Дулааны станц барих төслийн баг Баянхонгор аймагт ажиллаж байна
- 2019-03-20
- Орон нутаг
- 0
Олон улсын гэрээ конвенци, хоёр улсын хэлэлцээрийн дагуу МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 10 аймагт дулааны станц барих ажлыг Солонгосын Экзим банкны дэмжлэгтэйгээр барьж гүйцэтгэхээр тусгагдсан билээ. Эдгээр 10 аймагт Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий зэрэг аймгууд багтаж орон нутгийн тус тусын онцлогт тохирсон зураглал, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ зэрэг ажлуудыг эхний байдлаар гаргуулж байна.
Өнөөдөр Баянхонгор аймагт баригдах дулааны станцын ТЭЗҮ, зураг төсвийг эхний байдлаар боловсруулсан төслийн багийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж орон нутгийн удирдлагууд холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцож, иргэдтэй уулзан тодорхой судалгаа авахаар ажиллаж байна.
Баянхонгор аймгийн хувьд дулааны станц барих төслийн багтай бүхий л талаар хамтарч ажиллаж байгаа аж. Солонгосын талаас ирүүлсэн эхний зураглал нь хотын төв магистрал шугамыг хоёр урсгалтай замын дагуу төлөвлөсөн байна. Энэ нь зам талбай, ногоон байгууламж ихээр эвдэхийн зэрэгцээ дулаан дамжуулах төвийн 16 барилгыг дэвсгэр зурган дээр төлөвлөн явуулсан хэдий ч найм нь орж бусад нь хасагдаж батлагдсан зэрэг учир дутагдалтай зураглал гэж орон нутгийн талаас үзэж төв магистрал шугамын трансыг өөрчлөх саналыг эрчим хүчний яам болон төслийн гүйцэтгэгч талд тавилаа.
Баянхонгор аймгийн хувьд Улаанбаатар хотоос дутахгүй агаарын бохирдол өндөртэйд тооцогдож улмаар хүн амын эрүүл мэндийн асуудалд нэн сөргөөр нөлөөлж байгаа тухай аймгийн Засаг дарга Г.Батжаргал яриад төслийн ажил удаашралтай явааг шүүмжилж энэ оны 10-р сараас барилгын ажлыг эхлүүлэх улмаар богино хугацаанд ашиглалтад оруулах яаралтай шаардлагатай байгаа тухайгаа тус ажлын хэсэгт танилцууллаа.
Гэхдээ зураг төсөв эцсийн байдлаар батлагдаагүй зарим хэсэгт шаардлагатай засвар оруулах юм байна.
Эрчим хүчний яам энэ гуравдугаар сард багтаан зураг төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлахаар ажиллаж байгаа ба улмаар зураг төсвийн гүйцэтгэгч сонгон шалгарсанаар төв магистрал шугамыг өөрчлөх боломжтой болохыг Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа мэдэгдлээ.
Тус төслийн нийт төсөвт өртөг нь 150,000,000 ам доллар бол Баянхонгор аймагт 16,000,000 ам доллар батлагдсан юм байна. Үүндээ дулааны станцын барилга, найман ширхэг дулаан дамжуулах төвийн барилга, 5683 метр шугамын ажлыг хийх юм байна.
Харин Монгол улсын талаас хариуцах ажил нь дулаан дамжуулах төвөөс айл өрх, албан байгууллага, нэгжрүү салбарласан 16,000 метр шугамыг шинэчлэх ажил болоод байгаа юм. Аймгийн зүгээс ОНХС-ийн 100,000,000 төгрөгийн төсвийн хүрээнд зураг төсвийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерийг зарлахаар зэхээд байна. Тус ажлын зураг төсөв хийгдэж дууссанаар 2020-2021 онд ЭХЯ-ны хөрөнгө оруулалтаар Баянхонгор хотын инженерийн шугам сүлжээг 100 хувь шинэчилнэ.
Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Баянхонгор сумын 4,5-р багт инжерийн шугам сүлжээний зураг төсвийг хийлгэсэн ба тус ажлын төсөвт өртөг 7,8 тэрбум байна.
Сэтгэгдэл (0)