Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шалтгаан нөхцлийн судлажээ
- 2019-03-21
- Орон нутаг
- 0
Орхон аймгийн хэмжээнд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил жил ирэх тутам нэмэгдэж, өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн хэрэгт ихээр холбогдох хандлагатай байгаатай холбогдуулан тус аймгийн прокурорын газраас 2018 онд үйлдэгдсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахгэмт хэргийн шалтгаан нөхцлийн судлах судалгааг хийсэн байна. Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2018 онд 903 гэмт бүртгэдсэн бол Мансууруулах эм , сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 22 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 2,4 хувийг эзэлж байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 19 хэргээр буюу 6.3 дахин өссөн дүнтэй гарсан байна.
Дээрхи бүртгэгдсэн 22 хэргийн 18 нь буюу 82 хувийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“ Хориглосон мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн , хадгалсан, бусдад өгсөн “ буюу НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан делта тетрагидраканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Булган аймгийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад шилжүүлсэн хэргүүд байгаа бол энэ төрлийн ургамлыг тариалсан тохиолдол 1 гарчээ.
Хэргийг шийдвэрлэлтийн хувьд 22 хэргээс 28 хүнд холбогдох 16 хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн ба 1 хэргийг хуульд заасан үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба эцэслэн шийдвэрлэлт 77 хувьтай байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар авч үзвэл 31% нь 18 хүртлэх насны, 55% нь 18-25 насны, 14% нь 25-аас дээш насны хүмүүс байгаа ба гэмт хэрэгт холбогдогчдын 86 % нь 25-аас доош насны залуучууд, өсвөр насны хүүхдүүд байгаа нь онцгой анхаарал татаж байна.
Гэмт хэрэгт холбогдогсон хүмүүсийг боловсрол, ажил эрхлэлтийн байдлыг авч үзвэл дийлэх нь буюу 90 хувь нь бүрэн болон бүрэн бус дунд боловсролтой иргэд байгаа бол 52 хувь нь эрхэлсэн тодорхой ажил сургуульгүй, 41 хувийг оюутан, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нэг нэгэндээ уруу татагдаж, сонирхсон, саваагүй зангийн улмаас гэмт хэрэгт татагдан орох хандлагатай байна. Харин урьд энэ төрлийн гэмт хэрэг ял шийтгэгдэж байсан 2 тохиолдол нь урьд энэ төрлийн хэрэгт шүүхээс хорих ялыг тэнссэн этгээдүүдээс , мансууруулах төрлийн ургамлыг дахин бэлтгэж, биедээ авч явсан, хадгалсан, бусдад шилжүүлсэн тохиодол байгаа бөгөөд энэ нь тухайн этгээдүүдийн зүгээс гэмт үйлдэлдээ дүгнэлт хийлгүй, мансууруулах төрлийн эм, бодис ургамалд донтох буруу дадал зуршилтай болсонтой холбоотой гэж дүгнэж болохоор байна.
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн байдлыг судлахад 28 хүнд холбогдох 16 хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсний 4 хэргийн 6 хүнийг хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийг 21.5%-ийг, 16 хүнд ял оногдуулахгүйгээр тэнссэн 57%-ийг, өсвөр насны 6 хүнд хорих ял оногдуулж, хорих эдлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн нь нийт шийтгүүлсэн этгээдүүдийн 21.5% -ийг тус тус эзэлж байгаа ба энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлага байгааг илтгэж байна.
Орхон аймгийн прокурорын газраас дээрхи судалгааны дүнг үндэслэн аймаг, орон нутгийн хэмжээнд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулахаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, Засаг даргад танилцуулга, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын санал хүргүүлсэн байна. Орхон аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)