Сэлбэ голыг сүйтгэвээс байгаль эх биднээс хариугаа авах нь дамжиггүй

Өнөөдөр 3 сарын 22 дэлхийн усны өдөр

Санзайн амны эхэнд өнгөрсөн өвөл хэд хэдэн удаа очлоо. Өдөрт дунджаар 1000 орчим машин тэрэг 4000-5000 хүн цуглан бужигнаж, голын эхийг өтгөн шингэн ялгадсаар дүүргэж, ой мод, бутыг нь сүйтгэж,  энд тэндгүй задгай гал түлж, хуурайшилтай өдрүүдэд түймрийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Бут бургасыг нь хэмхчин хүчит техниктэй танхай залуус сэлгүүцэж байна. Монголчууд бид гол усаа бохирдуулахаас цээрлэн сэргийлдэг ёс заншилтай ард түмэн. Гэтэл үлдсэн ганц голынхоо эхийг нийслэлийн сая гаруй хүн очин тээрэмдвээс Сэлбэ голын маань усны жаахан нөөц газар тэсэх үү? Сэлбэ голыг замаас нь тэжээдэг байсан Хандгайт, Шарга морьт, Баянбулагийн амны жижиг голууд, Зуун модны болоод Дондогдуламын аршаан бүгд нүдээ анижээ.   

Их хотын хоймор болох Санзайн амнаас Баруун Сэлбийн голын эх авч урсдаг. 30 гаруй мянган га-гаар хэмжигдэх энэ бүс нутагт ургамлын аймгийн 7 зүйл мод сөөг, 40 овгийн 183 зүйл ургамалтай. Зараа, туулай, хэрэм, үнэг хярснаас өгсүүлээд чоно, гахай, бор гөрөөс, халиун буга  хүртэл амьдардаг өвөрмөц газар. Нарс шинэс хуш холилдон ургасан өнөө хүртэл бараг онгон дагшнаараа байгаа баруун Сэлбийн эх 2000 гаруй га энэ газрыг 2012 онд нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг. Сүхбаатар дүүргийн 19 хорооны нутаг Сэлбэ голын эхийг  байгалийн нөөц газарт авах тогтоол гаргаж, хамгаалалтын дэглэмийг сахиулахыг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож байжээ. Сэлбэ голын эх газрыг нэг байгаль хамгаалагч хариуцдаг бөгөөд модны хулгай, самарчдын хөл тасардаггүй энэ газрын болзошгүй нэг аюул нь ойн түймэр. 

 

Орон нутгийн тусгай  хамгаалалтанд авна гэдэг нь товчхон тайлбарлах юм бол хүний үйл ажиллагааг хязгаарлана гэсэн үг л дээ.

 

Ардчилсан засаглал эхлэх 90-ээд оны үед батлагдсан анхны хуулиудын нэг болох Орон нутгийн тусгай  хамгаалалттай газрын тухай хуулийн 12-т зааснаар “...Ан амьтан үргээх, байгаль орчинд сөрөг нөлөөлөх машин техник ашиглах, хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах хориотой. Мөн Сэлбийн голын эх битүү торлогоор хучигдсан Бага Хэнтийн нурууны өмнөд төгсгөл болох энэ газар мөнхийн цэвдэгтэйгээрээ онцлогтой.

 

Голыг экологийн талаас нь авч үзвэл маш их бохирдож, бараг аюулын хэмжээнд тулсан байна. Бага Хэнтийн нуруунаас эх аван хотын төвөөр дайран өнгөрч Туул голын сэлбэдэг миний мэдэх долоо найман гол бий. Үүнээс 70-80-аад оны үед хотын хүүхдүүд умбан нааддаг байсан Сэлбийн пионерийн зуслангийн хажуугаар урсдаг Зүүн Сэлбийн гол нүд аниад хориод жил болж байна. Үүнтэй зэрэгцээд хотын баруун талаас эхлэн тоочих юм бол олон улсын “Найрамдал” зуслангийн хажуугаар мяралзан урсдаг байсан Баян гол ширгэж, нэр нь Улаанбаатар хотын нэгэн дүүргийн нэрэнд л үлджээ. Түүнээс зүүн тийшээгээ эргэвээс Нарангийн гол, Толгойтын гол, хуучин захын хажуугаар урсдаг байсан ногоон нуурыг тэжээдэг байсан Дэнжийн мянгын гол, Шар хадны зүүн хаяагаар урсах Улиастайн гол, бүр цаашилбал Гачууртын голууд хүмүүн бидний мунхаг үйл ажиллагааны улмаас бүгд ширгэж шургаж, үнс тоос, хог ялгадсаар дүүрсэн өмхий сайрууд болсон байна. 60-аад оны үед Мөнгөн морьтоос сал урсгаж мод зөөвөрлөж байсан Туул гол маань хүртэл сүүлийн жилүүдэд бидний нүдэн дээр тасалдах болсон. Улаанбаатар хотын ундны усны эх булаг нь Туул голын нийт урт,704 км үүнээс 28 км нь нийслэл хот дундуур урсахдаа 1.5 сая хүний ялгадас, арьс ширний үйлдвэрүүдийн хорт бодисоор ханатлаа бохирдож аваад уруудна, Заамарын уурхайнуудаар дайран өнгөрөхдөө хүнцэл мэтийн химийн бодисуудад бүрмөсөн хордож аваад Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгаль далайд цутгадаг хувь тавилантай аж.

 

Сэлбэ голын сав газар нийтдээ 30 гаруй мянган газрыг хамардаг. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй Санзай, Хандгайт, Баянбулаг, Шарга морьт, Майхан толгой, Яргайт, Шадивлан зэрэг 10 гаруй зуслан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэдэн мянган айл өрхтэй гэр хороолол бүхий нутгийг дайран өнгөрдөг учраас маш их бохирдолтой.

 

Энэ голын дагуух оршин суугчид бохир хувцас хунараа машин техникээ энэ голд угаана, үнс хогоо асгана. Санаа ер зовохгүй, хүүе хаая гэх хүн, хуцах улих нохой ч байхгүй. 

 

Гол ил болоод газрын доорх урсацаар хотын төв рүү орон Дунд гол болж нэрээ өөрчлөн бүр ихээр бохирдож, тасалдаж явсаар чүй чамай Туул голдоо цутгадаг. 2011 онд УСУГ-ын усны төв лабораторид хийсэн шинжилгээгээр “Зуун айл” орчим аммонийн азотоор болон нянгаар бохирдсон байжээ. Дараа жил нь буюу 2012 онд хийсэн шинжилгээгээр 19 дүгээр хороолол орчмын Сэлбэ голд гэдэсний халдварт өвчний нян илэрч байв. Долоон жилийн өмнө ийм хэмжээний бохирдолтой байсан гол одоо ямар болсон нь хэнбугайд ч ойлгомжтой.       

Дайран дээр давс гэгчээр Сэлбэ голыг сэргээнэ хэмээн том том амлан төсвийн мөнгийг угаагчид ч өнгөрсөн он жилүүдэд гарамгай сайн ажилласан.Ерөнхий сайд Сү Батболдын санаачлагаар анх “Сэлбэ гол” төсөл  нийтдээ 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт  батлуулан эхэлж, 2011 онд төсөл хэрэгжээд дуусахад үед гол 22 метр өргөнтэй болно хэмээсэн боловч, нийслэлийн бид хэд молиго үмхэн хоцорсон. Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 км үерийн далангийн дагуу явган хүний зам, зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг зэргийг барьж тохижуулна, хотын төв хэсэгт амралт зугаалгын бүс бий болгоно  энэ ажилд 9 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн шогшиж  байсан тэр нөхдүүд өнөөдөр хаа явна?  Энэ мөнгийг хэн авч юу хийчихээд зайлав гээд сонирхсон чинь “Норбу” гэгч компани “Зураг төсөл анхнаасаа буруу байсан. Төсөвлөсөн хэмжээнээс хөрөнгө нь дутсан” гэх шалтгаанаар нүглийн нүдийг гурилаар хуураад орхисон гэнэ. Дараа нь Бат-Үүл баатар бас л багагүй мөнгө авч, голыг мэлтэлзүүлэх гэсэн боловч талаар  өнгөрсөн. БОАЖЯ 2012 онд Сэлбийн голын урсацыг тэтгэхээр тэрбум төгрөг хандивласан ч туршилт бас л талаар болсон гээд олон жишээ татаж болно. Энэ байдлаараа бол бороо хуртай үед хог шороотой холилдож булингартан урсдаг Сэлбэ гол минь амь тавьж, үерийн далан нь хогийн тантан болох цаг удахгүй нь бололтой. Сэлбэ гол нөхөн сэргээгдэж зундаа амралт зугаалгын төв, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болно гэдэг нь  Мянгуужингийн үлгэр болон үлдэх шив.        

 

Нийслэлийн байгаль орчны газраас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх “Сэлбэ голын эх” төслийг “МСМ групп” өөрийн хөрөнгөөр тохижуулсан гэх боловч цаашдаа энэ хавийн 2000 гаруй га онгон дагшин газрыг хувьчлан авч,  “нохойн замаар” оруулах нь нь гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм. Энд хогийн цэгээс өөр газарт хог хаях, 6 өрөөтэй модон жорлонгоос өөр газарт бие засах, тогтоосон зам, чиглэлээс өөр газраар явах, тээврийн хэрэгсэл ашиглах явдлыг бүрэн хориглоно гэж заавардсан нь амьдрал дээр лөөлөө болоод байгааг хэд хоногийн өмнө МҮОНРТ-ийн сурвалжлагаас бид харсан. Уг төслийн санаа нь зөв боловч, сонгосон газар нь даанч биш юмаа. Монголын ард түмэн эрт цагаас урсгал ус руугаа өтгөн шингэнээ гоожуулах нь бүү хэл сүүнийхээ шанагыг голд дүрэхийг цээрлэдэг байсан хүмүүс. Их хааны үед ингэсэн хүн цаазын ял авдаг байсныг хуульчилсаныг эрхбиш бидний үеийнхэн мэдэх учиртай. Дэргэд нь байгаа Богдхан уулынхаа хавиар эргэлдэх боломж нь байсаар байтал хотоос ирж очиход 100-гаад км энэ газар хүн болгон бензин тос шатааж давхилдаж ирээд зугаалаад байх нь юу л бол. Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан энэ газрыг олноороо хуран цуглаж тээрэмдүүлэх санаа хэнээс төрж, санаачлагыг хэн гартаа авсан юм бол?

Улаанбаатар хотын ундны усны хэрэглээ 2030 онд өнөөгийнхөөс даруй 2 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Иймээс усны нөөцийн гачигдалд орохгүйн тулд усны эх үүсвэрүүдээ хамгаалах, хадгалах асуудал нэн чухал болоод байна.  Эхний ээлжинд Хандгайт, Баруун Сэлбийн уулзвар дээр ус хуримтлуулах хиймэл цөөрөм нэн даруй усан сан байгуулах шаардлагатай байна.  Хандгайт, Сэлбэ, бусад жижиг голуудыг боож, усан сан барих нь шар усны үер болон борооны ус хуримтлуулж, Сэлбэ голын урсгалыг тогтмол хэмжээнд байлгах, үерээр орж ирэх элс,  шороог тунгааж авахад ач холбогдолтой 

Өнөөдөр нийслэл хотын маань төв Алтан тэвшний хонхорын сүүлчийн Моникан болсон Баруун Сэлбийнхээ голыг нь тасдаж байна. Монголчууд бид бог малыг муулахдаа гэдсийг нь яраад голыг нь тасалдаг биз дээ? Тэгвэл эх нутгийнхаа голыг ийнхүү тасдаж байгаа мунхаг биднийг тэнгэр бурхан өршөөхгүй л болов уу? 

 

 

Ш.Пүрэвсүрэн           

 

2019-03-22

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • усны өдөр (103.212.118.111)

    2019-03-22

    Богд уулын устай амуудаас гадна Санзай, Хандгайт, Баянбулаг гээд цааш нь яривал Бэлх Сэлхийн амны эхээр ч бас усны эх ундрагатай намагтай, торлог ихтэй газар байсан даа. Одоо цементэн байшин барих зөвшөөрөл өгөөд Суурьшлын бүс болгосон тэнэгүүд одоо байгаа болов уу. Богд ууланд Зайсангаас авахуулаад зарим амуудад ой цэвэрлэх нэрээр мод бэлтгэж бүх торлогуудыг устгасан харагдана лээ. Угаасаа Монгол орны ландшафт маш эмзэг ус_ намагтай газарт суурьшлын бүсийг бий болгохгүй байх нь зөв байсан юм. Байгаль орчны салбарт юм мэддэг хүн байдаг юмуу ер нь...