Дэлхийн усны өдрийг тэмдэглэж байна
- 2019-03-22
- Байгаль орчин
- 0
Улс орнууд Дэлхийн Усны өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Усны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тунхагласны дагуу 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэж байсан бөгөөд үүнээс хойш Усны өдрийн хамрах хүрээ эрчимтэй өргөжиж, жил бүр цэвэр усны ашиглалт, хамгаалалттай холбоотой тодорхой асуудлыг хөндөн, олон нийтэд таниулахын зэрэгцээ усны эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хүний хөгжилд оруулах хувь нэмэр зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч үзэх болжээ.
Манай улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад цэвэр усны нөөц багатайд тооцогддог бөгөөд нэн ялангуяа нийслэл Улаанбаатар хотын цаашдын өсөлт, хөгжлийн төлөвийг харгалзан үзвэл ус хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дагуу 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах юм. Энэхүү төслийн хүрээнд усны шинэ эх үүсвэрийн дэд бүтцийг бий болгох, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, улмаар хаягдал усыг дахин боловсруулах замаар саарал ус үйлдвэрлэж, аж үйлдвэрийн хэрэгцээнд ашиглах зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн, Компакт гэрээний хөрөнгө оруулалтын үр ашгийг урт хугацаанд тогтвортой хадгалах, усны аж ахуйг дэмжиж, бодлого, эрх зүйн орчин, салбарын чадавхыг бэхжүүлэх төслийг тусгайлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мянганы сорилтын Компакт гэрээ болон дээр дурдсан төслүүдийн хэрэгжилтийг хариуцсан Монголын Мянганы сорилтын сан ТӨҮГ-ыг Засгийн газрын тогтоолоор байгуулсан бөгөөд Компакт гэрээ, гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг боловсруулан батлуулах ажлыг удирдан зохион байгуулж ажилласан Э.Содонтогос ММСС-гийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)