Украйны удирдагч авлигын хэрэг шийдвэрлэх тусгай шүүх байгуулна
- 2019-04-22
- Дэлхий
- 0
КИЕВ – Өнгөрсөн пүрэв гарагт Украйн Улсын ерөнхийлөгч авлигын эсрэг тусгай шүүх байгуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү гэнэтийн шийдвэр нь өөрөөс нь илт давуу санал авах төлөвтэй байгаа сонгуулийн өрсөлдөгчөө давах гэсэн оролдлого гэж ойлгогдохоор байна.
Саяхан хийгдсэн рейтингийн судалгаагаар хошин шогийн жүжигчин Володимир Зеленски 61 хувийн санал авсан бол Ерөнхийлөгч Петро Порошенко 24 хувийн санал авсан юм. Энэхүү судалгаанд 3000 хүн хамрагдсан бөгөөд өнгөрөгч Пүрэв гарагт дүнг нь зарлажээ.
Маш алдартай телевизийн нэгэн олон ангит кинонд ерөнхийлөгчийн дүрийг бүтээдэг 41 настай хошин шогийн жүжигчин Зеленски өмнө нь улс төрийн албан тушаал хашиж байгаагүй аж.
Гэвч Зеленски ийм өндөр нэр хүндтэй байгаа нь Украйнчууд авлигад асар ихээр идэгдсэн улсынх нь элитүүдтэй огт холбоогүй, мөн 2014 оноос хойш сүүлийн 5 жилийн турш Оросын дэмжлэг бүхий салан тусгаарлагч нарын асуудлыг шийдвэрлэх арга замыг олж мэдэх шинэ удирдагчийг хүсэж буйн шууд илрэл гэж ойлгож болох юм. Тус салган тусгаарлагч нарын зөрчилтэй байдлын улмаас 2014 оноос хойш 13000 хүн амиа алдаад байгаа билээ.
Тэрээр 3 дугаар сарын 31-ний өдөр болсон эхний шатны санал хураалтанд 31 хувийн санал авч 16 хувь ч хүрэхгүй санал авсан Порошенког бут цохисон юм.
53 настай Порошенко өөрийгөө Оросын эсрэг улс орноо хамгаалж чадах хүчтэй хүн гэж тодорхойлдог бөгөөд өрсөлдөгч Зеленскиг улс төрийн туршлагагүй тул Кремлиний хоол амархан болно гэж шүүмжилж байна. Хэдий дэлхий нийтийн ихэнх нь Орос Улсыг Кримийн асуудлаар шүүмжилдэг ч Украйны удирдагчаар ямар ч хүн тодорсон газар нутгаа эргүүлж авах найдлагагүй юм.
Порошенко мөн авлигын асуудлыг анхаарч үздэггүй тул олны дургүйцлийг төрүүлдэг аж. Түүний хүрээллийн хүмүүс Батлан хамгаалахын салбарын хөрөнгө шамшигдуулсан зэрэг хэргүүдэд холбогдож, олонд ил болсон нь түүний нэр хүндийг ихээр унагаажээ.
Эх сурвалж: www.foxnews.com
Сэтгэгдэл (0)