Эмээлт захад хонь 110-250 мянган төгрөгийн үнэтэй байна

Энэ жилийн тухайд үхэр, хонь, ямааны махны үнэ өмнөх жилүүдийнхээс  өндөр үнэтэй байгаа. Манай сурвалжлах хэсэг Эмээлт захад зарагддаг хонь болон махны  үнийн талаар сурвалжилсан юм.

Захын хаалгаар явж орохтой зэрэгцээд хонь ачсан портер машин орсон юм. Портерийн эзэн Төв аймгийн Бүрэн сумын малчин О.Эрдэнэбат  юм. Тэрбээр 100 орчим км газраас 20 хоньтой ирсэн гэж байлаа.  Машиныг даган  хонь зардаг ченжүүд түүнийг хэдээр өгөх вэ гэсээр тойрон бүчиж зогсов. Түүнийг авчирсан хонио өгчхөөд гарч явахтай нь таарсан юм. Малчин маань хонио бөөнд нь  нэг бүрийг нь үнийг 160 мянган төгрөгөөр өгсөн гэж байв.

Тус захад найман жил хонь зарж буй ченж С.Загиржаваас  энэ жил махны үнэ өмнөх жилийнхээс өссөн нь юутай холбоотой байна гэж асуухад “Энэ жил Хятадын махны үйлдвэр аймгуудад байгуулагдсантай холбоотой. Тэд өнгөрсөн зун, намар хөдөөгүүр яваад мал, махаа авчихсан. Ялангуяа, Төв, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай гэсэн төвийн ойрхон аймгаар яваад авчихаар хот руу оруулж мал, махаа өгдөг малчид цөөрсөн гэсэн үг. Тиймээс холоос тээвэрлэж ирсэн мал үнэтэй. Түүнийгээ дагаад Улаанбаатар хотын иргэдийн хүнсэнд хэрэглэх махны бөөний үнэ өсөхөд нөлөөлсөн. Бөөний үнэ өсөхөөр жижиглэнгийн үнэ өсдөг” гэлээ.

Эмээлтэд нийт 100 гаруй ченж хонь, мал, мах борлуулдаг юм байна. Тэд бөөний үнээр авсан хонио зарж дуустал хариулах, хашиж хамгаалах байрны түрээс, өвс, тэжээл өгөх зэргээр нэмэлт зардал гардаг учраас үндсэн үнэ дээр нэмэгддэг юм байна.

Энэ өдөр тус захад төлөг 110-120 мянган төгрөг, хязаалан  тарган, туранхайгаас шалтгаалан 170-210, том эр хонь 180- 250,  шөлний эм хонь 170 мянган төгрөгийн үнэтэй байв.

Хонины гулууз мах  кг нь бөөндөө 6,500-7,500 төгрөг байлаа. Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх” захын махны ченжүүд эндээс авсан махаа кг-ыг нь 9-12 мянган төгрөгөөр жижиглэнгээр борлуулдаг гэж байлаа. Ченж Б.Балдандорж “ Өдөрт 7-8 хонь зардаг. Энэ жил ойроос ирэх мал ховор байна. Тиймээс өмнөх жилээс үнэ өссөн. Уг нь махны үйлдвэрээ холын аймгуудад барьсан бол төв суурингийнхан махаа хямд авах боломж байсан. Энэ хавар Увс аймагт зуд болж их хэмжээний мал хорогдсон гэж байна. Тэнд Хятадын махны үйлдвэрийг барьсан бол малчид зуданд өртөхгүй малаа нядалгаанд өгөх боломж байсан” гэж хуучилсан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)