Эмэгтэйчүүд нэгдэж “Ногоон бүс” байгуулах ажлын эхлэлийг тавилаа

   Монголын эмэгтэйчүүдийн холбоо, БНХАУ-ын Эрээн хотын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран Замын-Үүд сумын Борхойн талд энэ сарын 19-ний билэгт сайн өдөр 100 ширхэг улиас, 400 ширхэг жигдийн суулгац тарилаа. Тус арга хэмжээнд МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Эрээн хотын эмэгтэйчүүдийн холбооны дарга Сэргэлэн, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Замын-Үүд сумын засаг даргын орлогч О.Үүрцайх, МЭХ-ны Замын-Үүд сумын эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн тэргүүлэгч Ц.Саруулсайхан нар хүрэлцэн ирж, мод тарьсан юм.

 Энэ үеэр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, цөлжилт, хуурайшилт газар авч байгаа энэ цагт дэлхийн эмэгтэйчүүд шашин шүтлэг, нас, хүйс, арьс өнгө үл хамааран нэгдэж, байгаль экологийнхоо төлөө, цөлжилтийг бууруулах, ногоон байгууламж байгуулах ажлыг хамтран хийх ёстой. Уг ажлын эхлэл болгож хоёр улсын эмэгтэйчүүдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ногоон бүс байгуулах томоохон ажлын эхлэлийг тавьж байна. Цаашид нэг удаа мод тариад өнгөрөх бус тарьсны дараах арчилгаанд анхаарах хэрэгтэй байна. Тиймээс МЭХ энэ асуудалд анхаарлаа хандуулж, мод, цэцгийг хэрхэн зөв тарих, тариалалтын дараах арчлалт, ургуулалтын арга зүйд олон нийтийг сургах сургалт явуулахыг зорьж байна. Энэхүү сургалтад нас, хүйс үл хамааран бүх насныхан хамрагдах боломжтой. Бидний өнөөдрийн үйл ажиллагааг боломжит бүх хэлбэрээр дэмжиж ажилласан хувь хүн болоод албан байгууллагуудад талархал илэрхийлье. Хүн бүр эх байгальтайгаа шүтэлцэн үеийн үед сэтгэл хангалуун амьдрах ирээдүйг бүтээхэд эмэгтэйчүүд бидний үүрэг, оролцоо хамгаас чухал юм” хэмээн онцлон хэллээ.

     Харин Эрээн хотын эмэгтэйчүүдийн холбооны дарга Сэргэлэн: “Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд, мөн хоёр улсын эмэгтэйчүүдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд суманд 100 ширхэг улиас, 400 ширхэг жигд мод хандивлаж, хамтран тарьж байна. Цаашид байнга уялдаа холбоотой ажиллаж, эмэгтэйчүүдийн ажил үйлсийг улам ахиулахын төлөө хичээцгээе” гэсэн юм.

Мод тарих арга хэмжээнд олон нийтийн байгууллагууд, МЭХ-ны Замын-Үүд дэх салбар зөвлөлийн төлөөлөл, Хот тохижилтын газар, хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл болон Замын-Үүд сумын иргэд зэрэг хоёр настай балчраас 100 настай ахмад хүртэл идэвхтэй оролцлоо. Ийнхүү нийт 10 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хандивын модод Монгол газрын хөрсөнд суулаа. Цаашид арчилгаа, усалгааг нь Замын-Үүд сумын Хот тохижилтын газар хариуцан ажиллана. 

Энэ үеэр тус сумын Хот тохижилтын албаны мэргэжилтэн, ажилчидтай уулзаж, модны арчилгаа, усалгаанд онцгой анхаарах зөвлөмжийг сонссон. Тэд "Монголд олон төрлийн мод тарьдаг ч ургаж буй нь тун ховор. Цаашид мод тарихаас илүүтэй арчилгаанд анхаарах нь чухал болоод байна. Мод тарих амархан ч арчлах нь насан туршийн ажил юм. Ургахад амар хялбар мод гэж байдаггүй. Харин арчилж чадвал ямар ч модыг хаана ч ургуулж болно" гэдгийг онцолсон. 

Мод тарих ажилд  оролцож буй бяцхан иргэн

Замын-Үүд сумын 100 насан мод тарилцлаа...

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорноговь аймгийн эмэгтэйчүүдтэй уулзалт хийлээ

         Мод тарих арга хэмжээний дараа МЭХ-ны ерөнхийчлөгч Б.Оюунгэрэл Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын эмэгтэйчүүдтэй уулзалт хийсэн юм. Тэрээр энэ үеэр салбар зөвлөлийн тэргүүлэгчдэд уламжлалт гар урлалын сургалтууд явуулах, 5-р сарын 15 буюу “Олон улсын гэр бүлийн өдөр” орон нутгийнхаа иргэдэд зориулсан тусгай хөтөлбөрт арга хэмжээ зохион байгуулах, 6-р сарын 1 буюу “Эх үрсийн баяр”-т зориулсан бүтээлч, үр дүнтэй хөтөлбөр бэлтгэх, 10-р сарын 11 буюу “Олон улсын охидын өдөр”-өөр өсвөр насны охид, хөвгүүдийн насны онцлогт тохирсон сонирхол, чиг хандлага, үерхэл нөхөрлөл, хөгжил боловсрол, эрүүл мэнд, мэргэжил сонголт зэрэг сэдвүүдийн хүрээнд үндэсний хэмжээний нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахад идэвхийлэн оролцохыг уриаллаа.

Дорноговь аймгийн эмэгтэйчүүдтэй хийсэн уулзалт

Замын-Үүд сумын эмэгтэйчүүдтэй хийсэн уулзалт

Замын-Үүд сумын эмэгтэйчүүдтэй хийсэн уулзалтын үеэр

Замын-Үүд сумын эмэгтэйчүүдтэй хийсэн уулзалтын үеэр

Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр МЭХ-ны төлөөлөл ногоон байгууламж бүхий Эрээн хотын цэцэрлэгт хүрээлэнтэй танилцаж, туршлага судлахын зэрэгцээ тус хотын мод үржүүлгийн бүсэд мод тарив. Эрээн хотын засгийн газар нэг жилийн дотор 10 км урт, 500 метрийн өргөн ойн бүсэд элс, хуурай нөхцөлд тэсвэртэй 17 төрлийн 780.000 суурь модыг тарьж, ургуулжээ.

 

Эрээн хотын ойн бүс, цэцэрлэгт хүрээлэнтэй танилцав

 

Эрээн хотын ойн бүс, цэцэрлэгт хүрээлэнд

 

 

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Эрээн хотын эмэгтэйчүүдийн холбооны дарга С.Сэргэлэн нар 

 

Эрээн хотын ойн бүс, цэцэрлэгт хүрээлэнд

 

Эрээн хотын ойн бүс, цэцэрлэгт хүрээлэнд 

 

 

Сэтгүүлч Л.Булганчимэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.121.159)

    2019-04-22

    ЮУ ВЭ энэ чөтгөр шиг хүүхэн эмэгтэйчүүдийн байгууллагыг бас хятадтай уячихв уу балаай