Жилийн борлуулалтын орлого 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авна
- 2019-02-19
- Эдийн засаг
- 0
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хуулийн шинэчлэлийн талаарх танилцуулгыг хийлээ. Тэрбээр, “Сангийн яамнаас татварын шинэчлэлийг 5 үндсэн зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж, хуулийн төслийг боловсруулсан. Татварын шинэчлэлийн нэг гол зорилт нь татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах учраас 2019 оныг Сангийн яамнаас гааль, татварын шинэчлэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдэд дарамт шахалт үзүүлдэг биш тайлбарладаг, ойлгуулдаг, харилцан ойлголцож асуудлаа шийддэг байгууллага болгохын тулд ажиллаж байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 6,9 хувь хүрч, төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелэсэн. Макро эдийн засаг, нийгмийн хөгжил өсөлтийг дагаад татварын орчин өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой. Тиймээс эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгж, иргэдэд татварын таатай орчин бүрдэнэ гэж үзэж байна” гэв.
Улсын хэмжээнд татвар төлөгч 191 мянган аж ахуйн нэгж байгаагааас 95,9 хувийг бичил, жижиг аж ахуйн нэгж эзэлдэг байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд эдгээр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт бизнесийн орчныг дэмжих аж. Тодруулбал, Жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авдаг болох юм байна. Мөн илүү төлсөн татварыг буцаан олгодог болох зохицуулалт ч байгаа юм. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар илүү төлсөн татварыг өөр төрлийн, эсхүл ирээдүйд төлөх татварт суутгадаг байдлыг өөрчлөх аж.
Сэтгэгдэл (0)