Д.Тогтохсүрэн: Засаг дарга нарыг иргэдийн төлөөлөгчдийн барьцаанаас гаргах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Ирэх сарын эхээр ээлжит бус чуулган зарлах хүлээлттэй байна. Энэ чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ, бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?

-УИХ-ын хаврын чуулган завсарлахаар УИХ-ын гишүүд дотоод томилолт буюу тойрогтоо ажилладаг. Үүний дагуу манай бүлгийн 64 гишүүний дөчөөд нь тойрогтоо ажиллаж байна. Ганц нэг нь гадаад томилолттой байгаа. Ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй гэж бид үзэж байгаа. Учир нь, намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй болон зайлшгүй хэлэлцэх шаардлагатай тулгамдсан асуудал цөөнгүй бий. Тиймээс ирэх сарын 10-ны орчимд ээлжит бус чуулганыг хуралдуулна гэсэн чигтэй байна. Энэ чуулганы онцлог нь бэлэн болсон асуудпыг хэлэлцдэг. Тиймээс Татварын багц хууль болон Тендерийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд олон улсын байгууллагаар судалгаа хийлгэсэн. Энэ талаар ч хэлэлцүүлсэн. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүллээ. Эдгээр хэлэлцүүлгийн явцад гарсан саналыг хуулийн төсөлд тусгаж бэлэн болгосноор УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах юм.

-Таны хувьд тойрогтоо ажиллаж амжив уу?

-Ээлжит бус чуулган зарлахаас өмнө буюу ирэх сарын 3-9-нийг хүртэл тойрогтоо ажиллахаар төлөвлөж байна. Миний хувьд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг санаачилсан, энэ хууль дээр ид ажиллаж байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэхэд үндсэндээ бэлэн болсон. Бид ирэх сарын 10-ны орчимд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авснаар хаврын чуулганаас өмнө УИХ-д өргөн барина.

-Энэ хуульд оруулж буй гол өөрчлөлт нь юу байна вэ?

-Хуульд гурван чиглэлээр өөрчлөлт оруулах юм. Нэгдүгээрт, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах чиглэлээр хэд хэдэн зүйлийг нэмж оруулна. Ингэхдээ санхүүгийн болон боловсон хүчин, хүний нөөцийн төвлөрлийг сааруулах. Хоёрдугаарт, орон нутагт асуудал болоод буй лиценз олголтыг багасгах чиглэлд анхаарч байна. Хуулийг процессын шинжтэй, хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байдлаар өөрчилнө. Гуравдугаарт, орон нутгийн удирдлагууд санаачилга гаргаж ажиллах боломжийг хуулиар олгоно. Засаг захиргааны тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох том хууль. Монгол Улсын 21 аймаг 330 сум, 1600 гаруй баг хорооны удирдлагын үйл ажиллагааг зохицуулдаг гол хууль учраас өргөн хүрээнд ажиллаж байна. Өнгөрсөн онд Швейцарын хөгжлийн агентлагтай хамтраад сүүлийн 26 жилд энэ хуулийн хэрэгжилт ямар байсан талаар үнэлгээ хийсэн. Одоо хуулийн төслийг боловсруулж, санал авахаар ажиллаж байна. Өнгөрсөн сарын 15-нд орон нутгийнхан болон энэ чиглэлийн эрдэмтэн судлаачдыг оролцуулсан улсын хэмжээний чуулганыг зохион байгуулсан. Ингээд эцэст нь нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулснаар өргөн барина.

-Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэхээр товлосон ч амжаагүй. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан. Таны хувьд орон нутагтай холбоотой хэсгийг ахалж байгаа. Хэрвээ хэлэлцэж амжихгүй бол бүх сонгуулийг нэг хуулиар явуулна гэж ойлгож болох уу? 

-Энэ удаагийн өөрчлөлтийн гол цөм нь сонгуулийн гурван хуультай болох асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь буюу 2012-2016 оны парламент гурван тусдаа хуулиар сонгуулийг зохион байгуулдаг байсныг нэг хуультай болгочихсон юм. Үүнийг эргэж сэргээнэ. Ингэснээр УИХ, Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийг тусад нь явуулна гэсэн үг. Энэ тухайд өнгөрсөн оны төгсгөлд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн бүх намыг оролцуулсан томоохон хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулсан. Улс төрийн намуудын зүгээс гурван тусдаа хуультай байх нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн. Энэ өөрчлөлтийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Бэлэн болсон учраас амжихгүй гэдэг ойлголт байхгүй байх, чуулган эхпэнгүүт шууд хэлэлцэж таарна. Өмнөх парламентын үед сонгууль зургаадугаар сард болох гэж байхад өмнөхөн нь буюу дөрөвдүгээр сард Сонгуулийн хуулийг өөрчилчихсөн. Гэтэл олон улсад барьдаг үндсэн зарчим, манай улсын Сонгуулийн хуулийн үндсэн концепц ч гэсэн сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулахыг хориглодог хэвээрээ байгаа. Тийм учраас энэ ондоо багтаагаад Сонгуулийн хуулиа өөрчилчих болов уу гэж харж байгаа. Мөн Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Хуульд улс төрийн намыг хариуцлагажуулах чиглэлд гол өөрчлөлтийг хийх юм. Хоёрдугаарт, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгоно. Гуравдугаарт, улс төрийн намын дотоод дахь зарим асуудлыг хуульд тодорхой тусгаж өгөхгүй бол хэн нэгний хувийн өмч, компани шиг болчихсон нам зөндөө байна шүү дээ. Олон талын санал, оролцооны үндсэн дээр хуулийг боловсруулах учраас хараахан бэлэн болоогүй байна. Гэхдээ хаврын чуулганаар хэлэлцээд баталчих болов уу гэж харж байна. Энэ мэт тулгамдсан хэдэн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж батална.

-Хаврын чуулганы хамгийн том хүлээлт нь Үндсэн хуулийн өөрчлөлт болж байна. Баталж амжих эсэхэд та хэр итгэл үнзмшилтэй байна вэ?

-Үндсэн хуулийг уг нь хэлэлцээд баталчихмаар байгаа юм. 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-ын даргын захирамжаар 26 хүний бүрэлдэхүүнтэй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судпах, дүгнэлт гаргах, санал боловсруулах ажлын хэсгийг Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулаад хоёр жил гаруйн хугацаанд ажиллалаа. Энэ хооронд хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулж, ард нийтээс санал асуулаа. Хамгийн сүүлд нь Засгийн газар болон ҮАБЗ, ШЕЗ зэрэг зургаан байгууллагаас санал авсан. УИХ-ын 76 гишүүний 63 нь энэ хуулийн төслийг дэмжиж байна гээд гарын үсэг зурчихсан. Ингэснээр одоо байгаа Үндсэн хуулийнхаа 20 орчим хувьд өөрчлөлт, тодотгол хийхээр төслөө бэлдчихсэн буюу хэлэлцэхэд бэлэн болсон.

-Дордуулсан гэх долоон өөрчлөлтийг энэ удаад хөндөх үү?

-Энэ тухайд зарчмын хэд хэдэн өөрчлөлт бий. Нэгдүгээрт, УИХ-ын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, хариуцлагажуулах чиглэлд өөрчлөлт оруулна. Дордуулсан гэх долоон өөрчлөлтөд орсон зарим заалтыг буцаана. Гэхдээ ард нийтээр хэлэлцүүлнэ, улс төрийн намуудаас санал авна. Үндсэн хуулийн асуудлыг тийм хурдан шийдчихгүй. Тийм учраас энэ оны турш л Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг ярих болов уу гэж бодож байна. Энэ хуулийг өөрчилж батлахад нэлээд зөвшилцөөн, харилцан ойлголцлын хүрээнд ярилцах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

-Хэрвээ Үндсэн хуулийг хэлэлцэхээр бол арай өөр дэгээр хэлэлцдэг шүү дээ. Тэгэхээр хаврын чуулганаар төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж амжих уу?

-Хэрвээ Үндсэн хуулийг хэлэлцээд эхэлчихвэл нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн дундуур өөр ямар ч асуудал хэлэлцдэггүй. Гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө ард нийтийн санал асуулга явуулж болно. Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэх асуудлаар санал асууна гэсэн үг. Үүний дараагаар дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийнэ. Хаврын чуулганы дундуур хэлэлцэж болно. Бусад асуудлаа түр хугацаанд зогсоож байгаад Үндсэн хуулиа эцэслэнэ. Үүний дараа хаврын чуулганы хэлэлцэх асуудлаа үргэлжлүүлэхэд болохгүй зүйлгүй. Гэхдээ Үндсэн хуулийг хэрхэн хэлэлцэх тухайд УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд санал оруулж ирдэг.

-Үндсэн хуулийг хэлэлцэх тухайд ойлголцол хамгийн чухал. Тийм ч учраас улс төрийн намуудтай тодорхой түвшинд ойлголцсон гэж үзээд хэлэлцүүлэхээр зэхэж байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон удаагийн хурал зөвлөгөөнийг зохион байгууллаа. Улс төрийн намууд төдийгүй эрдэмтэн судпаач болон Ардын их хурлын депутатуудын хүрээнд ч ярилцаж хэлэлцсэн. Энэ явцад ойлголцохгүй байсан зарим нэг асуудлыг нэг тийш болгосон.

-Үндсэн хуулийг өөрчлөх хүрээнд ямар заалтыг нэмж, шинэчлэхээр бэлдэж байна вэ. Энэ хуулийн өөрчлөлттэй зэрэгцээд эрх баригчид өөрсдөдөө ашигтай байж болох зарим заалтыг шургуулчихвий гэх хардлага гараад байдаг шүү дээ. Энэ тухайд та ямар тайлбар өгөх вэ?

-Одоогийн яриад байгаа  асуудлын хүрээнд бус хэлэлцүүлгийн явцад өөр асуудал хөндчихвий гэх болгоомжлол өрнөдөг. Үндсэн хуулийн өөрчлөлтөд багтаасан нийт  гишүүдийн гуравны нэг нь л давхар дээлтэй байх. Одоогийн байдлаар УИХ нэг чуулганы хугацаанд 50 хоног хуралдаж буйг 75 болгож нэмэгдүүлэх, шүүхийн байгууллагыг хараат бус байдлаас гаргаж, хариуцлагажуулах, орон нутгийг  бие даалгах. Ингэхдээ аймаг, сумын Засаг даргыг иргэдээс сонгодог ос болох зэрэг өөрчлөлтийг хийхээр  төлөвлөж байна. Олон нийтийн  зүгээс эдгээр өөрчлөлтийг дэмжиж байгаа. Гагцхүү хэлэлцүүлгийн явцад өөр асуудал оруулж ирээд хутгачихвий гэж болгоомжлоод байдаг. Ажлын хэсэгт багтсан хүний  хувиар хариуцлагатай хэлэхэд тийм  зүйл байхгүй.

-Шийдлээ хүлээсэн олон чухал хуулийг өөрчлөхөөр оруулж ирээд байгаа. Сонгуулийн юу юугүй эхлэх гэж байгаа учраас “Ардын нам эрх барьж байх хугацаандаа өөрсдөдөө давуу байдал үүсгэх нь” гэж хардаад байх шиг?

-Таны хэлсэнчлэн сонгуулийн жил гарах гэж байгаа учраас ямар хууль, зохион байгуулалтаар сонгуулиа явуулахыг тодорхой болгох нь зайлшгүй асуудал. Гурван өөр дэг, зохион байгуулалтаар явуулж ирсэн хуулийг нэг болгоод базчихаар зарчмын зөрүүтэй цөөнгүй асуудал үүсээд байгаа юм. Тиймээс процессын хувьд цэгцлэх шаардлага үүссэн. Ганцхан жишээ татахад, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах гэтэл төрийн албан хаагч өрсөлдөж болох эсэх талаар зохицуулсан өөрчлөлтийг тусгаагүй учраас хойшлуулж байна. Энэ мэт амьдрал дээрх асуудлыг шийдэж чадахгүй байгаа учраас өөрчлөхөөс аргагүй. Улс төрийн намын тухай хуулийн хувьд намуудыг хариуцлагажуулж, санхүүжилтийг нь ил тод болгохгүй бол хэцүү болчихлоо. Ярьж явсаар цаг хугацаа нь ингэж л таарч байгаа юм. Чухал гэж нэрлээд байгаагийн нэг нь мэдээж Үндсэн хууль. Дээр хэлсэнчлэн энэ хуулийг олон шат дамжлагаар оруулж байж эцэслэдэг. Ард нийтээс санал асуудаг учраас иргэдийн олонх хүлээн зөвшөөрөхгүй бол заавал өөрчилнө гэхгүй. Тэгээд ч УИХ-аар санал хураалт явуулахад 76 гишүүний 57 нь дэмжиж байж баталдаг маш өндөр босготой хууль шүү дээ. Тэгээд ч нэг нам олонх байгаа үед энэ асуудлыг ярихгүй бол бусад үед явахгүй. Ямар ч цаг үед сөрөг хүчин энэ хуулийг өөрчлөхийн эсрэг байдаг. Гэтэл Үндсэн хуулийн хүрээнд шийдчихмээр асуудал дүүрэн байна. Ойрын үед болж буй бодит жишээ гэхэд нийслэл, аймаг, сум ялгаагүй Засаг дарга нь иргэдийн хурлаас сонгогдсон хэдэн төлөөлөгчийн барьцаанд байгаа нь нууц биш. Цаашлаад газар, лиценз зөвшөөрөл олгох болоход эргээд л өнөөх хэдэн төлөөлөгчөө тойглох болдог. Засаг дарга үндсэн ажлаа хийхээс илүү хэдэн төлөөлөгчөө тойглож байж ажил нь явдаг болчихсон. Гэтэл сум, аймаг, нийслэлийг удирдаад явах чинээний чадвар, чансаатай хүмүүс зөндөө байна. Тэднийг сонгоё гэхээр хууль эрх зүйн орчин байдаггүй.

-Та хотын даргыг сонгох асуудлын талаар л яриад байна, тийм үү?

-Ерөнхий сайд хүртэл ярьж байна шүү дээ. “Гаднаас чадал, чадвартай хүн томилчихъё гэхээр хүлээж авахгүй байна” гэж. Хэдэн төлөөлөгч нь бид хотын даргыг дотроосоо сонгоно гээд суучихсан. Гаргаж ирж байгаа хүн нь сая гаруй хүнтэй нийслэлийг удирдаад явах чинээний мэдлэг боловсрол, туршлага дутагддаг. Энэ бүхэн чинь цаанаа Үндсэн хуулийн асуудалтай очиж тулаад байгаа байхгүй юу. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийнхээ саналын үндсэн дээр шийдэх ёстой гэж хэлэх байна.

-Хотын даргад заалнаас нэр дэвшиж өрсөлдөн олонхын санал авсан С.Мөнхчулууныг намаас түдгэлзүүлчихлээ. Энэ тухайд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Гишүүнийг хөөх тухайд маш болгоомжтой хандах ёстой гэж үздэг. Хяналтын ерөнхий хороо өөрөө бие дааж үйл ажиллагаа явуулах, УИХ-ын гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Намын Их хурал болоход гурван байгууллагаас төлөөлөл сонгодог. Намын дарга, Бага хурал, Хяналтын ерөнхий хорооноос. Тэгэхээр Хяналтын ерөнхий хороо намын дарга болон Бага хуралтай ижил түвшний эрх хэмжээтэй юм.

-Түдгэлзүүлсэн ч эргээд холбогдох намын хороогоор дамжуулаад эрхийг нь сэргээх боломжтой гэж ойлгосон, зөв үү?

-Тэгэлгүй яахав. Түдгэлзүүлнэ гэхээр мэдээж түр хугацаанд намаас гарсанд тооцоод эргээд эрхийг нь сэргээнэ гэсэн үг шүү дээ.

-Эрх баригч намын бүлгийн эв нэгдэл хэр байна вэ. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хэдэн тийшээ хараад суучихсан, хурал чуулганаа ирцээр бойкотолсон байдалтай байсан учраас асууж байгаа юм. Хаврын чуулган эхлэхэд байнгын хороо, чуулганы хуралдаан хэвийн үргэлжилж чадах уу?

-Бүлгийн даргын хувьд хэлэхэд эв нэгдэл хангагдсан. Хаврын чуулганы хугацаанд өнгөрсөн хугацааных шиг асуудал үүсэхгүй учраас хурал чуулган тасалдахгүй. Гэхдээ мэдээж хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүдийн байр суурь зөрүүтэй байхыг үгүйсгэхгүй. Одоо бид хурдтай ажиллах зайлшгүй шаардлага байна. Учир нь, ганцхан жилийн дараа сонгууль болно. Үүнээс наана шийдэх асуудал маш олон байна шүү дээ. Хамгийн гол нь нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлээр УИХ-аас багагүй ажил хийх хэрэгтэй. Энэ чиглэлэзр Засгийн газраас цөөнгүй хуулийг өргөн барих гэж байгаа. Тухайлбал, стратегийн ордууд болон лицензтэй холбоотойгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага бий. Цаашлаад Баялгийн сан байгуулах, үүнийг Засгийн газраас хараат бус байлгах шаардлагатай байна. Баялгийн үнэ нэмэгдэхэд орлого нь энэ сан руу ордог байх хэрэгтэй. Манай улсад одоогийн байдлаар Төсвийн тогтвортой байдлын болон Ирээдүйн өв сан гэж бий. Энэ хоёрт баялгийн мөнгө трвлөрч байгаа бөгөөд одоогоор 800-900 орчим тэрбум төгрөг хуримтлагдаад байна. Энэ мөнгийг Баялгийн санд оруулаад тэндээс иргэддээ тэгш хүртээх чиглэл рүү орох хэрэгтэй байгаа юм. Улмаар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой алхам хийх хэрэгтэй учраас хаврын чуулганыг идэвхтэй хуралдуулах шаардлагатай. Энэ ч утгаараа нэлээд олон асуудлыг шийдэх болов уу гэж бодож байна.

-Таны ярьж байгаагаас үзэхэд ганцхан чуулганы хугацаанд хэлэлцэхэд хэтэрхий олон асуудал байх шиг. Зунаас чуулганыг сунгаж магадгүй юм байна гэж ойлголоо?

-Төлөвлөсөн бүх асуудлаа хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй байх магадлалтай учраас наана нь ээлжит бус чуулган зарлах гээд байгаа юм.

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.170.229)

    2019-02-25

    Мөн төрийн захиргааны болон улс төрийн албан тушаалтануудыг 60 нас хүртэл ажиллуулдаг байдлыг харж үзэх хэрэгтэй. Төрийн байгууллагад 30 жил ажилласан бол Тэтгэвэр тогтоолгоход олгодог тэтгэмжийг нь урдчилан олгоод цаашид ажиллах эсэх эрхийг нээлттэй үлдээвэл зүгээр гэж бодож байна.

  • Зочин (66.181.170.229)

    2019-02-25

    Гарчигийг нь уншаад гайхаж байна.Одоогийн байдлаар амьдрал дээр Засаг дарга ИТХ -ын барьцаанд бус ИТХ -ын төлөөлөгчид нам нэртэй засаг дарга намын дарга нарын барцаанд байгаа шүү.ИТХурал өөрөө хязгаарлагдмал эрх мэдэлтэй билэгдэлийн чанартай болоод удаж байгаа шүү дээ. Сум жижиг учраас одоогийн тогтолцоогоор явбал зарим сум цөөн гэр бүлийн хүрээний нэгж болох болно. Цаашид ИТХ-д Газар байгаль орчин чиглэлийн ажил хариуцуулаад Засаг даргыг дээд шатны засаг дарга Төрийн албаны зөвлөлийн саналд үндэслэн томилдог болох хэрэгтэй гэж үзэж байна