Х.Энхжаргал: ҮАБЗ-д Оюутолгойтой холбоотой маш ноцтой материал танилцуулсан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн АТГын удирдлагуудыг чөлөөлж, томилох саналыг хэлэлцлээ. Ерөнхийлөгч АТГ-ын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нарыг санал болгосон юм. Улмаар тэднийг АТГ-ын удирдлагаар томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.

 

Л.МӨНХБААТАР:

-АТГ-ын томилгооны асуудлыг хэлэлцэхэд тодорхойгүй зүйл байна. АТГ-ын одоогийн удирдлагын бүрэн эрхийн хугацаа дууссан уу. ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан уу. Мөн өмнөх удирдлагуудыг чөлөөлсний дараа томилгоог хэлэлцэх ёстой байх. Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон эсэхийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээгүй, шийдвэрээ гаргаагүй байгаа шүү дээ. Энэ талаар тодруулмаар байна. Харин нэр дэвшигчдийг нь дэмжиж байгаа.

Ш.РАДНААСЭД:

-Үндсэн хуулийн Цэцэд нэг жил гаруйн өмнө АТГ-ын удирдлагын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон эсэх асуудлаар иргэн хандсан. Гэтэл Үндсэн хуулийн Цэц ажлаа хийхгүй, өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргаагүй байна. Тэгэхээр цаашдаа иргэдээс ирж байгаа мэдээллийг цаг алдалгүй шуурхай хэлэлцэх шаардлага Цэцэд байна.

Н.ОЮУНДАРЬ:

-Өчигдөр АТГын удирдлагуудын томилгооны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулсан. Нэр дэвшигчдээс нэмж тодруулъя. АТГ-ын удирдлагаар томилогдвол цаашид хэрхэн ажиллах вэ.

АТГ-ын даргад нэр дэвшигч З.ДАШДАВАА:

-Нээлттэй хэлэлцүүлэгт 70 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон. Тэдний зүгээс АТГ-ыг иргэдэд нээлттэй болгох, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа иргэдийн оролцоотой хийгээч гэсэн. Мөн нийгэмд дуулиан тарьсан олны анхаарлыг татсан хэргүүдийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг тодруулж байсан. Ажлаа авсан тохиолдолд хэргийн мөрдөн шалгалтыг шуурхайлж, тодорхой зохион байгуулалт хийнэ.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.БАТСАЙХАН:

-Ер нь хэлэлцүүлгийн үеэр хэлсэн саналуудыг тусгаж ажиллана. Хууль хэрэгжсэнээс хойш хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын зөрчлийг хянаж шалгадаг, хяналтаа тавьдаг байдал нь өнгөрсөн хугацаанд сайн үнэлгээ өгч байсан. Төрийн албыг хашихад хувийн байдал, хувийн ашиг сонирхол, нөлөөлөх, нөлөөнд автах, хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос ангид байлгах чиглэлээр хууль үр дүнгээ өгч байгаа учраас илүү сайжруулж ажиллана.

С.БЯМБАЦОГТ:

-Чөлөөлөгдөх гэж байгаа удирдлагуудаас асуулт асууя. АТГ-т ямар нөхцөлд хэрхэн ажиллав. Авлигын индекс хэрхэн буурсан бэ. Хууль, эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай юу. Үүн дээр тодорхой хариулт өгнө үү. Мөн өнгөрсөн хугацаанд нэлээд дуулиантай байсан хэргүүдийн шалгалтын явц ямар байгаа вэ. Энэ хэргүүдийг хэрхэн шалгаж үргэлжлүүлэх ёстой вэ.

АТГ-ын дарга Х.ЭНХЖАРГАЛ:

-Авлигын индекс 72-оос 83, 103 болж өссөн байсан. Харин энэ жил бага зэрэг буурч 93-т орсон. Авлигын индексийг олон үзүүлэлтээс хамаарч гаргадгийг хүмүүс мэдэж байгаа байх. Хамгийн их саад болсон зүйл нь гаднаас авсан бондын мөнгийг үрчихээд өршөөсөн явдал байлаа. Тодруулбал, 2015 оны Өршөөлийн хуулиар 33 их наяд төгрөгийн өрийг өршөөсөн. Хууль бусаар олсон, тайлагнаагүй 33 их наяд төгрөгөө өршөөсөн гэсэн үг. Энэ нь, олон улсад манай улсын нэр хүндийг хараар будаж, авлигын индекс ухрахад хүргэсэн. Харин хэргүүдийн тухайд асуудалгүй байх. Би хоёр жил 10 сарын хугацаанд АТГ-ын олон сайхан залуучуудтай ажиллахдаа олны анхаарал татсан ихэнх хэргүүдийг шалгаж, үр дүнд хүрсэн гэж бодож байгаа. 10-аад хоногийн өмнө Ерөнхийлөгч болоод Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөнд Оюутолгойтой холбоотой товхимол өгсөн. Үүнд маш ноцтой асуудлууд хөндөгдсөн. Гэхдээ ил байх ёстой учраас ямар нэгэн нууцлалд оруулъя гэж бодоогүй. Шалгасан хамгийн том хэрэг нь энэ байна. Энэ хэргийг шалгах явцад үндэстэн дамнасан корпорац, хөрөнгө мөнгөтэй хүмүүстэй янз бүрийн аргаар нүүр тулсан. Гэхдээ тэд энэ асуудлыг монголчууд ойлгох уу, чадах юм уу гэсэн хандлагатай байсан. Харин бид нэлээд амжилттай шалгасан гэж үзэж байгаа. Төр нэгэнт ажлаа авч хоёр сайхан залууг томилуулахаар оруулж ирсэнд би тааламжтай байгаа. Харин энэ хэргүүдийг зайлшгүй цааш нь үргэлжлүүлж авч явах ёстой шүү гэдгийг хэлэх ёстой гэж бодож байна. Харин Улсын ерөнхий прокурортой уулзахдаа гурван боть 69 хэргийн талаар юу хийснээ өгнө. Үүн дээр байдал нэлээд тодорхой харагдах байх. УИХ-ын танхимд эрүүгийн хэргийн талаар ярих эрх байхгүй.

Ш.РАДНААСЭД:

-33 их наяд төгрөгийг өршөөсөн гэж байна. Үүний хэчнээн нь эд хөрөнгийн асуудал байна вэ. Оюутолгойн шалгалт ямар шатандаа явж байгаа вэ. Дууссан гэсэн үг үү?

АТГ-ын дарга Х.ЭНХЖАРГАЛ:

-Оюутолгойн шалгалт 90 орчим хувьтай байгаа. Хамтад нь маш нууц материал танилцуулсан. 33 их наяд төгрөгийн асуудал нууцлалтай учраас Татварын ерөнхий газраас цөөн хүрээнд шаардлагатай тоонуудыг л бидэнд өгсөн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)