“Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төсөл”-ийг хэрэгжүүлнэ
- 2019-04-30
- Орон нутаг
- 0
Өндөрхаан нисэх буудал нь 1958 онд ЗХУ-ын нисэх отряд байрлаж байсан суурин дээр 7 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Орон нутгийн хэмжээнд АН-2 онгоцоор Дадал, Норовлин, Биндэр, Батширээт, Баян-Адарга, Бор-Өндөр, Өмнөдэлгэр зэрэг сумдад зорчигчтээвэр, ачаа тээш, шуудан, түргэн тусламжийн үүрэг гүйцэтгэж байсан.
Монгол Улсын Засгийн газар Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хооронд 2018 оны 07 дугаар сард нэмэлт өөрчлөлтийн хэлэлцээр байгуулж “Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон.
Үүнтэй холбоотойгоор 3.5 сая ам долларын санхүүжилтээр Хэнтий аймаг дахь “Өндөрхаан” нисэх буудлын аэродром, барилга байгууламжийг шинээр барих ажлын ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажил хийгдэж дуусжээ.
Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран Төслийн нэгжийг байгуулан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ сарын эхээр зарласан ба сонгон шалгаруулалт үргэлжлэн явагдсаар байна.
Цаашид Өндөрхаан нисэх буудлын аэродром, барилга байгууламжийг шинээр байгуулах ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийг зарлах, мөн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж 2020 онд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ойгоор тус нисэх буудлыг нээх зорилт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)