13 мянган машин “С” зөвшөөрлөөр нүүрс тээвэрлэж байна

Авлигатай тэмцэх газар тусгай зөвшөөрөл дагасан авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор хийж буй зорилтот ажлынхаа дараагийн шатанд улс хоорондын ачаа тээвэр эрхлэх “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгоход чиглүүллээ.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон тус салбарын төрийн бус байгууллагуудын төлөөлөл, улс хооронд ачаа тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүд, тээвэрчдийн ар гэрийнхэн оролцсон “Улс хоорондын байнгын ачаа тээвэр эрхлэх “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагаан дахь хүндрэл бэрхшээл, авлига гарах нөхцөлийг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг  “Олон нийтийн төв”-д зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар хэлсэн үгэндээ “Автотээврийн үндэсний төв, ачаа тээвэр эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ, үйл ажиллагаа нийтэд ил тод байх ёстой. Ил тод бус учраас элдэв яриа, хардлага сэрдлэг, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбогдон гардаг авлига, ашиг сонирхлын зөрчлийг хумих, тээвэрт оролцож байгаа аж ахуйн нэгжүүдэд тавигддаг шаардлагыг өндөрсгөх, тээвэрлэгч компаниуд, ажил гүйцэтгэж байгаа жолооч нарын нийгмийн асуудлыг анхаарах цаг нь болсон” гэв.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар “Одоогийн байдлаар “С” зөвшөөрөлтэй холбоотой хоёр ч эрүүгийн хэрэг шалгагдаж, нэг хэрэг нь шүүхээр шийдэгдээд байгаа. Энэ асуудлыг журамлаж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг нь арилгаж шийдвэрлэхгүй бол цаашид ч олон албан тушаалтан холбогдох магадлалтай байна. “С” зөвшөөрөл олгох үйл явц ил тод биш  учраас хүнд суртал чирэгдэл үүсгэж, улмаар хээл хахууль өгөх, авлигын гэмт хэрэг үйлдэгдэж байна. Автотээврийн үндэсний төвөөс “С” зөвшөөрлийг ямар компанид хэдэн ширхэг олгосон, юунаас болоод зөвшөөрөл олгоогүй вэ гэдэг мэдээлэл ил тод биш байна. Нууц далд асуудал бүрийн цаана авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил байдаг. Тиймээс Авлигатай тэмцэх газар улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгож байгаа үйл явцыг ил тод, нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно” гэж хэллээ.

2017 онд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр “С” зөвшөөрөл олгохдоо хахууль авсан үйлдэлд Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд уг хэргийг шүүхээс торгох ял оноон шийдвэрлэсэн. Мөн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж системд бүртгэлгүй автотээврийн хэрэгслийг бүртгэсэн тус төвийн албан тушаалтны хэргийг Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. “С” зөвшөөрлийг Автотээврийн үндэсний төвөөс гаргуулж аваад цааш дамлан худалдаалдаг бүлэг хүртэл байдаг гэх яриа иргэдийн дунд таржээ.

“Баянзам” тээвэрчдийн холбооны тэргүүн М.Нямжав хэлэхдээ “С” зөвшөөрөл дээр ихэнх аж ахуйн нэгж, байгууллагууд мэдээлэл муутай байдаг. “С” зөвшөөрөл нь 90 мянган төгрөгийн үнэтэй, Хятад улсад хэвлэгдэж ирдэг. Интернэтэд “С” зөвшөөрөл гаргаж өгнө” гэсэн зарын дагуу ярьж үзэхэд 850 мянган төгрөг гэж байна. Үүнд АТҮТ-д тушаагддаг 99 мянган төгрөгийн үнэ орохгүй гэж байгаа. Тэгэхээр 99 мянган төгрөг чинь 950 мянган төгрөг болтлоо хөөсөрсөн байна. Арав дахин үржиж, дамлагдсан байдлаар явж байна. Хуралд сууж байгаа аж ахуйн нэгжүүд дийлэнх нь Монгол компанийн удирдлагууд сууж байна. Эдгээр компаниуд хэзээ ч 950 мянган төгрөгийн асуудал руу ордоггүй. Мөнгөгүйдээ биш хөхиүлэн дэмжихийг хүсдэггүй болохоор тэр юм. Нөгөө талаар Монголын хууль дүрмийг үл тоодог гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжүүд үүнийг цэцэглүүлээд байгаа” гэв.

“Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд “С” зөвшөөрөл авахад асуудал бий. Тухайлбал Уул уурхайн яам дээр баахан бичиг баримт бүрдүүлж өгдөг. Дараа нь Зам, тээврийн хөгжлийн яам дахиад бичиг баримт шаарддаг. Үүнийг багасгах хэрэгтэй байна. Энэ асуудлыг ил тод болгоё, цахимжуулъя гэж ярьж байгаа нь маш чухал асуудал. Наад зах нь “С” зөвшөөрөл олгох хугацааг тодорхой болгох хэрэгтэй байна. Тухайлбал материалаа бүрдүүлж өгөөд ажлын хэд хоногт багтаан шийдвэрлэнэ гэсэн хугацааг тодорхой болгож журамлах шаардлагатай. Тэгвэл бид бас олгож байгаа албан тушаалтнуудыг хугацаандаа хариу өгөхийг шаардах эрхтэй болно шүү дээ” гэж саналаа хэллээ.

Өнөөдрийн байдлаар 13 мянган машин “С” зөвшөөрлөөр нүүрс тээвэрлэж байна. Үүний 12-13 хувь нь дотоодын аж ахуйн нэгжийн тээвэрлэгчид юм байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд дотоодын ачаа тээвэрлэх машин 15 хувиар нэмэгдсэн аж. Автотээврийн үндэсний төвд нэг улиралд зөвхөн Гашуунсухайт боомтоор нүүрс хил давуулан тээвэрлэх “С” зөвшөөрлийн 8000 хүсэлт ирдэг байна. Авлигагүй үйлчилгээг бүрдүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвөөс “С” зөвшөөрөл олголтын журмын төсөл боловсруулжээ. Уг төсөлд заахдаа “С” зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн АТҮТ-ийн даргын тушаалыг 24 цагийн дотор Тээврийн нэгдсэн системийн мэдээллийн санд байршуулж байхаар болсон байна.

Хэлэлцүүлэгт оролцсон төрийн байгууллагын албан тушаалтнууд, тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, тээвэрлэгчид, тэдний ар гэрийн төлөөллийн зүгээс өөрсдөдөө тулгарсан асуудал, бэрхшээл бүрийг журмын төсөлд тусгуулахаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, уг журмын төслийг боловсруулахад Авлигатай тэмцэх газар хянан үзэж, санал өгөхөөр тогтлоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • хжу (192.82.66.22)

    2019-03-29

    Энэ Мэргэжсэн жолооч гэж юу болох хэний бизнес вэ