Эрдэнэтэд ажиллаж байсан мэргэжилтний хүү Ерөнхийлөгч болох магадлал өндөр байна
- 2019-04-02
- Дэлхий
- 0
Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат өнгөрсөн ням гарагт болсон билээ. Тус улсын төрийн тэргүүний албан тушаалын төлөө 39 нэр дэвшигч өрсөлджээ. Энэ нь Евромайдан буюу 2013 онд эхэлсэн төр засгийн эсрэг жагсаал цуглаанаас хойш болж буй бүх нийтийн хоёр дахь сонгууль юм. Ерөнхийлөгчийн сонгуульд “Ард түмний зарц” намын дарга Владимир Зеленский тэргүүлж байна.
Тус улсын Сонгуулийн төв хорооны мэдээлснээр, Зеленский сонгогчдын 30 гаруй хувийн санал авчээ. Хоёрдугаарт 16.65 хувийн саналтайгаар одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко орсон бол "Батькивщина" намын дарга Юлия Тимошенко 13.29 хувийн саналаар гуравт жагсч байгаа юм. Ийнхүү нэр дэвшигчдээс хэн нь ч 50 хувийн амжилт дангаар үзүүлж чадсангүй. Анхан шатны сонгуульд нэр дэвшигч 50 хувийн санал авч чадахгүй бол энэ сарын 21-нд дараагийн шатны сонгуулийг явуулахаар хуульчилсны дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад “шоумен” Владимир Зеленский болон Украины одоогийн тэргүүн Пётр Порошенко нар өрсөлдөх нь тодорхой боллоо. Дашрамд дурдахад, В.Зелинскийн аав нь “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан Зөвлөлтийн мэргэжилтэн юм байна. Владимир Зеленский Эрдэнэт хотын ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцсан бөгөөд Монголд эцэг эхийн хамт дөрвөн жил амьдарчээ.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)