Хүлэмжийн хий гэж юу вэ?
- 2019-04-08
- Байгаль орчин
- 0
Дэлхийн дулаарал болон бэлчээрийн цөлжилтийн тухай орон нутагт зохион байгуулагдсан зөвлөгөөний үеэр заалнаас нэг нөхөр “Таны яриад байгаа наадах хүлэмжийн хий чинь мань мэтэд ямар падлий байна аа. Манай Монголд чинь агаар мандал халаагаад байхаар тийм олон хүлэмж бий бил үү?” гэх нь тэр. Хүлэмжийн хий гэхээр шууд утгаар нь ойлгодог хүмүүс олон байгаа учраас олон нийтэд бяцхан тайлбар хийхээр энэхүү нийтлэлийг тэрлэж байгаа нь энэ буюу.
Хүлэмжийн хий гэдэг нь бидний ногоо жимс ургуулдаг хүлэмжтэй огт хамаагүй бөгөөд далай тэнгис гол мөрнөөс ялгарах усны их уур, бидний сая сая тонноор нь шатааж буй нүүрс, нефть,шатах хийнээс ялгарах нүүрсхүчлийн хий, азотын исэл, oзон болон фторт устөрөгчийн нэгдлүүдээс бүрддэг. Дээр нь ус намагт газруудаас ялгарах метан нийлээд эдгээр хийн үр нөлөөгөөр нарнаас эх дэлхийд маань ирж буй инфра улаан туяаны дулааныг сансарт дэгдүүлэхгүйгээр агаар мандалд барьж байдаг учраас дэлхийн гадаргуун хэсгийн температурыг нэмэгдүүлдэг. Ийм учраас бид товчхондоо хүлэмжин дотор зуны нартай өдөр ямар байдаг билээ, түүнтэй эх дэлхийгээ зүйрлэн хүлэмжийн хий гэж нэрлээд байгаа юм.
Дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ сүүлийн 200-гаадхан жилийн дотор 35 % өссөн бөгөөд уур амьсгалын өөрчлөлт ийн хурдан явагдаж байгаагийн гол шалтгаан нь хүн амын эрчимтэй өсөлт, аж үйлдвэрийн эрчимжилт зэргээс үүдэлтэй нүүрсхүчлийн хий 90% өссөнтэй холбоотой.
Хүлэмжийн хийг задалж, товчхонд нь ангилан авч үзвэл:
1.Жилээс жилд асар хурдацтай өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн амын хэрэгцээний дулаан цахилгаан гаргах, тээврийн хэрэгслийг ажиллуулахын тулд нүүрс, газрын тос, шатах хийг тэрбум тэрбум тонноор нь шатаахад нүүрсхүчлийн хий маш ихээр ялгарна. 2018 онд хүний үйл ажиллагааны улмаас 33 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгарсан нь дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж буй хүчин зүйлийн 75%-ийг эзэлж байгаа нь хүлэмжийн хийн дийлэнх хувь болж байна.
Ургамлын бүрхэвч ялангуяа ой мод нь ялгарч буй нүүрсхүчлийн хийн 20%-г өөртөө шингээдэг. Гэтэл хүмүүсийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээний улмаас ой модыг их хэмжээгээр огтолж тайрснаас дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын 20% буюу жил бүр 6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд хуримтлагдаж байна.
2.Эх газар болон далай тэнгисийн доорхи газрын тосны хайгуулын өрөмдлөг, олборлолт, байгалийн хийн хоолойноос алдагдах хий, нүүрсний уурхай, хог хаягдлын овоолго зэргээс их хэмжээний метан /СН4/ ялангуяа Хойд туйлын орчмоос сая сая жилийн явцад хуримтлагдсан үлэмж их метаны хий ялгардаг. Дээр нь нэмэгдээд саалийн фермүүд, мал бордох цэгүүд болон эрчимжсэн тариалангийн аж ахуйнуудаас ялгарах метан нь нийт хүлэмжийн хийн 14%-ийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Метан нь нүүрсхүчлийн хий шиг агаар мандалд удаан тогтдоггүй ч, түүний дулаан барих чадвар нь нүүрсхүчлийн хийнээс 20 дахин их учраас дэлхийн дулааралд учруулах хувь нэмэр нь багагүй.
3.Дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж буй хүчин зүйлийн 10 орчим хувь нь азотын дутуу ислийн /N2O/ ялгаралтай холбоотой гэж үздэг. Энэ төрлийн хийн гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй (азотын бордоо, малын өтгөн шингэн ялгадас). Хүлэмжийн хийд эзлэх хувь нь ялихгүй мэт харагдавч, дулаан барих чадвар нь нүүрсхүчлийн хийнээс даруй 300 дахин их учраас дэлхийн дулааралд үзүүлэх нөлөө нь асар их юм. Хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж буй хүчин зүйлийн 1%-ийг хөргөлтөнд голдуу хэрэглэдэг фреоны төрлийн фторт хий, төрөл бүрийн шингэнүүд. Эдгээрийн хор хөнөөл нь азотын дутуу ислээс илүү. Ийнхүү дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хоол хүнсний хэмжээ, малын тоо толгой, автомашин, эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч байгаа нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж, энэ бүгдээс болж эх дэлхий маань эрчимтэй халж дулаарч байна.
Дэлхий дулаарлаас болж хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж, дулаарлаас болж цөлжилт эрчимтэй явагдаж, газар сайгүй гал түймэр асч, дэлхийн тэнцвэрт байдал алдагдаж, улмаар байгалийн гамшигт үзэгдлүүд тохиох давтамж ойртож, эрч хүч нь нэмэгдэж байна. Үүнийг л бид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшиг гэж нэрлээд байгаа юм. Гэхдээ эсрэгээрээ хүлэмжийн хийн давхарга хэт нимгэрэх юм бол дэлхий хүйтэрч эхлэх нь ойлгомжтой.
Эрдэмтэн судлаачид дэлхийн дулаарал арван мянган жилд 0.01 градусаар нэмэгдэж байснаа сүүлийн 200-хан жилийн дотор 0.8-1.5 градусаар огцом нэмэгдсэн гэж тодорхойлдог. Хэрэв энэ чигээрээ үргэлжлэн дулаан 2 градусаар нэмэгдчихвэл түүнийг хэнбугай ч зогсоож чадахгүй, ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй болно. Хоёрхон градус нэмэгдэхэд сүйрнэ гэнэ үү, юун сүртэй юм гэж ярих хүн олон таардаг. Таны биеийн халуун 36С. Хэрэв та 38С хүртэл халуураад хоёрхон хоноход л яадаг билээ? Яг түүнтэй адил болно.
Эрдэмтэд үүнийг өнгөрсөн зууны 80-аад оноос эхлэн мэдэрч, дэлхий нийтээр энэ асуудалд анхаарч, НҮБ идэвхи санаачилга гаргаж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн Конвенцийг 1992 онд баталсан байдаг. Үүний дүнд 1997 оны сүүлээр батлагдсан Киотогийн протокол нь дээрх Конвенцитэй холбоотой олон улсын гэрээ бөгөөд гэрээний талууд болох хөгжсөн улс орнуудад хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах үүрэг хүлээлгэсэн.
Өнгөрсөн 150 жилийн аж үйлдвэрийн хөгжлийн явцад агаар мандалд хуримтлагдсан хүлэмжийн хийн хариуцлагыг юуны өмнө хүлэмжийн хийг ихээр ялгаруулж буй хөгжсөн улс орнууд хүлээх учиртай гэж үзсэн учраас Япон улсын Киото хотноо үйлдэгдсэн протоколын хавсралтанд заасан орнуудад хүлэмжийн хийгээ бууруулах нийтлэг боловч ялгаатай хариуцлагыг оноосон байдаг. Киотогийн протокол нь батлагдсанаасаа хойш 8 жилийн дараа хүчин төгөлдөр болсны учир шалтгаан нь уг протоколд дэлхийн улс орнуудын доор хаяж, 55 нь нэгдсэн байх, тэдгээр улс орнуудын хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралтын 55%-с илүүгүй байна гэсэн нөхцөл биелэлээ олохгүй чамгүй удсантай холбоотой. Хамгийн сүүлд ОХУ нэгдсэнээр дээрх нөхцлүүд хангагдаж, гэрээ хүчин төгөлдөр болж, улс орнууд үүрэг хүлээн ажилласан боловч, төсөөлж байсан амжилтандаа хүрч чадаагүй. Энэ нь үүрэг хүлээсэн улс орнууд түүнийгээ биелүүлээгүй бол ямар хариуцлага ногдуулах гэх мэт хариуцлагын тогтолцоо нь тодорхойгүй байсантай холбоотой байлаа. Жишээ нь Хятад, Энэтхэг гэх мэт улсууд хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дээгүүрт жагсдаг мөртлөө Киотогийн протоколоор үүрэг хүлээдэггүй байсан нь ихээхэн маргаан дагуулж байв. Дараа нь НҮБ-н уур амьсгалын өөрчлөлтийн Конвенцийн оролцогч талууд Копенгагенд хуралдсан боловч бас л дорвитой үр дүнд хүрч чадаагүй.
Киотогийн протоколоор үүрэг хүлээсэн хөгжсөн зарим улс орнуудын хүлэмжийн хийгээ бууруулах боломж шавхагдсан байсан учраас ийм улс орнууд хөгжиж буй улс орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх эсвэл хэрэгжсэн төслийн үр дүнг худалдан авч, түүнийгээ өөрсдийн хүлээсэн үүрэгтээ тооцуулах боломж олгосон юм. Энэ ажил нь Киотогийн протоколын үр дүнд хийгдэн Цэвэр хөгжлийн механизм гэж нэрлэгдсэн бөгөөд хөдөө орон нутгийг нарны эрчим хүч ашиглан цахилгаанаар хангах, эрчим хүчний хэмнэлттэй уурын зуухуудыг суурилуулах гэх мэт төслүүдийг хэрэгжүүлснээр энэ механизмын үр ашгийг хүртэх боломжтой байв.
Манай улсын Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, “Салхит”-ын салхин станцын төслүүд цэвэр хөгжлийн механизмд хамрагдаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан дүнгээ худалдаж, 1 тонн хүлэмжийн хийг ялгарлыг бууралтыг 10-15 доллараар үнэлж байлаа.
Хүлэмжийн хийгээ 100.000 тонноор бууруулахад 1 сая доллар авна гэсэн үг л дээ. Энэ механизм нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх анхны санаачилга, оролдлого байсан бөгөөд Хятадууд үүнийг овжин ашиглаж, нийт төслүүдийн бараг 70-80 хувийг хэрэгжүүлсэн юмдаг.
Дараа нь Киотогийн протоколтой ижил зорилготой Парисын Гэрээ нь 2015 онд батлагдсан бөгөөд жилийн дараа 2016 оны сүүлээр НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөгөөний 195 гишүүн орноос 194 нь гэрээнд гарын үсэг зурж, одоогийн байдлаар тэдний 117 нь гэрээг соёрхон баталжээ. Соёрхон батлана гэдэг гишүүн орнууд парламентаараа хэлэлцүүлж, хэрэгжүүлэх үүрэг хүлээж, баталгаажуулна гэсэн үг. Парисын гэрээ Киотогийн протоколоос хавьгүй амжилттай болсны учир шалтгаан нь дэлхийн уур амьсгал дулаараад байгаа нь эрдэмтэдийн тооцоо судалгаанаас гадна бидний нүдэнд ажиглагдаж, амьдрал дээр мэдрэгдээд эхэлсэн явдал болов уу.
Монгол улс жилд 20 гаруй сая тонн хүлэмжийн хий ялгаруулдгийг тусгай аргаар тооцож баталгаажуулсан байдаг. Тусгай арга гэдэг нь товчхондоо хичнээн тонн нүүрс олборлож шатаасан, хэдий хэмжээний нүүрсхүчлийн хий ялгарсан, бод, бог малаас хэдий хэмжээний метан ялгарсан гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэж тооцно гэсэн үг. Манай улсын хувьд, хүлэмжийн хийн ялгарлын хамгийн том эх үүсвэр нь мэдээж эрчим хүчний салбар, дараа нь мал аж ахуй ордог. Хөгжиж буй улс орнууд Парисын гэрээний дагуу 2 жил тутамд хүлэмжийн хийг бууруулахын тулд авахаар төлөвлөсөн арга хэмжээ, үйл ажиллагааныхаа тайлангийн хамт өгдөг болсноороо нилээд үр дүнд хүрсэн юм.
Монгол улсын хувьд хүлэмжийн хийн ялгарал жил бүр өсөх хандлагатай бөгөөд 2030 он гэхэд 50 сая тонн болох тооцоо гарчээ.
Иймээс Парисын гэрээг соёрхон баталсан бусад улс орнуудын адилаар манай улс ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний ашиглалтаа нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 14%-р бууруулна гэсэн амлалт авсан байдаг. Дэлхийд 100% сэргээгдэх эрчим хүч ашиглана гэсэн амлалт авсан улс, хотууд нэг биш бий. Жишээ нь БНХАУ-ын Манжуур хот гэхэд амлалтынхаа дагуу хэрэгцээгээ 100% сэргээгдэх эрчим хүчээр хангасан байна.
Бид ч гэсэн дэлхийн жишгээр бусадтай хөл нийлүүлэн нүүрснийхээ хэрэглээг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглэн төвлөрсөн эрчим хүчнийхээ хэрэглээг багасгах хэрэгтэй байна. 65 сая малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх замаар одоогийн тоо толгойг ядаж 20 хувиар багасгаж чадвал дэлхийн дулаарлыг бууруулахаас гадна жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цөлжилтийг сааруулахад ч малчид өөрсдийн хувь нэмрээ оруулж чадах боломж бий. Дээр нь хот хөдөөгүй айл бүр хашаандаа мод тарих хөдөлгөөн өрнүүлэн нүүсхүчлийн хийн ялгарлыг бууруулах шаардлага ч амьдралаас урган гарч байгаа юм.
Ш.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл (0)