Монголд “солонго” хэрэгтэй байна
- 2019-03-26
- Эдийн засаг
- 0
Дэлхий нийт Оросыг байгалийн хийн болон нефтийн гол экспортлогч харин АНУ-ыг хамгийн том хэрэглэгч гэж үздэг. Тэгвэл Хятад улс манай гаригийн хамгийн том үйлдвэрлэгч, тивүүдийн эдийн засгийн гол уулзвар цэг. Тэгвэл Москва, Бээжин хэмээх хоёр том мөнгөний баянбулагаар хүрээлүүлсэн Монгол Улсыг даяаршсан зах зээлийн системд уул уурхайгаар нь овоглож байна. Ашигт малтмалын үнийн график дагасан өсөлтөөс солонгорсон зах зээлийг бий болгох замаар хөрөнгө оруулалтын хэт явцуу эх үүсвэрийг тэлэх ёстой хэмээн Улаанбаатарыг шинжээчид дүгнэж байгаа. Иймд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх гадны шинжээчдийн байр суурь болоод сүүлийн үеийн мэдээллээс тоймлон хүргэж байна.
Өмнөговийн Оюутолгойн алт, зэсийн ордод хайгуул, олборлолт хийж буй, Торонтой, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурсез” компанийн орлого өнгөрсөн онд 394.3 сая ам.доллар болжээ. Энэ дүн 2017 онд 110.9 сая ам.доллар байсантай харьцуулбал орлого 255.4 хувиар нэмэгдсэн байна.
Алтны үйлдвэрлэл жилийн өмнөхөөсөө 150 хувиар өсч, 285 мянган унцид хүрсэн бол зэсийн олборлолт 1.1 хувиар нэмэгдэж, 159.1 мянган тоннд хүрэв. Оюутолгой ордоос гарсан алтны үйлдвэрлэл болон худалдааны өсөлт нь орлого ийн огцом дээшлэхэд нөлөөлжээ. Тэгвэл төслийн төсвийн нийт орлого 1.2 тэрбум ам.долларт хүрсэн нь 2017 оны 939.8 сая “ногоон”-ы үзүүлэлтээс даруй 25.6 хувиар өссөн байна. Урсгал үйл ажиллагаатай холбоотой бэлэн мөнгөний дүн 180 сая ам.долларт хүрчээ. 2017 онд энэ дүн 118 сая ам.доллар байжээ.
Санхүүгийн энэхүү томоохон үр дүн нь алтны үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн өртгийг бууруулсантай холбоотой юм байна. Торонтогийн хөрөнгийн биржид энэ компанийн хувьцааны ханш 4.37 ам.долларын ханштай байна. Монголын эдийн засаг дахь хүдэр дагасан өсөлтийг энгийнээр илэрхийлбэл ийм байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны төлөв найдвар төрүүлж буй талаар мэдээлснийг “Синхуа нет” мэдээлжээ.
“Энэ жил Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай байна. Ирэх жил энэ өсөлт 6.1 хувьд хүрэх төлөвтэй” гэж тус банкнаас мэдэгдсэн байна. Энэхүү өсөлт нь алт, зэсийн Оюутолгой төслөөр дамжуулан жил бүр 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирж байгаа юм.
Энэ онд уул уурхайн хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа. Түүнчлэн үүнийг даган барилгын салбарт өсөн нэмэгдэх хандлага бий болоод байна.
Засгийн газрын зарцуулалт нэмэгдсэнээр дотоодын хэрэглээ нэмэгдэж, өрхийн орлого өсөх талаар тус банк тайландаа дурдсан байлаа. Инфляц дунджаар долоон хувьтай байх нь. Өнгөрсөн жил инфляц 7.2 хувьтай байсан юм.
Харин Засгийн газраас энэ онд инфляцийг найман хувьд барина хэмээн төлөвлөж байгаа билээ. Өнгөрсөн жил газрын тосны болон хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхий даяараа өсөн нэмэгдсэний улмаас Монгол Улс өндөр инфляцийг зохицуулахын тулд мөнгөний бодлогоор зохицуулалт хийж байсан билээ.
“Уул уурхайн томоохон төслүүд нь Монгол Улсын төсвийн тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөөтэй. Ингэснээрээ энэ оны эдийн засгийн өсөлтийг тодорхойлж байна” гэж тус банкны мэдээлэлд дурджээ.
Зөвхөн уул уурхайгаас хэт хамааралтай бус, эдийн засгийг солонгоруулж, тогтвортой байдлаа хангах нь Монгол Улсад ихээхэн чухал гэдгийг эдийн засагчид онцолж байна.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)