УУХҮЯ-аас "Эко алтан заамар" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн гэв
- 2019-03-16
- Байгаль орчин
- 0
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Эко-Алтан Заамар" ХХК-ийн ил уурхайд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:20 цаг орчимд нуранги үүсч хоёр техник, зургаан иргэн дарагдсан ноцтой осол гарсан. Ослоос хоёр хүнийг эсэн мэнд аварч чадсан ч дөрвөн хүнийг нь аварч чадаагүй юм.
Онцгой байдлын Ерөнхий газрын албан хаагчид ес хоногийн турш хүнд нөхцөлд ажиллаж, осолдсон дөрвөн иргэний цогцсыг гарган авсан. Тодруулбал, гуравдугаар сарын 1-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19.04 цагт нэг иргэний цогцсыг, 3-ны өдрийн 13.32 цагт дахин нэг иргэний цогцсыг, 6-ны өдрийн 12.55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан юм. 9-ний өдрийн 08.56 цагт дөрөв дэх иргэний цогцсыг гаргасан байдаг.
Тэгвэл дөрвөн хүний аминд хүрсэн "ЭКО АЛТАН ЗААМАР" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах болсон талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ.
Тэрбээр "ЭКО АЛТАН ЗААМАР" компанитай холбоотой дөрвөн хүн нас барсан эмгэнэлтэй явдал болсон. Салбарын сайдын хувьд ийм осол аваар гарсанд маш их эмзэглэж байгаа. Одоо газар гэсч байна. Уул уурхайн буруу төлөвлөлт, мэргэжлийн бус хүмүүс өнөөдөр мэргэжлийн инженерүүдийн үгийг сонсохгүй дархан эрхтэй эздийн гайгаар өнөөдөр хүний амь нас эрсдэж байна. Зөвхөн олзны хойноос буюу сорчилж орж байгаагийн гайг өнөөдөр хүний амь насаар төлж байна. Тиймээс ЭКО АЛТАН ЗААМАР-ын тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой.
Шийдвэр чиглэлүүдийг өгсөн байгаа. ЭКО АЛТАН ЗААМАР тэнд үйл ажиллагаа явуулбал бүх лицензийг нь цуцална гэсэн үүрэг өгсөн. Хүний амь эрсэдсэний дараа хариуцлага ярих биш өмнө нь мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг сонсож, тухайн ААН-үүд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс, төлөвлөлт хийж байгаа инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсохгүй, зөвхөн олзны хойноос сорчилсон байдлаар ажиллаж байгаагийн хар гай өнөөдөр гарч байна. Тиймээс хүний амь эрсэдсэн явдалд тухайн ААН хариуцлагаа хүлээх ёстой. УУХЯ-наас тусгай зөвшөөрлийг нь цуцлах чиглэлээ өгсөн. Цуцлах болно. Одоо МХЕГ-аас дүгнэлтээ оруулаад ирвэл УУХҮ-наас "ЭКО АЛТАН ЗААМАР"-ын тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн байна.
Осол гарахаас нэг хоногийн өмнө БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "ЭКО АЛТАН ЗААМАР"-тай холбоотой асуудалтай танилцаад зарим лицензийг нь цуцлах саналаа оруулж байсан. Даанч харамсалтай нь би 28-нд айлчлалаар явж байсан. Гэтэл ийм харамсалтай осол гарчихсан байна лээ" гэв.
Сэтгэгдэл (0)