Оюу толгойг гацаах нь орлогоо "осгоож" байгаа хэрэг шүү

Энэ жилийн Давосын чуулга уулзалтын үеэр Хятадын дэд дарга Ван Кишан “Поп улс төр дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлж байна” хэмээн илтгэл тавьж байлаа. Тэгэхээр поп улстөржилт гэдэг дэлхийн зовлон болчихсон хэрэг. Манайд ч ялгаагүй “баллаж” өгч байна даа.

Ерөөсөө төрийн хар хүн гэдэг ойлголт бүдгэрч (бүдгэрүүлж) сонгуулийн улстөрчид олноороо мэндэллээ. Нийтэд таалагдаж байвал юу ч хэлж чадах тэднийг нийгмийн учир мэдэх хэсэг нь хэдийнээ таниад байгаа. Нэг нам үнэмлэхүй олонх байхын зовлон нь сонгогдсон түшээд журмын нөхдөөсөө илүүгээ харуулж, уралдах зөн рүү түлхчихдэг аж. Хамгийн хорлонтой нь хуульт ёс, улс орны эдийн засаг хамаагүй болж байгаа нь юм. Олон тийшээ үсчилгүй Оюутолгойн далд уурхайн асуудлаар жишээ авч болж байна.

2016 онд шинээр эмхлэгдсэн парламент уламжлал ёсоор (Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эрх баригч бүр шалгадаг) “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” ажлын хэсгийг 2018 оны гуравдугаар сард байгуулсан. Хангалттай ажилласангүй юу өнгөрсөн жилийн тавдугаар сард ажлын хэсгийг шинэчлэн байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва сонгогдлоо. Бүрэлдэхүүнд нь ч өөрчлөлт орсон.

Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж томилохоор шийдвэрлэв. Өмнө нь байсан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар дээр нэмэгдээд шүүдээ. Бүрэлдэхүүнийг өргөтгөсний зэрэгцээ төрийн бус байгууллага, парламентад суудалгүй намуудын төлөөллөөс ч ажлын хэсэгт шингээх нь тэр. 

Ийнхүү уул уурхайг эсэргүүцэгчид гэмээр бүтэн бүлэг байгуулагдав. Дээр нь одоогийн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаар ахлуулсан УИХ-ын 15 гишүүнээс бүрдсэн Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх лобби бүлэг мэндэллээ. Олон жилийн турш поп улстөрчид, шантаажчин иргэний нийгмийн байгууллагуудын бай болсоор ирсэн энэ орд цагтаа эдийн засагт 17 хувийн өсөлт авчирч байсан ч ард түмний дунд нэр нь унаад байлаа.

Тэгэхээр жижиг тойрог дээрээс иргэдийн санал цуглуулан төр түшихээс өөр боломжгүй улстөрчдөөс бүрдсэн багийн хувьд зөвхөн “но” илрүүлэх ганцхан зорилготой замаар алхаж таарна.

Жижиг тойрог дээрээс иргэдийн санал цуглуулан төр түшихээс өөр боломжгүй улстөрчдөөс бүрдсэн багийн хувьд зөвхөн “но” илрүүлэх ганцхан зорилготой замаар алхаж таарна.

 

Нэг үгээр тэд ард түмнийхээ өмнө гавьяа байгуулах учиртай. Байгуулсан ч бололтой. Хэдэн өдрийн өмнө УИХ-аас байгуулсан Оюутолгойн гэрээнд шалгалт хийх ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Засаж сайжруулах зүйл нэлээд их байгаа учраас Оюутолгойн гэрээнд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт гарч байгаа.

Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад дотоодынхонтой холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас ҮАБЗ-өөс чиглэл авах нь зөв гэж үзсэн. Гэрээг сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд ажлын хэсэг хүрсэн тул Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүд санал дүгнэлттэй бүрэн танилцаж, няхуур хандаасай” гэлээ.

Ийнхүү эхлэх гэж олон жилийн драм туулсан манай улсад хэрэгжиж буй хамгийн том уул уурхайн төслийн ирээдүй бүрхэг болов. Бидний “Дубайн гэрээ” гэж хочилж заншсан баримт бичиг бол нэгэн цагт “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” хэмээн ажлынхаа зургийг гаргаж байсан Ерөнхий сайд асан

Ч.Сайханбилэгийн 2015 оны тавдугаар сарын 18-нд хийсэн Оюутолгойн далд бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө л дөө. Гэрээг хийсэн талууд тухайн үедээ зургаан тэрбум ам.долларын хэлцэл болсон гэж байлаа.

Гадаад дотоодын судлаачид үр дүнгээ Монгол Улсын эдийн засагт өгнө хэмээн хүлээж байсан төлөвлөгөө нуран унах нь, энэ. Уг төслийг “стандарт бус” Засгийн газар байгуулан, хоёр том хөршийг давж алхан эхлүүлж байсан Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн жилийн өдийд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “XX зуунд “Эрдэнэт”, XXI зуунд Оюутолгой хоёр л хөдөлсөн юм биш үү.

Олон юм нуршихгүй, ганц зүйл онцолж хэлье. Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс ч том татвар төлөгч болсон. Дашрамд хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм” хэмээж байв.

Түүний сайн, муугаараа дуу-дуулан байж босгож үр өгөөжийг нь улсдаа оруулж явсан төслийн хоёрдугаар шат одоо гацах дээр туллаа. Хэдийгээр Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргэсэн төдий байгаа ч УИХ-ын бараг тал гишүүд нь шууд болон шууд бусаар оролцсон дээрх дүгнэлт чуулганаар ороод дэмжигдэхэд гайхах зүйлгүй.

Үр дүнд нь өнөөг хүртэл лавтай тоогоор 1.6 тэрбум ам.долларын (Чингис бонд 1.5 тэрбум ам.доллар) татвар төлсөн аж ахуй жагсаалтаас гарах боломжтой. (“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нэгэнтээ “Дотоодод зарцуулсан нийт хөрөнгө нь найман тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Зөвхөн үндэсний худалдан авалтад л гэхэд 2.5 тэрбум ам.доллар зарсан” тухай хэлж байв)

Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна.

 

Ер нь тэгээд гэрээний сайн муу, сайхан муухайг ярихаас илүүтэй дам утгаараа өгч буй үр шимийг нь бас бодох хэрэгтэй. Тэнд ажиллаж буй 20 мянган монголчууд дэлхийн жишиг цалинг авч байгаа хүмүүс. Солонгост барлаг хийж буй монголчуудаас илүү цалин авч, дээр нь дэлхийд үнэлэгдэх мэргэжилтнүүд болж байгаа юм. Тэд ажилгүй болох, үгүй ядаж ажилгүй суух нь том эрсдэл биш юм уу.

Оюутолгойн төслийг эхлэхэд гадаадад ажиллах монголчуудын урсгал буурч байсан юм. Харин одоо энэ төсөл гацвал гадагшаа чиглэх ажиллах хүчний урсгалаа бид тогтоож дийлэх үү, 500 гаруй туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд дампуурах уу гэдэг асуулт гарч байна.

Ерөөсөө бидний ярих дуртай баялгийн хараал гэдэг бол аль нэг бөө удганы хийчихсэн зүйл биш юм. Тэр бол хувьдаа ашиг хайхдаа үй түмэн хүмүүсийг өдөөн турхирагчдын армийг хэлээд байгаа хэрэг. Манай улсаас гадны улсад гаргаад овойж, оцойтол мөнгө олж байгаа бараа, үйлчилгээ байна уу. Хэдэн малтайгаа байхад өлсөөд үхчихгүй боловч тэд маань татвар төлдөг бил үү.

Наад зах нь, 160 мянган төрийн албан хаагчийн цалин, цэцэрлэг сургууль, цэрэг зэвсгийн хангалтыг бүрдүүлдэг төрийн төсөв тэгвэл юунаас бүрдэж байна вэ. Муу сайнаараа хэлүүлсэн уул уурхайн бүтээгдэхүүн манай экспортын 90 гаруй хувийг эзэлж байна. Компани нинжа нь мэдэгдэхгүй байгальд баахан нүх ухаад зугтдаг жижиг нөхдүүдийг өмөөрөх гээд байгаа юм биш. Харин хэдий болтол хариуцлагатай уул уурхайгаа балбах гээд байгаа юм бэ гэдгийг л асууж байгаа юм.

Ер нь тэгээд хэл амны бай болоод байдаг ногдол ашгийг ч одоо тайлбарлах хэрэгтэй байх. Оюутолгойн 34 хувь нь Засгийн газрынх, 66 хувь нь “Рио Тинто”, “Айванхоу” болон өөр бусад компани, хувь хүмүүсийнх.

Ногдол ашиг гэдгийг Оюутолгой төсөлд хөрөнгө оруулсан хэн нэг нь түрүүлж хүртэхгүй.Ногдол ашиг хойшлогдсон бол энэ нь Засгийн газар болон бүх хөрөнгө оруулагчдад мөн адил хамаарна. Энэ ногдол ашгийг хүртэхийн тулд тодорхой үе шат туулдгийг бизнес гадарлах хүн бүр ойлгоно.

Тодруулбал, аливаа компани юуны өмнө олсон орлогоосоо үйл ажиллагааны (цалин хөлс, шатахуун, материал, түүхий эд, цахилгаан, ус болон бусад) зардлын төлбөрийг хийнэ. Дараа нь “debt service” буюу авсан зээлийнхээ хүүг төлнө. Хугацаа болсон зээлээ төлнө. Тэгээд “Taxes”буюу тухайн улс оронд өгөх татвар, хураамжаа төлнө. Энэ мэтчилэн олсон орлогоо зарцуулсаар хамгийн сүүлд “equity return буюу ногдол ашиг өгөх бөгөөд ингэхдээ эрсдэл үүрээгүй хувьцаа эзэмшигчдэд хамгийн сүүлд төлбөр хийнэ. Үүнийг бизнесийнхэн санхүүгийн хүрхрээ гэдэг.

Санхүүгийн хүрхрээний хамгийн сүүлчийн дамжлага дээр байгаа ногдол ашгаа хоосон бид улстөржилтөөрөө хойшлуулж байгаа юм. Оюутолгойг хөдөлгөсөн, түүний хоёрдугаар шатны төлөвлөгөөг баталсан хүмүүс өнөөдөр хуулийн байгууллагын хаалга татаад байна. Гэхдээ гэм буруутай эсэх нь энэ олон жил яагаад нотлогдохгүй байгааг ч бодох ёстой. Учир нь, Оюутолгойдоо биш улс төрийн талцал хуваагдал, нэгнээ намнах, нэр олох тулаанд байгаа юм.

Тийм болохоор л өнөөдөр далд бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах ёстой гэж дүгнэлт гаргаад байгаа багийн бүрэлдэхүүнийг харчих гээд байгаа хэрэг. Хэн нь ямар хууль баталж, хэний талд дуугарч, хэрхэн улс төр хийж ирснийг нь эргээд санахад л их юмны үзүүр цухуйна шүү дээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (203.91.118.247)

    2019-04-04

    Олон улсад авлига өгсөн нь нотлогдвол гэрээг хүчингүйд тооцдог. Монгол улсад ашиггүй гэрээ хийхдээ авлига авсан , байх, тйимээс энэ гэрээг хүчингүй болгож засах хэрэгтэй АН-ын луйварчдын сүйтгэсэн зүйлсийг засахгүй бол улс орон уруудна