Б.Мөнхбат: Сүхбаатарчууд талын бугаа өсгөж, байгалийн цогцолбор байгуулах боломжтой

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд, малчид хариуцлагагүй уул уурхайн золиос болж төрөлх нутагтаа амьдрах аргагүй боллоо гэсэн мэдээллийг  “Зууны мэдээ” сонины редакцид ирүүлснээр сэтгүүлч өнгөрсөн жил газар дээр нь очиж эрэн сурвалжлага хийж байв. Тус сумын нутаг Зүүн, Баруун Араатын уул, Лхачинвандад хайрхан, Хөндлөн хайлаастын нутагт  XIX зууны сүүлч, XX зууны эхээр Зүүн бүс нутгийг илбэн тохинуулагч сайд, Халхын 13 тамгатай хутагтын нэг   Егүзэр хутагт Галсандашийн  Хянганы нууруунаас авчирч нутагшуулж үржүүлсэн халиун бугын сүрэг болон зээр, гөрөөс газрын тос, нүүрсний тээврийн замын  тоосжилтоос болж үргэж дайжих нөхцөл байдал үүсээд байгаа. Өдгөө бугын тоо толгой 300-д хүрсэн ч тус сумын удирдлагууд  төдийлөн анхаардаггүй. Үндсэндээ нутгийн иргэд байгаль орчноо хамгаалан  тэмцэж,  2013 онд тус сумын уугуул Соёлын гавьяат зүтгэлтэн  сэтгүүлч, яруу найрагч Н.Лутбаяр талын бугын цусыг сайжруулах зорилгоор  Завхан, Төв аймгаас хангайн  бугыг  аваачиж нутагшуулж байв.  Тэгвэл аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат бүс  нутгийн байгаль орчныг  цогцоор нь хамгаалж, бугын сүргийг өсгөн  хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх  шинэ  санаачилга гаргажээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Эрдэнэцагаан сумын нутаг дахь  талын буга  Егүзэр хутагтаас  хойш байгалийн шалгарлаар өсч үржиж ирсэн. Та саяхан бугын сүргийг хамгаалж аялал жуулчлал хөгжүүлэх санал дэвшүүлжээ. Энд ямар боломжийг  судалж үзэв?

 

-Сүүлийн жилүүдэд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг Монгол Улсын хэмжээнд ярьж ирсэн. Гэхдээ дорвитой хийсэн ажил алга. Сүхбаатар аймгийн ИТХ-ын зүгээс хил орчмын аялал жуулчлалыг хөг­жүү­лэх, өвлийн аялал жуулчлалын бүтээг­дэхүүн болох “Агтана хүрээт” арга хэмжээг өнгөрсөн өвөл зохион байгуул­сан. Үүнийгээ баяжуулж соёлын олон талт ажил зохион байгуулахаар ярил­цаж байгаа. Энд нэг санал гаргасан нь хутагтын бугыг өсгөж үржүүлэх, хамгаалах, энэ чиглэлд анхаарал хандуулах тухай юм. Бичигтийн боомтын ойрхон оршдог Зүүн, Баруун Араат уулыг байгалийн цогцолбор болгоё гэсэн санаачилгыг сумын Засаг дарга, ИТХ-ын даргад санал болгож ярилцсан. Сумын удирдлагууд, ард иргэд ойлгож  хүсэлтээ гаргавал салбарын яаманд хандаж асуудал тавьж хамтран ажиллана. Одоогоор энэ асуудал санаачилгын хүрээнд явж байна. Хутагтын буга одоогоор 300 толгойд хүрсэн. Ган гачиг, дэлхийн дулааралтай холбоотой булаг шанд ширгэж усны хүртээмж багассанаас айлын малтай хамт хүний гаргасан худгаас усаа хувааж уух, мөн газрын тос, нүүрс тээвэрлэлтийн замаар хөндлөн гарч нүүдэллэх эрсдэлтэй байдал тулгарах болсон. Иймд бугын сүргийг хамгаалах асуудлыг хөндсөн. Эрдэнэцагаан сумынхан шийдвэрээ гаргавал Егүзэр хутагтаас хойш талын бугын төлөө хэрэгжүүлж буй буянтай үйлс болно гэж бодож байна.

-Нийтээрээ дэмжвэл буянтай ажил болно. Гэхдээ иргэд нь хэр ойлгож, хүлээж авч байгаа бол?

-“Манай өвөлжөө, хаваржаа”  гээд зарим айл зөвшөөрөхгүй байж мэдэх юм. Гэхдээ тэгж хувийн эрх ашгаа  гол болгохгүй байх гэж найдаж байна. Сүхбаатарчууд, Эрдэнэцагаан сумынхан Егүзэр хутагтаа хүндэлж биширдэг, бугаа хайрладаг. Тиймээс энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж, харилцан ойлголцох байх.

-Эрдэнэцагаан сумын нутагт  одоо ан амьтан нутагшуулах боломж хэр вэ?

 

-Энэ нутгийн байгаль, цаг уурын нөхцөл тун өвөрмөц. Эрт цагт цагаан тарвага, цагаан чоно, зэгсний зэрлэг гахай байсан гэж ярьдаг. Егүзэр хутагт  тарвага нутагшуулж, одой морь, аварга могой   тэжээж, хайлаас тарьж ургуулж ирсэн. Тэр бүү хэл заан, баавгай хүртэл сонирхож байсан гэлцдэг.

 

Эрдэнэцагаан сумын нутаг Хурангийн ууланд  гандигар гэж ховор сонин мод ургадаг. Бонго, хунчир, эрэвгэр, жирэвгэр, түмэн зангилаа гэсэн эмийн ховор  ургамал ургадаг. Бүс нутгийг байгалийн цогцолбор болговол ан амьтад нутагшуулахаас эхлээд  өвөл цаг хүндэрсэн үед өвс ургамал, тэжээлийн бааз байгуулах зэргээр олон ажил санаачилж хэрэгжүүлэх бололцоотой. Сүхбаатар аймаг адууны орон. Эрдэнэцагаанд  тахь, аргаль аваачиж нутагшуулбал амархан дасч идээших байх. Ер нь бол талын бугыг  брэнд болгож Эрдэнэцагаан сумын нутгийг Төв аймгийн нутаг Хустайн нурууны цогцолбор газартай адил хөгжүүлж болно. Тэгж чадвал хол ойрын хүмүүс аялж очих, амарч зугаалах орчныг бүрдүүлж аялал жуулчлал хөгжих боломжтой. Төр, засгийн зүгээс  шийдвэр нэгэнт гарчихвал цааш хөгжүүлэх нь орон нутгийн мэдэх  асуудал юм.

-Бугын сүрэг газрын  тосны болон нүүрсний тээврийн замыг яг хөндлөн гарч ус руугаа хүрдэг юм билээ. Тэгэхээр бугын бэлчээр нутгийг тойруулж зам тавих зэргээр зохицуулалт хийх болов уу?

-Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж буй улс орнууд тээврийн замын  дээгүүр  эсвэл доогуур нь мал амьтан гарах гарц хийдэг. Замын асуудлаар бид шаардлага тавьж байгаа. Уул уурхайн компаниуд энэ асуудлаар бидэнтэй хамтран ажиллах байх. Байгалийн цогцолбор газар болгож хамгаалалтад авах асуудлыг шийдчихвэл уул уурхайн компаниуд тээврийн замынхаа маршрутыг өөрчилж таарна. Өнөөдөр ч гэсэн тээврийн зам, тоосжилтоос болж ан амьтад дайжих, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, малын бэлчээр сүйдэж байгаа асуудлыг аймгийн ИТХ-аар ярьж байгаа. Газрын тосны олон салаа зам гаргасан компаниудад хатуу арга хэмжээ авах үүргийг аймгийн Засаг дарга өгсөн. Шаардлагатай гэж үзвэл, газрын тосны тээвэрлэлтийг зогсоох хүртэл арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлчихээд  байна. Шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгж, албан тушаалтанд хариуцлага тооцъё. Хариуцлагагүй уул уурхайтай ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид тэмцье гэсэн байр суурьтай байгаа.

-Буга, гөрөөсний идээшсэн нут­гаас зөвхөн Лхачинвандад уул дархан цаазтай юм байна. Гэтэл яг бэл­­чээр, уух ус нь байгаа Зүүн,Баруун Араатын салбар уулс, Хөндлөн Хай­лааст тусгай хэрэгцээнд юм уу, хам­гаалалтын зэрэглэлд ороогүй юм уу?

 

-Хилийн заагт оршдог Лхачинвандад уул бол  дархан цаазтай газар. Тал нь Хятадын нутагт, тал нь Монголын нутагт хамаардаг.  Түүнээс нааш 20-оод км-т Араатын уул бий. Буга энэ хооронд бэлчээрлэдэг. Тэгэхээр энд гурван уулын бэлчир нутгийг хамгаалах асуудал зүй ёсоор тавигдана. Ингэснээр буга, гөрөөсийг  хамгаалах, үржүүлэх, шинээр ан амьтад үржүүлэх, ургамал, мод бут тарих, ус гаргах зэргээр цогцолбор газар байгуулах  саналын хэмжээнд асуудал яригдаж байна.

 

-Нэг хэсэг бугын тоо толгой 200-д хүрч буурсан тал бий. Энэ нь манайхан өвс, хужир мараа тавьж өгч чаддаггүйтэй холбоотой. Хилийн цаана Лхачинвандад уулын урд  хятад иргэд бугыг урьж тавьж өгдөг сураг дуулдаж байсан?

 

-Өөрсдөө хужир тавьж өгөхгүй байж, тэр тэгчихлээ гээд сууж байж таарахгүй л дээ. Тиймээс хилийн царгийн ангийнхан болон аймаг, сумын байгаль орчны холбогдох газрууд анхаарч хужир, шүү тавьж өгдөг болсон байгаа. Ийм шийдлүүдийг хийхийн тулд цогцолбор газар байгуулж, буга, ан амьтдад таатай орчныг эртхэн бүрдүүлье гэж байгаа юм. Бүс нутагт уул уурхай хөгжиж, тээврийн замууд гарч, удахгүй төмөр зам орох асуудал яригдаж байгаа. Тиймээс энэ бүхнээс талын бугаа хам­гаалж, өсгөж үржүүлж, амьдрах  таа­тай орчныг бүрдүүлье гэж байгаа юм.

-Улсын хэмжээнд байгалийн цогцолбор газарт Сүхбаатар аймгаас орсон байдаг уу?

-Улсын хэмжээнд 21 цогцолбор газар байдаг. Манай аймгаас Дарьгангын цогцолбор газар орсон. Хамгийн гол нь бид эртхэн бичиг баримтаа бүрдүүлээд өгчихвөл салбарын яам шийдвэрийг нь гаргадаг. Ер нь цогцолбор газраа байгуулж бугаа хамгаалж, давхар аялал жуучлал  хөгжүүлбэл бүс нутгийн эдийн засаг өсөх боломжтой. Уламжлалт аргаар мал маллаж, өсгөж үржүүлж байгаа малчид, иргэдэд маань хориглосон заалт байхгүй.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)