найрагч-их багшаа үгүйлэн санахаар сэтгэл дутах юмгүй дүүрээд ирвэй. Энэ бол нэгийг хэлж, нөгөөг шивнэх мэт ээ.

Яруу найрагчийг Төрөлх газар шороонд нь шингээн өлгийдөхүй дор хөшөө чулууны нөмрөөг хуулахуй /хуйлахуй/-д

"Би- цаг тооны үргэлжлэл

Цагаан сүүний ургамал" гэх сийлээстэй үг нүднээ дурайв. Энэ үг зөвхөн нүднээ ч бус зүрхнээ мөнхөд сийлэгдэв. Оршуулах ёслолд оролцсон хүн бүхний зүрхэнд энэ үг сийлэгдээ биз ээ.

Ер нь ч Монголын яруу найргийн оройн чимэг болсон үг л дээ.

Мөнх бухын хорвоод мөнхрөхийн увдистай л үг дээ.

Өглөөний ургах нарнаар гарч 200 илүү км газар туулж яг их үд голлох цагаар түүнийг эх нутгийнх нь хэвлийд оршоолоо. Буцсаар бидэн нар жаргах цагаар их хотдоо ирлээ. Их найрагч уг нь алдар цолоороо Алтан өлгийд оршиж болох л байлаа. Гэвч их хотын шуугиан, хар утаанаас хол, ажин түжин анир гүм, амар амгалан хөдөөх намаржаа бууцнаа тайван нойрсохоор гэрээсэлжээ. Тун ухаалаг шийдэл буйзаа.

Багшийн зэд буяны дунд 2019 ондоо нэмэлт кино тууж болон нэжгээд шүлэгс бүхий "Хүнд манан" ном нь ч олон хүний гарыг цайрууллаа.

Номын буян нь мөнхөд оршиг!

Байдуу мянган Уул чинь бараалж Таныг тойрно. Боржгоны бор тал чинь хараалж Таныг өлгийднө!

Мөнх хөх тэнгэр чинь нөмөрч Таныг хайрлана. Мөнх бусын дууг эх нутгийн салхи чинь шивнэнгээ илбэж Таныг таална!

Бог малын туруу төдий цасан Таныгаа ариулж, газрын хээлэнд шингэж Таны цангааг тайлна! Аяа Монгол эх орны минь ээлтэй энгэр Баян Өнжүүлийн Намаржаа байнга Таныг дайлна!

Онцгой содон Их найрагч Таныг хүндлэх олны хөл тасрахгүй! Найрагч Таны хөшөө тийш зорих замд хөсрий өвс ургахгүй!

Хөдөө тийш зорчих бор шороон зам балрахгүй ээ!

Таны тухай бичих миний үгс бас дуусахгүй ээ! Дурсах юм ихтэй үлдээсэн шүү Та!

Ард түмэндээ ч ярих, яригдах юмтай шүү Та... Боржгоны бор тал, бор намаржаа чинь танаар баярхлаа...Ижийтэй хүн баян гэж та хэлсэн. Эх нутагтай хүн баян юм байна. Танаар нутаг чинь баярхлаа...бас баярлалаа... Энх мөнх Та минь Эх орондоо тайван нойрс доо...

2019.02.11...12-13 цагун дору...Төв аймгийн Баян Өнжүүлийн Намаржаа бууцнаа...

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Tsogt (66.181.170.229)

    2019-02-12

    УМ МА НИ БАД МИ ХУМ. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ