Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд Оюу толгой хэрхэн нөлөөлж чадах вэ?

Дэлхий зэсээр цангах цаг айсуй. Ирэх 25 жилийн хэрэгцээ л гэхэд бүх уул уурхайн компаниуд нийлээд өнгөрсөн 500 жилд үйлдвэрлэсэн нийт зэсийн хэмжээтэй дүйцэхүйц их байх таамгийг уул уурхайн мэргэжилтнүүд дэвшүүлж байна.

Энэ их эрэлт, хэрэгцээг хэн хангах вэ? Хэцүү сорилт мэт боловч Монгол шиг зэс үйлдвэрлэгч орны хувьд харин эсрэгээрээ нэн таатай боломж юм. Одоо л цаг алдалгүй зөв хөдөлж чадах аваас Монгол Улс хурдацтай хөгжлийн замд орох гээд байна.

Ирэх жилүүдэд цахилгаан хөдөлгүүрт автомашин, эрчим хүч хадгалах батарей, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд болох нар, салхин цахилгаан станцын хэрэглээ нэмэгдэх таамагтай, үүнийг дагаад үнэт металлын эрэлт өснө. Үнийн өсөлтийг дагаад ажлын байр нэмэгдэж, татвар, роялти, ханган нийлүүлэлт өсөх тул уул уурхайн салбар тэлж, цаашлаад улс орны эдийн засаг эрчимжиж, шинэ бизнесүүд цэцэглэх орон зай бий болохоор байна. Ингэснээр Монгол Улс ихээхэн хэмжээний үр ашиг хуримтлуулж, ард иргэддээ хүртээх боломж бүрэлдэх юм. Гэхдээ байгалийн нөөцийн үр шимийг хүртэхийн тулд гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, “ноу-хау” буюу өндөр мэдлэг, туршлагыг нутагшуулах шаардлагатай.

Монголын хувьд гадаад хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлтэй ч Чили, АНУ тэргүүтэй зэсээр баян улс орнуудтай өрсөлддөг гэдгээ мартаж болохгүй. “Рио Тинто”-гийн сүүлийн жилүүдэд АНУ, Чили, Австрали дахь зэсийн уурхайнууддаа нэмэгдүүлж буй хөрөнгө оруулалтаас тухайн өрсөлдөөний дүр зургийг жишээ авч харж болохоор юм.

Оюу толгойн уурхай өнөөг хүртэл Монгол Улсад хөрөнгө оруулалт амжилттай татсаар ирсэнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ энэ бүхэн Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ хийж, харилцан итгэлцлийн хүрээнд гарын үсэг зурсан хөрөнгө оруулалтад нэн чухал гурван эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн үр дүн юм. Эдгээр эрх зүйн баримт бичгүүд буюу “Хөрөнгө оруулалтын гэрээ” (ХөОГ), “Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ” (НӨОДТХНГ) болон “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” (ДУББСТ) нь одоогоор татаад буй мөнгөний суурь болохоос гадна ирээдүйд хөрөнгө оруулалт үргэлжлэн хийгдэх баталгаа болж байна. Уншигч та эдгээр гэрээг сонирхож байвал “Оюу толгой”-н цахим хуудаснаас уншаарай. Эдгээр гэрээ анхнаасаа л олон нийтэд ил байсаар ирсэн билээ.

2009 онд Оюу толгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г үзэглэсний үр дүнд Монголын их говьд дэлхийн энтэй уурхайг бүтээн байгуулж, өргөтгөхөөр 20 орчим санхүүгийн байгууллага, компани 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалт хүлээсэн юм. Оюу толгойн уурхайг бүтээн байгуулж, олон улсад шагшигдахуйц аюулгүй ажиллагаа, технологи, өндөр бүтээмжтэй ашиглаж, ажиллуулж байгаа явдлыг угтаа чамлах бус бахархан тэмдэглэх нь зүйтэй. Учир нь энэ бүхэн нь дэлхий дахинаа дурсагдах Монголын алдар суу бөгөөд монгол хүний өндөр ур чадварын илрэл юм.

Хэмжээгээрээ Улаанбаатар хотын төв хэсэгтэй дүйх Оюу толгойн гүний уурхайг бид хамтдаа барьж байгуулж байна. Эл зэс, алтны уурхайн бүтээн байгуулалт дууссанаар дэлхийн нэгэн гайхамшигт төсөл болж үлдэх юм. Оюу толгойнх ” Рио Тинто”-ийн өдийг хүртэл бүтээн байгуулсан хамгийн дэвшилтэт технологитой ч барихад хамгийн түвэгтэй бүтэцтэй уурхай билээ. Дэлхий даяар ийм төрлийн блокчлон олборлох уурхайг байгуулж чадах хуруу дарам цөөн компани байдаг, түүний нэг нь “Рио Тинто” юм.

Харамсалтай нь бидэнд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг хоёр жил гаруй зогсоож байсан түүх бий. Шалтгаан нь уурхайг улс төрийн өрөг дэх шатрын хүү болгож, нэгнийгээ тоглоомоос гаргах, анхаарал татах хэрэгсэл төдийхөнд авч үзсэнээс үүдэлтэй. Уг түүхийг давтагдуулахгүй байх нь чухал.

ДУББСТ нь харин бүтээн байгуулалтын ажлыг сэргээх боломжийг 2015 онд бий болгосон юм.

ДУББСТ гэх гэрээгээр олон тулгамдсан асуудлыг шийдээд зогсохгүй Оюу толгой ХХК-д дараахь үүргүүдийг хүлээлгэсэн байдаг. Үүнд:

•Тогтмол аудит хийх, сар бүр үйл ажиллагаагаа тайлагнах

•Орон нутгийн болон бүсийн хөгжилд тогтсон дэмжлэгийг үзүүлэх

•Монгол Улсын Засгийн газар болон хувь нийлүүлэгчдийн төслөөс хүртэх өгөөжийн харьцааг тодорхойлж, үүний дагуу төслийн дийлэнх өгөөжийг Монголын ард иргэд хүртэхээр тусгасан.

•Оюу толгойн төлөх татварын тодорхойлж, үүрэгжүүлсэн.

•12 тэрбум ам.долларын санхүүжилтийг 20 гаруй зээлдэгчээс босгох цогц санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулж, баталсан.

Мэдээж энэхүү ДУББСТ-өөг талууд өндөр итгэлцэлд суурилж байгуулсан. Гурван өөр улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй олон улсын томоохон компанийн хувьд Рио Тинто нь “Их Британийн “Авлигын эсрэг хууль”, АНУ-ын авлигын эсрэг хууль тогтоомж болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) баталсан бизнесийн ёс зүйн дүрэм, журмыг бат сахидаг. Тийм ч учраас бид байгууллага дотроо үргэлж хатуу дагаж мөрддөг “Бидний ажлын арга барил” нэртэй ёс зүйн журамтай билээ.

Оюу толгойн бүтээн байгуулалт 2010 онд эхэлснээс хойш бид улсын төсөвт нийт 2.3 тэрбум ам.долларыг татвар, роялти, бусад төлбөр хэлбэрээр төвлөрүүлээд байна. Оюу толгойн уурхайн олон мянган ажилчдын 90 гаруй хувь нь дан монголчууд, үүн дээр ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудынхаа ажилчдын тоог нэмбээс 45 мянга давна. Ийм үр нөлөөтэй төслийг үргэлжлүүлэхгүй байж боломгүй. Гэхдээ бид бас цаг хугацааны хайчийг тооцож, шуурхай арга хэмжээ авах шаардлага байна. Уул уурхай нь тодорхой мөчлөгт захирагддаг бизнес тул тохиромжтой цагийг угтан бэлдэж эс чадваас ашиг олох мөчлөгөө арваад жилээр алдах эрсдэлтэй юм.

Түүхийн хуудаснаа амжилтад хүрэх олон арга зам гэрчлэгдэн үлдсэн байдаг гэж би итгэдэг. Чили улсын түүхийг судалбаас хувийн хэвшил, төр, орон нутаг нэгдэж улс түмэндээ үр ашигтай ажилласан арвин туршлагад нэвтэрч болно.

Монгол Улс олон талаараа Чилийн 1990 оны нөхцөл байдлыг санагдуулна. Зэсийн нөөцөөр баян тус улс нь хөгжил дэвшилд хөтлөх боломж нээгдсэнийг уул уурхайн салбарыг хөгжүүлэх эдийн засгийн ухаалаг бодлогоор дэмжсэнээр иргэддээ бодит ашиг, баялгийг бий болгож чадсан юм. Ашигт малтмалын нөөцөд суурилсан баялгийг бий болгоход гадаад хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой эрх зүйн орчныг ганхуулахгүй бүрэлдүүлэх нь чухал. Урт хугацааны дараа ашгаа өгдөг, урьдчилж ихээхэн хөрөнгө оруулдаг манай салбарын хувьд тийм эрх зүйн орчин, хараат бус шүүх засаглал, гэрээ, хэлэлцээрийн дархан байдлыг хангах амлалт ус агаар мэт хэрэгтэй.

Оюу толгойд гэхэд дээр дурдсан гурван гэрээнд тулгуурлаж 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийх боломж бүрдэж буй бөгөөд тус гэрээнүүд хөндөгдсөнөөр бидэнд бизнес үргэлжлүүлэх бололцоогүй болно. Бидний хамтын уурхайн үйл ажиллагаа ч зогсоно.

Нэг зүйлийг зайлшгүй ойлгох хэрэгтэй нь түншийн хувьд “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компаниуд нь Оюу толгойн үр өгөөжийг гэрээний хүрээнд нэмэгдүүлэх арга замуудыг хамтдаа судлахад нээлттэй. Гэхдээ ХөОГ, НӨОДТХНГ болон ДУББСТ зэрэгт өөрчлөлт оруулах аливаа оролдлого гаргах нь бидний мэдлээс хэтэрсэн ноцтой үр дүнд хүргэж болзошгүй юм.

Өнөөдөр би Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллаж байна. Миний сүүлийн жил орчмын хугацаанд хийсэн 11 дэх удаагийн айлчлал юм. Энэ удаад ч мөн адил миний бие Монгол Улсын эрх баригчид болон бусад эрхэм хүндтэй төлөөлөлтэй уулзаж, аль аль талдаа харилцан ашигтай шийдэлд хүрэхээр санал солилцоно. Тиймээс энэ индрийг ашиглан Засгийн газарт хандаж, хамтын шийдэл олохоор идэвхтэй хамтарч ажиллахыг мөн уриалмаар байна.

Би гүний уурхайн төслийг зогсоохыг хүсэхгүй байна. Гэвч урьд нь хэлэлцээд тохирсон гэрээнүүдийн аливаа заалтыг дахин хэлэлцэхийг даалгах аваас бидэнд өөр сонголт үгүй. Олон давхар шалгалт, аудит хийж, эрчим хүч зэрэг чухал асуудалд туйлбаргүй хандсанаар үүдэн төслийн эрсдэл хэдийнэ өсдөгөө өсч, бүтээн байгуулалтын эрч суларчихаад байна.

Сүүлийн хоёр жилийн турш бид түншийн хувьд Оюу толгойн уурхайн өгөөжийг нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ уламжилсан. Байгуулсан гэрээнийхээ хүрээнд татварын маргааныг шийдвэрлэж, зээлийн хүү бууруулах, цахилгаан станц барих, нийгмийн асуудлуудыг сайжруулах боломж бий бөгөөд ингэх шийдлийг эрэлхийлэх гарц нээлттэй. Гэвч бид “Рио Тинто” болон олон улсын 20 орчим санхүүгийн байгууллагын чухалчилж буй эдгээр суурь гэрээний нэг ч заалтыг өөрчлөхөөр хэлэлцээ хийхгүй.

Учир иймд, бидэнд нэн эгзэгтэй цаг үе тулгараад буйг та бүхэн ойлгож байгаа байх. Тиймээс Монгол Улсын ард иргэдийн урт хугацааны эрх ашгийг хамгаалах төлөөлөл болсон Монгол Улсын их хурал болон Засгийн газар Оюу толгойг зогсоохгүй, 17.000 хүнийг гудамжинд гаргахгүй, 700 гаруй компанийн 45.000 монголчуудыг ажилтай байлгадаг ханган нийлүүлэгчдийг хохироохгүй, Монгол Улсыг хөрөнгө оруулагчдын газрын зургаас баллахгүй авч үлдэнэ гэдэгт найдаж байна. Нэг бус тав, арван Оюу толгойтой байх боломжтой, хөгжил дэвшилд тэмүүлсэн оюун ухаан ур чадвар өндөр иргэдтэй улсыг цогцлоох боломж та бүхэнд бий.

АРНАУД СУАРАТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.126.89.128)

    2019-05-05

    Зогслоо гэхэд бид амьдарч л таараа.Айлгана гэж бодож.Бүхэл бүтэн улсыг яаж дээрэлхээд байнаа.Бид бол африкийн харууд биш Монголчууд хэзээ ч боол байгаагүй үндэстэн.Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашнаа.Эд нар зайлбал таарна одоо ухахгүй ч хойч үед минь үлдэг

  • Зочин (64.119.20.192)

    2019-05-04

    Гүний уурхайг наадуул чинь зогсоохгүй худлаа сүрдүүлж байна.Тэрбишдагва тэргүүтэй ажлын хэсгийн дүгнэлтийг авч үзэж яаралтай Дубайн гэрээг цуцлаж шаардлагатай гэвэл наад луйварчидаа хөөж явуулаа.Монгол оюутолгойтой толгойгүй амьдраад л байсан болж л таараа.Наадуул чинь худлаа манжилж байгаад 20 жил бүгдийг ухаж аваад зугтана шүү наад шар толгойтой луйварчид чинь.

  • tur (106.35.208.45)

    2019-05-03

    estoi hutsana biz

  • (202.9.42.183)

    2019-05-03

    Алуурчны үг