Аврагчид таныг “аврахгүй”
- 2019-03-22
- Дэлхий
- 0
Токиогоос хоёр цаг нисээд алдарт Кюшү арлын Күмамото мужид хүрнэ. Алдарт гэсний учрыг уншигчид андахгүй байх. Жилдээ 10 гаруй сая жуулчин хүлээн авдаг байсан Күмамото мужид гурван жилийн өмнө хүчтэй газар хөдлөлт болсон юм. Дэлхий нийтэд Күмамотогийн газар хөдлөлт хэмээн мөнхийн санамж, сургамж болсон энэ газарт гурван жилийн дараа сэргээн босголт, иргэдийн амьдрал ямар байгааг нүдээр үзэх боломжийг Jenesys-2018 буюу Монголын залуучуудын Япон дахь сургалт олгосон юм.
Японы баруун өмнө зүгт орших энэ муж усны аюулд өртөх эрсдэлтэй гэж тооцогддог. Харин газар хөдлөлийн идэвхгүй бүсэд оршдог учраас аймшигт газар хөдлөлт болно гэдгийг хэн ч төсөөлөөгүй гэдэг. Жишиж үзвэл яг одоогийн манай улс шиг иргэд нь газар хөдлөлтийн талаар ойлголт бага. Төр, засаг болоод иргэд нь аль нь ч хүчтэй газар хөдлөлт болно гэж бодоогүй байсан гэдэг.
Гэвч Күмамото мужид болсон шиг 7.5 баллаас хүчтэй газар хөдлөлт хоёр удаа болсон түүх Японд байгаагүй аж. 2016 оны дөрөвдүгээр сарын 14-16-ны хооронд 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт хоёр удаа ойрхон болж долоо хоногт 771 удаа газар хөдөлсөн байна. Энэ гамшигт өртөж гэмтэж бэртсэн, нас барсан, нутгаасаа дайжсан иргэд, нурсан барилга байгууламж их. Зөвхөн барилга байгууламж гэхэд л 30 гаруй мянган барилга нурсан тоо баримт бий. Нутгийн иргэдийн ярьснаар оршин суугчдын дийлэнх нь өөр нутаг руу дүрвэсэн. Буцаж ирсэн цөөн тооны айл байшингаа бат бөх, гамшигт тэсвэртэй байдлаар тохижуулахад хөрөнгө мөнгө цаг хугацаа багагүй зарцуулж байгаа аж.
Ийнхүү газар хөдлөлтийн гамшиг иргэдийн амьдрал болоод бүс нутагт их хэмжээний хохирол учруулдаг болоод гурван жил өнгөрөхөд иргэдийн амьдрал хэвэндээ ороогүй, сэргээн босголт хийгдэж дуусаагүй байв. Тухайлбал, мужийнхны эдийн засгийн гол эх үүсвэр болсон төмөр зам өнөөг хүртэл ашиглалтад ороогүй. Сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Төмөр замыг ашиглалтад оруулахад багадаа 70 сая ам.доллар шаардлагатай байгаа учраас галт тэрэгний удирдах газрын ажилтнууд цалингүй болж ажлаасаа гарч, хандивын аян зохион байгуулж байгааг галт тэрэгний жолооч хэлж байв.
Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүс, нурж сүйдсэн түүхийн үнэ цэнэтэй барилга байгууламж, томоохон гүүр, авто замын ажил гээд гамшиг аюул хүн төрөлхтөнд нөхөж баршгүй хохирол учруулж, уйтгар гуниг үлдээдгийг үгээр илэрхийлэх аргагүй.
Тэгвэл болоод өнгөрсөн үйл явдлаас сургамж авч, дахин давтахгүйн тулд хэн бүхэн бэлтгэл бэлэн байдалтай байх ёстой юм. Дэлхий нийтээр газар хөдлөлт, цунами болоод байгалийн гамшгийн өмнө хэрхэн бэлтгэлтэй байх. Урьдчилан сэргийлэх ажил юу юунаас чухал гэдэгт бүс нутгаараа хүчээ нэгтгэж, хүчин чармайлт гаргаж байна. Үүн дотор манай улсад сүүлийн нэг жилийн дотор гэхэд 42 мянган удаа газар хөдөлж, давтамж, чичирхийлэл улам ойртож, хот суурин газар руу идэвхжил дөхөж буйг мэргэжлийн байгууллагууд анхааруулдаг ч иргэдийн мэдлэг мэдээлэл, хандлага ямар байгаа билээ гэдгийг бас л бодох учиртай юм. Тэр дундаа гамшиг осол болбол иргэд өөрийгөө болоод өрөөлийг аварч хамгаалах мэдлэг, чадвартай байх л чухал гэдгийг дэлхийн бүх улс орон иргэдийнхээ ой тойнд ортол давтаж, сургаж дадлагажуулж байна.
Манай улс ч үүнээс хоцроогүй. Гэвч аврагчдыг хүлээгээд суухаас илүү өөрийгөө болоод өрөөлийг хамгаалах иргэдийн хандлага, ухамсар ямар байгаа билээ гэдэг нь үнэндээ эргэлзээтэй. Энэ хандлага аюул гамшгаас илүү амьдралын энгийн зүйл дээр тод илэрдэг. Тухайлбал, ахуйн гал түймэр, үер усны аюул гээд юм бүхэнд онцгойгийнхон ирэх үүрэгтэй, аврах ёстой гээд хараад суудаг. Жаахан хожимдох юм бол тэдэнд бурууг өгч бараг хохирлоо нэхэмжлэх нь холгүй. Тэгвэл бусад орны иргэдийн хандлага, ухамсар огт өөр байдаг юм билээ. Газар хөдлөлт осол боллоо гээд хамгийн түрүүнд онцгой, цагдааг дуудаад хүлээх биш иргэд өөрсдөө болоод өрөөлийг хэрхэн аврах, анхны тусламж үзүүлэх вэ гэсэн ухамсар төлөвшилтэй байдаг.
Гагцхүү төр, засгийн хэмжээнд яригдаж, томоохон аврах, эрэн хайх ажиллагаанд аврагчдыг дайчилдаг жишиг бий. Тиймээс монголчууд ч дэлхий нийтээр өсөн нэмэгдэж буй гамшгаас өөрийгөө аврах мэдлэгээ тэлж, сургалт дадлагаар баталгаажуулах дэлхий нийтийн шинэ жишгийг дагахаас өөр замгүй. Японд таарсан хүн бүр л бидэнд ямар ч үед аврагчдыг хүлээгээд суух бодол орж ирдэггүй. Газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мэдэгдсэн ч нэг удаа туслах хүчин рүү залгаж байгаагүй. Хамгийн түрүүнд өөрийгөө болоод хайртай хүмүүсээ л аврахыг хичээдэг гэсэн юм. Дэлхий нийтэд тохиолдсон томоохон гамшиг ослын үед ч 90 хувь нь иргэд өөрсдийгөө аварсан байдаг. Тиймээс яг одооноос өөрсдөө бэлтгэлээ базааж, гамшиг ослын талаарх мэдлэгээ тэлж аврагчдыг хүлээх биш өөрийгөө авардаг болцгооё.
Б.Ариунаа: Японд газар хөдөллөө гэхэд туслах хүчин дууддаггүй
Япончуудад гамшгийн талаарх мэдлэг, ойлголтыг хэрхэн өгдөг талаар тус улсад 21 жил ажиллаж, амьдарч буй Б.Ариунаатай ярилцлаа.
-Японд газар хөдлөлтийн аюул их байдаг. Энэ улсад олон жил амьдарч байгаа хүний хувьд гамшгаас хамгаалах ойлголт ямар байдаг вэ?
-Цэцэрлэг болон ахлах ангийн хүүхдүүдэд жилд хэд хэдэн удаа дүрвэх сургалт хийдэг. Энэ сургалтаар цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд газар хөдөллөө гэхэд багш нартайгаа хамт жагсч тоо аваад хэрхэн аюулгүй газар байрлах зэргээр бодит сургуулилт хийдэг. Тухайлбал, аюулгүйн талбайд хүүхдүүдээ жагсааж зааварчилгаа өгч автобусаар зөөдөг. Мөн эцэг эхийг нь утсаар дуудаж сургалтад биечлэн оролцуулдаг. Эцэг эх нь аюулгүй байдлын нэрсийн жагсаалттай. Нэг багш дөрвөн айл руу утасдлаа гэхэд эхний айл нь дараа дараагийнхаа хүмүүст мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, газар хөдөллөө гэхэд ямар айлд мэдэгдэх талаарх жагсаалтаа гэрийнхээ нүдэнд ил харагдах газар хадна. Эцэг эхчүүд хүүхдээ тосч аваад гэртээ харих замдаа мөн сургалт дадлагаа хийсээр байх юм. Хамгийн наад зах нь толгойгоо хамгаалах, шил хагарсан үед гуталтай байх ёстойг зааж сургадаг.
-Таны хувьд томоохон газар хөдлөлтийг мэдэрч байсан уу. Тэр үед хамгийн түрүүнд юу хийсэн бэ?
-2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр болсон томоохон газар хөдлөлтийн голомт болсон Синдай, Фүкүшима мужтай хил залгаа газарт амьдарч байсан болохоор нэлээдгүй мэдэрсэн. Долоон балл орчим, удаан үргэлжилсэн хүчтэй газар хөдлөлт байсан. Тэр үед хөршийндөө цай уугаад сууж байлаа. Чичирхийлэл мэдрэгдээд эхлэхээр нь удахгүй зогсох байх гээд тайван байж байтал улам хүчтэй болж байсан. Тэгэхээр нь ширээн доогуур орцгоосон. Айлын хогшил айхтар их нураагүй ч манай хөргөгч онгойж доторх юмнууд нь уначихсан байлаа.
Өндөр байшингуудыг холоос харахад найгаж байсан. Найгаж байж хүчдлээ шилжүүлдэг учраас газар хөдлөлтийн үед найгах зориулалттай байдаг. Японд ганц хоёр удаа хүчтэй хөдлөхөөс гадна удаан хугацаагаар үргэлжлэх үе ч бий.
-Барилгын чанарт хэрхэн анхаардаг вэ. Ямар норм стандарттай байдаг вэ?
-Улсын баримтлах ёстой стандарт, чанарын түвшин гэж бий. Яг л түүний дагуу байшингаа барьдаг. Японд хөрс нь зөөлхөн учраас өндөр барилгын газар доорх сууринд их анхаардаг. Урт төмөр шон зоож газраа бэхэлдэг. Тухайлбал, орон сууц бариулахдаа мэргэжлийн байгууллагаа сонгоно. Байшин барьж байгаа байгууллагын хариуцлагын асуудал учраас газраа маш сайн шинжилдэг. Газрын хатуулгыг хэмжээд бэхлэх шаардлагатай бол хэлнэ. Хөрсийг нь судлаад хатуу, зөөлнөөр нь ангилж хэдэн ширхэг шон суулгахаа тооцох, хэдэн баллын газар хөдлөлтөд бат бэх байхыг нарийн тооцдог.
-Манайх бол ямар нэг гамшиг осол боллоо гэхэд аврагчдаа дууддаг. Японд хэдэн баллын газар хөдлөлтийн үед туслах хүчин ирдэг бол?
-Бүх мужид газар хөдлөлтийг мэдрэх багаж, хэмждэг төхөөрөмж бий. Зурагтаар иргэдийг гамшгаас сэрэмжлүүлэх мэдлэг олгох тусгай нэвтрүүлэг байнга гардаг. Иргэд тэндээс л мэдээллээ авдаг даа. Түүнээс газар хөдөллөө гэхэд иргэд туслах хүчин дуудахгүй. Аль болох бэртэхгүйгээр толгойгоо хамгаалаад л суудаг. Өндөр барилгатай газар гадагшаа гарч болохгүй гэдэг.
Мөн энгийн үед ч гэсэн айл бүр 2-7 хоногийн хүнсээ базаасан байх ёстой Харин цунами зэрэг томоохон гамшиг болбол юу ч битгий ав, гэрээсээ яв. Цаг алдалгүй дүрвэх ёстой үед өөрөө л гараад яв гэдэг. Хоргодох байр түүнд шаардлагатай идэж уух юм, хөнжил зэргийг улсаас бэлдэж өгдөг. Ихэвчлэн олон хүн багтаах чадалтай өргөн, сургуулийн заал ч юм уу дүрвэх газрыг нь заагаад өгчихсөн байдаг. Сургуулийн ойролцоо аль дүүргийн хүмүүс хаана цугларах ёстойг маш тодорхой бичиж өгсөн байдаг. Тэр мужийнхан тэр сургуулийн байр руу дүрвэнэ гэх мэт. Хүмүүс нь мэдээллийг хараад энэ хавьд хоргодох байр байгаа юм байна гэдгийг мэдээд авчихдаг.
-Японоос юуг нь Монголдоо хэрэгжүүлмээр санагддаг вэ?
–Эндхийн хүмүүсийн дийлэнх нь эелдэг хүмүүс. Зам тавьж өгдөг. Явган хүн нь машинаасаа илүү эрхтэй гэсэн дүрэм журамтай. Дэлгүүр нь шуурхай хурдан үйлчилгээтэй. Дүрэм журмаа сайн баримталдаг. Эндхийн хүмүүс их хөдөлмөрч. Гэхдээ эх орондоо цөөхөн очдог ч бухимдаад байдаггүй.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)