20 мянгаар ааруул худалдан авдаг 60 сая малтай Монгол
- 2019-03-19
- Эдийн засаг
- 1
Сүүлийн 20-иод жилд монголчуудын цагаан идээний хэрэглээ 40 хувиар буурчээ
Хүү маань аарууланд их дуртай. Тэгэхдээ зөөлөн, чихэртэйг биш, хатуу, исгэлэнг нь л иднэ гэнэ. Саяхан хүүдээ ааруул авч өгөхөөр гэрийнхээ хажуугийн захыг зорив. Үнэ нь талийгаад өгчээ. Ерөнхийдөө 15-25 мянгын хооронд хэлбэлзэж байна. Тос даасан сайхан ааруул байхаар нь ганц ширхэгийг автал хоёр мянга гараад явчихав. Жаахан байхад даавуун ууттай л хөглөрдөг байсан ааруул ийнхүү тансаг хэрэглээ болох цаг ирдэг л юм байна. Чихэр биш ааруул нэхэж буй хүүгээ хараад баярлахын зэрэгцээ тэнгэрт тулсан үнээр зарж буйд нь бухимдал төрнө. Гэтэл ганц хотод биш, хөдөөд ч ааруул, цагаан идээ нүдний гэм болж, үнэ нь хаджээ. Өвөрхангайгаас наашлах хамаатныхаа хүнд ааруул захитал “Аймгийн төвд ааруул олдохоо больсоон. Саяхан нэг кг нь 25 мянга хүрсэн байна лээ” гэх итгэмээргүй хариулт өгөв.
Мөн МОНЦАМЭ-гийн саяхны нэгэн мэдээнд Ховд аймагт ааруул, цагаан идээ үнэд орж, олдоц нь муудсан тухай гарсан байв.
Тэнд бичсэнээр бол ааруул кг нь 15 мянга, зөөхий 16 мянган төгрөг болж нэмэгдээд байгаа аж. Ааруул, цагаан идээ аймгийн төвүүдэд ийн үнэд орж байхад хотын мань мэт нь өндөр үнээр худалдаж авахаас ч аргагүй юм даа.
Уг нь Монгол чинь мал аж ахуйн орон гэж гайхуулдаг биз дээ. Таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн гээд л дуулдаг улс. Монголын нэг иргэнд 20 толгой мал ногдож байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт. Гэтэл цагаан идээгээ, идэх махаа толгой эргэм өндөр үнээр худалдан авч буй нь эмгэнэл гэлтэй. 60 сая малтай монголчууд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээр дэлхийн дунджаас дөрөв дахин бага гэсэн статистик бий. Монгол хүн жилд дунджаар 28 литр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг бол Европт энэ тоо 130-180 литр байдаг.
Уг нь нэг үеэ бодвол сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлвэрүүд сэргэж, томорч байгаа. Энэ хэрээр импортыг халах дотоодын бүтээгдэхүүний орон зай тэлсээр байгаа. Гэхдээ баярлахад эрт.
ХХААХҮЯ-ны мэдээллээс харвал өдгөө Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 235 үйлдвэр, цех, 72 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1238 хүн ажиллаж байна. Гэтэл эдгээр үйлдвэр хүчин чадлынхаа ердөө 8-10 хувийг л ашигладаг аж. Энэ нь орон нутагт сүү бэлтгэлийн тогтолцоо бүрдээгүй, улирлын хамааралтай, орон нутагт ажиллах хүний нөөц хүрэлцээгүй, сүүний үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөөр дутмаг гээд олон шалтгаантайг мэргэжилтнүүд тайлбарласан юм.
Одоо эргээд харахад социализмын үед бүх зүйл элбэг дэлбэг байгаагүй ч ядаж мах, цагаан идээгээр тасардаггүй байж. Үнэ нь ч хямдхан. Монгол маслоор улсаа хангачихдаг байлаа. Ааруул, тос хаа сайгүй. Ургац хураалтаар хүртэл дотоодын хэрэгцээгээ хангачихдаг байв. Харин зах зээлийн нийгэмд хөл тавьж, бүх зүйл хувьд шилжсэний дараа газар тариалангийн салбар үндсэндээ сөнөх дөхсөн. Гэхдээ сүүлд Атрын гуравдугаар аян өрнүүлсний хүчинд идэх гурилаа бусдаас царайчлахааргүй хэмжээнд хүрээд байна. Тэгвэл одоо сүү, цагаан идээгээ элбэг болгоход яг ийм үндэсний хэмжээний аян, ийм зохицуулалт хэрэгтэй байна. Үгүй бол хэдэн малчдын ахуйн хэрэгцээндээ хийсэн цагаан идээгээр улсын нийт хүн амыг хангана гэдэг угаасаа боломжгүй. Ядаж байхад ченжүүд дундуур нь орж, үнийн хөөс үүсгэдэг болохыг малчид учирладаг. Тиймээс сүү, сүүн бүтээгдэхүүний том үйлдвэрүүдээ бодлогоор дэмжиж, үнэ хямд, чанартай бүтээгдэхүүнээр иргэдээ хангахад анхаарах цаг болжээ.
Бид энэ салбарыг зөнд нь орхиод ямар үр дүнд хүрэв. Хүүхдэд хамгийн хэрэгтэй гэгддэг ааруул нь олдохоо болилоо. Олдсон ч тэнгэрт тулсан үнэтэй болохоор эцэг эхчүүд ааруулны оронд хүүхдийн шүд өвтгөсөн элдэв чихэр, шоколад авч өгөхөд хүрч байна.
Сүүний үйлдвэрүүд хүчин чадлынхаа 8-10 хувийг л ашигладаг
Гаалийн ерөнхий газрын 2012-2017 оны мэдээгээр монголчууд жилд дунджаар 21.3 сая ам.долларын үнэ бүхий 10.6 мянган тонн хатуу чихэр, чихэр орлуулагчаар хийсэн амттаныг импортоор авч хэрэглэжээ.
Өнгөрсөн жил төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Сүүлийн 20-иод жилд монголчуудын чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ 2-3 дахин нэмэгдэж сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан” гэх мэдээллийг өгч байв.
Цагаан идээ идэхээ больж, чихрийн хэрэглээгээ нэмэгдүүлсний үр дүнд хүүхдүүд бүгд шүдний өвчлөлтэй болоод дууслаа. Бидний аав ээж, эмээ өвөөгийн үед шүд өвдөхийн зовлонг бараг мэддэггүй байсан гэдэг. Сайхан яралзсан цагаан шүдтэй хүмүүс байсан гээд л хуучилдаг сан.
- Зөвхөн хотод биш, хөдөөд ч ааруул, цагаан идээ нүдний гэм болж, үнэ нь хаджээ.
- Мал аж ахуйн орон гээд байгаа хэрнээ үхрийн мах кг нь 12-15 мянган төгрөг болчихоод байна. Бараг л Австралиас ихэнх махаа импортолдог япончуудтай адилхан үнээр махаа зооглоод байгаа хэрэг.
- Сүү, цагаан идээгээ элбэг болгоход үндэсний хэмжээний аян, төрийн зохицуулалт хэрэгтэй байна.
Өнөөдөр улсын хэмжээнд бага насны хүүхдийн шүдний өвчлөл 86-96 хувьтай байгааг албаныхан хэлж байна. Улсаараа сандраад л “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдүүдийнхээ шүдийг эмчилнэ гэв. Үнэнийг хэлэхэд Улаанбаатар хотод шүдний эмнэлэг шиг элбэг зүйл алга. Байрны булан тохой бүрт шүдний эмнэлэг байгуулах нь холгүй болж. Энэ эмнэлгүүдэд үйлчлүүлэгч ирээд, ашигтай байгаа болохоор л дампуурчилгүй ажилласаар байгаа нь хэнд ч ойлгомжтой.
Уг нь хүүхдийн шүд өвдсөн хойно эмчлэхээр мөнгө төсөвлөж суухын оронд дотоодын сүүн бүтээгдэхүүнийээ хэрэглээг дэмжихэд чиглэсэн бодлогын хөрөнгө оруулалт хийсэн бол илүү үр дүнд хүрэх байлаа. Ингэж гэмээнэ сүүний үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 биш, 90 хувийг ашигладаг болно. Ингэж гэмээнэ цагаан идээ тансаг хэрэглээ биш, өдөр тутмын хэрэглээ болж, хүүхдүүд чихэрний оронд ааруулаа иддэг болно. Энэ нь эргээд шүдний болон бусад өвчлөлийг бууруулна гээд олон сайн талтай. Харин өнөөгийн бидний байдал бол 60 сая малтай мал аж ахуйн орон гэж хэлэхэд ч ичмээр юм даа.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
Хэнчбиш (203.91.115.56)
Архангайнхан цагаан сарын өмнө ирж үнэ хөөрөгдөөд тэр хойшдоо буудаггүй жишиг тогтсон шүү дээ Хэнтийн Дадалын цөцгийний үнэ сүүлийн хэдэн жил аль ч улиралд тогтвортой л байна