Газар тариалангийн техник тоног төхөөрөмжийг 7 жилийн хугацаатай зээлээр олгохоор шийдвэрлэжээ

Монгол улсад Атар газар эзэмшиж газар тариаланг шинжлэх ухааны үндэстэй, бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож, газар тариалангийн салбарт техникийн үе шаттай шинэчлэл хийгдэж байгаа гэдгээрээ онцлог боллоо.

Улсын тариаланчдын зөвлөгөөнд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй, 21 аймгийн удирдлага, ХААГ-ын  мэргэжилтэн, тариаланчид оролцов. Зөвлөгөөнөөр 2019 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, техник технологийн шинэчлэл, хаврын тариалалтын бэлтгэл явц, хаврын тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмж, төрөөс үзүүлэх дэмжлэг, газар тариалангийн салбарын хөгжлийн чиг хандлага, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцжээ. 

Монгол Улсын Хөгжлийн банкны “Ди Би Эм Лизинг” ХХК-тай хамтран 2017 оноос эхлэн ОХУ-ын “Внешэконом” банкны зээлийн хөрөнгөөр “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2017-2018 онуудад нийтдээ 25 нэр төрлийн 755 ширхэг техник, тоног төхөөрөмжийг нийлүүлснээр  эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлэхэд дорвитой дэмжлэг болсон. Тиймээс техник шинэчлэлийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 3.2 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү хөрөнгөөр төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг зохион байгуулах юм. 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд” 7.6 сая ам. долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй байгаа 50-165 морины хүчтэй 180 ширхэг трактор, хадлангийн зориулалттай 40 иж бүрдэл, даршны таримал хураагч 34 ширхэг, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 20 иж бүрдэл техник нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эдгээр техник, тоног төхөөрөмжийг 10 хувийн урьдчилгаатай, 7 жилийн хугацаатай зээлээр олгохоор шийдвэрлэсэн. Дээрх трактор, техник, тоног төхөөрөмж нийлүүлэгдснээр газар тариалангийн зүтгэх хүчний техникийн хүчин чадал одоо байгаа төвшнөөс 10%-иар нэмэгдэнэ.

Мөн  дээрх төслийн 16,9 сая ам долларын хөрөнгөөр 50-125 га-ийн том оврын бороожуулагч болон 1-10 хүртэлх га талбайг услах хүчин чадал бүхий бага, дунд оврын усалгааны тоног төхөөрөмжийг  нийлүүлж байгаа бөгөөд 10 хувийн урьдчилгаатай, 8-12 жилийн хугацаатай зээлээр олгохоор шийдвэрлээд байна. Үүний үр дүнд 336 иж бүрдэл бүхий усалгааны тоног төхөөрөмж нийлүүлэгдэж үр тарианы 9000 га, төмс, хүнсний ногооны 770 га, жимс, жимсгэнийн 150 га талбайг усалгаажуулах боломж бүрдэх юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)