Ц.Отгонням: Бага мөнгөөр өндөр ашиг хүртэх сонирхол нь залилах гэмт хэргийн тоог нэмэгдүүлж байна
- 2019-04-24
- Үнэн
- 0
Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Отгоннямтай ярилцлаа.
Цагдаагийн ерөнхий газраас эдгээр өдрүүдэд “Залилан” нэгдсэн аяныг зохион байгуулж байна. Энэ аяны талаар ярилцлагаа эхлүүлье.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Цагдаагийн ерөнхий газраын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран 2019 оны 04 дүгээр сарын 15-30-ны өдрийн хооронд “Хариуцлагатай үйлдэл-Эрсдэлгүй амьдрал” уриан дор Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж байна.
Залилах гэмт хэргийн тухай 2010-2012 онд 6000 гаруй хохирогчтой, 15.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг бол үүнээс хойш буюу 2012-2014 онд энэ төрлийн гэмт хэргийн гаралт харьцангуй бага байсан. Гэтэл 2014 оноос хойш бусдыг залилах хэрэг ахиад нэмэгдэх хандлагатай болсон.
2018 онд энэ төрлийн гэмт хэргийн тоо 2017 оноос 79,3 хувиар өссөн, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 2018 оны мөн үетэй харьцуулахад 19,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс бид энэ төрлийн гэмт хэргээс иргэдийгээ урьдчилан сэргийлэх, тэдэнд мэдээ, мэдээлэл өгөх, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх зорилгоор энэ аяныг эхлүүлсэн.
Иргэдийн хувьд өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс болж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь их байна. Залилагч этгээдийг сайн судлалгүй зөвхөн тухайн хүний ярианд итгэж, өөрсдийн эд хөрөнгө, эрүүл мэнд болон бусад байдлаар хохирч байгаа асуудал гарч байна.
Залилангийн гэмт хэргийг дотор нь задалж авч үзвэл аль төрлийн залилан давамгайлж байна?
Сүүлийн үед сүлжээний тодотголтой залилангийн хэрэгт өртөж их хэмжээгээр мөнгө өгч алдах, үл таних хүнд өөрийн дансыг ашиглуулж гүйлгээ хийлгэх, виз гаргуулах нэрийн доор бусдад залилуулах, гэрээгээр үйлдсэн залилан, утсаар чинь яриад өгье гэж хэлээд бусдын гар утсыг авч залилах төрлийн залилах хэргүүд их бүртгэгдэж байна.
Иргэдийн хувьд бага мөнгөөр өндөр ашиг хүртэх сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор сүлжээний гэмт хэргүүд ихэсч байна. Сүлжээний бизнес гэсэн нэрийн ард пирамид тогтолцоотой луйвар нуугдаж байгааг иргэд төдийлөн тоодоггүй. Энэ нь эргээд өөрийг нь эрсдэлд оруулдаг муу талтай.
Бас хөрөнгө оруулалтын сан, гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн гоё сайхан нэрний ард энэ сүлжээ нуугдан иргэдийг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, хууль бус аргаар хөрөнгөжих болсон. Мөн шууд болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан олон нийтэд суртал ухуулга явуулж, гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүд иргэдийг төөрөгдүүлж залилж байна.
Ийм сүлжээний улмаас хохирсон иргэдийн тоо жилээс жилд өсч байна. Тиймээс үүсч болзошгүй эрсдэлээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлж мэдээ, мэдээлэл өгөх, гэмт үйлдлийг таслан зогсоох тал дээр цагдаагийн байгууллага идэвхтэй арга хэмжээ авч ажиллаж байна.
Данс ашиглах гэмт хэргийн талаар та түрүүн цухас зурдсан. Өнөөдрийн нийгэмд банкны данс ашигладаггүй хүн ховор шүү дээ. Тэгэхээр иргэд бид энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх хэрэгтэй вэ?
Сүүлийн үед дэлгэрсэн нэг төрөл бол бусдын дансыг ашиглаж хэн нэгнээс мөнгө залилах үйлдлүүд их болсон. Жишээ нь танихгүй хүн та картаа ашиглуулаач, хөдөөнөөс ирээд хамаг бичиг баримтаа алдчихлаа гэж хэлээд тухайн иргэний дансруу мөнгө шилжүүлж авдаг. Гэтэл тухайн иргэн хэн нэгэн хүнд худлаа хэлээд мөнгө луйвардсан тохиолдол их байна.
Үүнээс гадна танихгүй дугаараас хэн нэгэн хүн яриад “Танд гадаад улсаас карго ачаа ирсэн байна, олон улсын тусламжийн байгууллагаас илгээмж ирсэн байна, таны утасны дугаартай илгээмж байна. Та илгээмжний төлбөр болох хэдэн төгрөгийг яг одоо энэ дансруу шилжүүлчих. Манай бараа түгээлтийн машин гарах гэж байна. Таны ачааг явуулахад бэлэн байна” гэх мэтээр худал ярьж иргэдээс мөнгө залилах явдал их гарч байна. Одоо ер нь гадаадад амьдардаг хүмүүс их болсон учир иргэд маань манай хамаатны тэр Солонгост амьдарч байгаа. Тэр маань л юм явуулсан байх гэж бодоод л мөнгөө шилжүүлж орхидог. Ийм өнгөц байдлаар аливаа зүйлд битгий хандаач гэж зөвөлмөөр байна. Үүнээс гадна иргэдийн хувьд мөнгө шилжүүлж, эд хөрөнгөө захиран зарцуулж байгаа нөхцөлд эх сурвалжийг сайн судалж, мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвөлгөө авах, албаны эрх бүхий байгууллага, цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах, цаад харьцаж буй хүний баримт бичиг үнэн, үндэслэлтэй зэргийг нягталж үзэж байж дараа дараагийн алхмуудыг хийх хэрэгтэй. Иргэд өөрсдийнхөө хийж байгаа үйлдэлдээ хариуцлагатай хандсанаар энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүл, эд хөрөнгөө хамгаалах боломжтой.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар ял оноодог вэ?
Энэ төрлийн залилангийн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл заалтаар зохицуулж өгсөн байдаг. Цагдаа, прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол шүүхээс хорих ял оноодог. Цагдаагийн байгууллага төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Залилан хийсэн хэн ч хуулийн гадна үлдэхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь ихэвчлэн ямар төрлийн хүмүүс болж байна вэ? .
Иргэд өөрсдөө амар хялбар аргаар их ашгийг богино хугацаанд олох хүсэл зорилгодоо автан энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох явдал их байна. Хохирогч нарын насны хувьд 25-50 насны иргэд голдуу байна.
2015 онд шинээр батлагдсан Эрүүгийн хуулинд Залилангийн гэмт хэрэгт хохирлын хэмжээг заагаагүй учраас залилах үйлдэл хийж бусдыг хохироосон бол хохирол харгалзахгүй гэмт хэрэгт тооцдог болсон. Гэмт хэргийн хохирогч болж, эд материал, сэтгэл санаагаар хохирохоосоо өмнө эхлээд судалгаагаа сайн хийж, хуулийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж зөвөлгөөтэй сайтар танилцаж, тэднээс зөвөлгөө авсны дараа өөрийн үйлдлийг хариуцлагатай хийх нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад ихээхэн ач холбогдолтойг хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)