“Капитал”-ыг тойрсон улс төр С.Эрдэнэ рүү чиглэх үү?
- 2019-04-09
- Эдийн засаг
- 0
“Капитал” банкийг татан буулгах шийдвэр дуншсаар өчигдөр л эцэслэгдлээ. Тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн багцын 80 хувьтай тэнцэж байгааг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдэгдсэн юм.
Өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөгт хүрчээ. Тус банк өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны байдлаар 28 салбар нэгж, 165.257 харилцах данс эзэмшигч, 56.164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байсан юм. Монголбанкны мэдээлж буйгаар “Капитал” банкинд иргэн, аж ахуйн нэгжийн 256 хадгаламжийн данс байгаа. 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан. Энэ санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан. Үүнээс иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгохоор зохицуулалт хийсэн гэв.
Ер нь бол “Капитал” банк дампуурч татан буугдах нь эхнээсээ тодорхой байсан. Цаг хугацааны хувьд гэнэт өчигдөр гарсан нь тус банкийг тойрсон улс төр АН-ын дарга С.Эрдэнэ рүү чиглэсэнтэй холбоотой гэж эх сурвалжууд хэлж байна.
Учир нь одоогоос хэдхэн хоногийн өмнө тэрээр “УИХ тар”, “ЖДҮ-чдэд хариуцлага тооц”, “60 тэрбумын схемээ ил болго” гэхчилэн эрх баригчдын эмзэг цэгүүдийг хатгасан үгсийг лоозон дээр бичиж жагссан. Ерөнхийлөгчийн бодлогыг ч шүүмжилсэн. Энэ үйлдэл нь “Капитал” банкны асуудлыг түргэсгэжээ. Учир нь тэрээр 2016 оны сонгуулийн өмнө Хүн ам, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Капитал” банкийг маш хүнд байдалд байхад нь өөрийн эрх мэдлийн хөрөнгөөр дэмжжээ.
Тиймээс одоогоос хэдэн сарын өмнө түүнийг “Намын даргаа өгөх үү, нарсандаа явах уу” гэсэн асуудал хүртэл яригдсан байна. Тэгвэл энэ асуудал өнөөдөр биеллээ олжээ.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)