Д.Баясгалан: Хөрсний бохирдлын гол шалтгаан нь нүхэн жорлон байна
- 2019-04-15
- Байгаль орчин
- 0
Хөрсний бохирдлын талаар МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Баясгалангаас тодрууллаа.
-Сүүлийн үед хөрсний бохирдлын асуудлыг хөндөх боллоо. Манай орны хөрсний бохирдол ямар түвшинд байгаа вэ?
-НМХГ-аас жилд хоёр удаа хөрсний шинжилгээ авдаг. Ингэхдээ аюулгүйн үзүүлэлт буюу нян судлалын үзүүлэлтээр шинжилгээ хийдэг юм. Мөн аймгийн төвүүдээс хөрсний дээжний шинжилгээ авч, үнэлгээ дүгнэлт өгдөг. Хяналт, шинжилгээгээр Улаанбаатар хотод 50 орчим, аймгуудын төв 40 орчим хувийн хөрсний бохирдолтой байна гэсэн дүн гарлаа. Хөрсийг бохирдуулагч гол хүчин зүйл бол нүхэн жорлон юм. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нүхэн жорлонгийн стандартыг мөрдүүлэх ажлыг МХЕГ болон аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газар хийж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэх зорилгоор энгийн бие засах газруудад тандалт судалгааны ажил хийсэн. Судалгаанд 17 аймаг, нийслэлийн 4000 гаруй энгийн бие засах газрыг хамруулж, 86 орчим хувь нь стандартад нийцэхгүй байна гэсэн дүн гаргалаа.
-Нүхэн жорлонгоос гадна хөрсний бохирдолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд юу байна вэ?
-Хамгийн гол хүчин зүйл нь нүхэн жорлон байгаа. Мөн гэр хорооллын айлууд бохир усаа хийх зориулалтын муу усны нүх байхгүйгээс шууд хөрсөнд асгаж, хөрсийг их хэмжээгээр бохирдуулдаг. Тандалт судалгаанд хамрагдсан айлуудын 40 орчим хувь нь муу усны нүхтэй, үлдсэн хэсэг нь хөрсөнд асгадаг гэсэн дүн гарсан. Аймгуудын хувьд ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжууд цэвэрлэсэн бохироо хөрсөнд шингээх байдлаар хаядаг. Энэ нь хөрс бохирдох шалтгаануудын нэг болж байгаа юм. Үүнээс гадна төвлөрсөн шугамд холбогдоогүй газрууд бохироо хөрсөнд шингээх нь бохирдлын бас нэг хүчин зүйл болж байна.
-Хөрсний бохирдлоос үүдэх уршиг их байдаг байх. Хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг юм бол?
-Хөрсний бохирдол гадаргын усыг бохирдуулна. Гадаргын усаар дамжин гүний усыг бохирдуулах гэх мэт маш олон сөрөг үр дагавартай. Ус бохирдоно гэдэг маш том аюулын харанга. Хамгийн энгийн жишээ гэхэд бохир хөрсөн дээр тоглосон хүүхэд гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин, шар өвчин зэргийг тусах эрсдэлтэй.
-Стандартын дагуу бохироо асгахгүй байгаа газруудад хэрхэн хяналт тавьдаг юм бол. Тэдэнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Цэвэрлэх байгууламж гэдэг хөрөнгө, мөнгө шаардсан асуудал. Ялангуяа аймгуудын цэвэрлэх байгууламж олон жилийн насжилттай, нэлээд хуучирсан учраас эвдрэл элэгдэлд орсон байдаг. Энэ байдлаасаа шалтгаалж стандартын дагуу бохир усыг цэвэрлэж чадахгүй байна. Тиймээс засвар үйлчилгээг сайжруулах талаар арга хэмжээ авч байгаа. Үүний хүрээнд хэд хэдэн аймгуудын цэвэрлэх байгууламжийг солих төсөл явж байгаа юм билээ. Арга хэмжээ авна гэхээсээ илүү хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг бодлогын түвшинд нөлөөлөх үүднээс холбогдох яамдуудад нь албан тоот бичиг хүргүүлдэг. Түүнээс биш бохироо хөрсөнд асгасан иргэнд арга хэмжээ авах нь зохимжгүй юм.
-Хөрсний бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ямар ажлууд байгаа вэ. Үр дүн нь хэр байна?
-Бохирдлын дийлэнх шалтгаан нь энгийн бие засах газар байгаа. Үүнийг сайжруулж, стандартад нийцсэн болгох талаар Эрүүл мэндийн яам сургалт, сурталчилгааны ажлуудыг хийж байна. Байгаль орчны яам мөн энэ талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. Харин цэвэрлэх байгууламжийн асуудалд Барилга, хот байгуулалтын яам санаачлагатай ажиллаж, нэлээд хэдэн аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг ирэх онд хийхээр төлөвлөөд явж байгаа юм билээ. Бидний хувьд хяналт, шалгалтаа хийж, илэрсэн зөрчлийг холбогдох газруудад уламжлан шийдвэрлүүлэх ажлуудыг хийж байна.
Сэтгэгдэл (0)