“Майн нэгнийг хөрөнгөтний газар үзжээ” нийтлэлийг цээжлэх гоё шийтгэл
- 2019-05-01
- Үнэн
- 1
Социализмын үед 1990 он хүртэл орон даяар тэмдэглэдэг байсан баяруудын нэг нь “Майн нэгэн” юм. Туг дарцаг, уриа лоозон барьсан хүмүүсийн зохион байгуулалттай гоё жагсаал жил бүрийн тавдугаар сарын 1-нд олон газар болдгоос хамгийн том нь Сүхбаатарын талбай дахь нийслэлчүүдийнх, дунд зэрэглэлийнх нь Дархан, Эрдэнэт хот, мөн аймгуудын төвийнх. Цаашаа сум, бригадын төвшинд болохоор багахан зиндааных. Миний л мэдэхээс 1960, 1970, 1980-аад онд орос хэлтэй дарга голдуу сэхээтнүүд Майн 1-нийг тэмдэглэх болсон учир шалтгааны талаар яаж мэддэг байна аа гэж бишрэх төвшинд лекцэлдэг, ярьдаг байв. Тухайн үед интернэт байсан биш, хожмоо мэдэх нь ээ, тэдний мэдээллийн эх сурвалж нь орос Britannica буюу Большая советская энциклопедия байсан юм билээ.
Тэдгээр их мэдэгч нар: -Америк, Канадын социалист, коммунист үйлдвэрчний эвлэлүүд 1886 оны тавдугаар сарын 1-нд жагсаал зохион байгуулж, нэг хоногт ажлын цагийг найм болгох шаардлагыг анх удаа асуудал болгон тавьсан. Америкийн Чикаго хотод цагдаа жагсагч нарын хооронд мөргөлдөөн гарч энгийн номхон зургаан иргэн, нөгөө талаас найман цагдаа амь насаа алдсан байдаг. Тэсрэх бодис дэлбэлж цагдаа нарын аминд хүрсэн хэргээр энгийн дөрвөн ажилчныг баривчлан цаазалсан юм. Ажлын найман цагтай болгохын төлөөх анхны жагсаалаас гурван жилийн дараа 1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-нийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан. Манай ах нар (Орост их, дээд сургууль төгссөн сэхээтнүүд оросуудыг “ах нар” гэж ярьдаг байв) ажилчдын баяр- Майн 1-нийг 1917 оны Октябрийн хувьсгал ялахаас өмнө Цагаан хааны үед 1890 оноос жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтсон. Манай улсад 1922 оноос эхэлж тэмдэглэсэн.
Монгол Ардын Засгийн газрын Цэргийн яамнаас Майн 1-ний баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 31 дүгээр тушаал гаргасан түүхтэй. Тушаал дээр Сүхбаатар жанжин “Арван хоёрдугаар он гурван сарын шинийн гурван. Цэргийн яамны тэргүүн сайд, бүх цэргийн жанжин Сүхбаатар” гэж гарын үсгээ зурсан гэх мэтээр өгүүлнэ.
Бидний хэдэн нөхөд, сумын төвийн дунд сургуулийн тавдугаар ангид байсан санагдана. Нэг удаагийн Майн нэгний баярын жагсаалд бэлтгэх сургуулилтаас машид залхаад ангийнхаа багшид “Энэ баяр чинь ажилчин ангийн тэмдэглэлт өдөр юм бол малчдын хүүхэд бидэнд хамаарахгүй юм биш үү. Тэгээд ч манай суманд ажилчин анги байхгүй биз дээ” гэж том үг хэлж билээ. Том үгнээсээ болж улстөрийн хэрэгт орж, шийтгэл хүлээсэн дээ. Аз болоход, шийтгэл нь маш сайхан заалттай байсан. Урьд өмнө нь ч, хожмоо ч би зөндөөн л шийтгүүлж явлаа. Тийм гоё шийтгэл ер нь аваагүй шүү. Тэр аягүй гоё шийтгэл нь: Их зохиолч Д.Нацагдоржийн Германд суралцаж байхдаа 1928 онд бичсэн “Майн нэгнийг хөрөнгөтний газар үзжээ” нийтлэлийг цээжлэх явдал байв.
Ой тогтоолт сайтай хүүхэд насанд, дээр нь уран зохиолын амт мэдрэгдсэн тийм зэргийн хэмжээтэй багахан бичвэрийг уншаад шууд цээжилсэн юм. Бид бүгдээрээ багшдаа цээжилсэн нийтлэлээ хоороороо ч уншиж шалгуулаад, ганц ганцаараа ч уншиж шалгуулаад бүр хөөрцөглөн онгирцгоож билээ.
Бидний нийтлэл “МАЙН ХӨРӨНГӨТНИЙ онгирцгоож цээжилсэн НЭГНИЙГ ГАЗАР ҮЗЖЭЭ. Эелдэг зөөлөн хаврын өглөөнөө дорно умар зүгээс том гэгчийн улаан нар сая мандан гараад, баруун Европын нэг ихээхэн хотын чөлөөний эсрэг хандсан нэг өндөр байшингийн гуравдугаар давхрын цонхоор гэгээн гэрэл тусахад, дотор нь унтсан Очирын нүд гялбаж, сая нойрноос сэрэв. Даруй босон хэд суниагаад, гар нүүрээ угааж байтал санамсаргүй бүдүүн бүрээ ба хэнгэрэг цангийн дуу гадна сонстов. Даруй сонирхол тавин чагнавал, мөнхүү хөгжмийн аялгуу өглөөний ариун агаартай хослон, нээсэн цонхоор орж ирэх нь Очирын сэтгэлд бахтай бөгөөд аятай байдлыг төрүүлнэ. Удалгүй хөгжмийн дуу улмаар ойртож түүний нарийн хөг, булгийн усны урсгал адил гүехэн гүехэн, сэм сэмээр эгшиглэхэд Очир их л сониноор мэдэрч, нүүрээ хагас арчин, цонхоор шагайвал, өргөн гудамжаар урт жагсаал, цуварч, үйлдвэрчин ардууд улаан тугийг намилзуулан, интернационалын дууг дуулж, тэнгэр газрыг доргитол сүрт жагсаалыг үзүүлэн явна. Энэ нь тавдугаар сарын 1-ний дэлхий дахины үйлдвэрчдийн их ёслол ажээ. Харгис цагдаа зэвсэглэж тойрон явавч, үйлдвэрчин ардын жагсаал өчүүхэн ч цочихгүй, бас зэрэг дэвийг алдалгүй, өндөр хоолойгоор хувьсгалын дууг дуулж, цэх цэх алхлах бөгөөд эрс чанга зоригийг гайхуулна. Үүнд хувьсгалт газраас ирсэн Очирын сэтгэл хөдөлж жагсаалыг шувтартал сонирхон шагайсаар хоцров” гэсэн үг өгүүлбэртэй билээ. Дашрамд хэлэхэд, нийтлэлд гарч байгаа Очир нь их зохиолч өөрөө бөгөөд Нацагдорж гэсэн нэрний “дорж” гэдэг төвөд үг нь санскритээр очир юм.
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (1)
S (202.179.25.114)
A TIIN MONGOL TEGEED TER IH SHOUDAJ TEMDEGLEDEG BAISAN OLON ULSIN AJILCHIDIN ERH ENE TER NI YAG AJLIIN 8 TSAGAARAA HEREGJIDEG YUM UU?,HARINCH BUR ESEREGEEREE BOLOOD BAIGAAM BISHUU???,UG NI 8 TSAGIIN AJIL CHINI HOOL AMRALTIN 1 TSAG NI NEMEGDEJ OROOD 8 TSAG YUM LDAA,NIITDEE 7 AJIL 1 TSAG AMARAH YUM ,AMARALTIN TSAGIIG AJLIIN TSAGT ORUULJ TOOTSDOG YUM.TEGEED 8-AAS ILUU TSAG BOL NEMELTEER TOOTSNO.HAGAS BUTENSAIND AJILVAL AMARALTIN UDURIIN NEMELTEER TOOTSDOG YUM.