Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө-энэ бол таны эрх!
- 2019-05-03
- Үнэн
- 0
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай сэтгүүлчид, уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж байна. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова илгээлт гаргасан байна. Илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙХ ЭРХ, ЯЗГУУР ЭРХ ЧӨЛӨӨ-ЭНЭ БОЛ ТАНЫ ЭРХ!
Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн салшгүй нэг хэсэг мэдээлэлтэй байх эрх нь хүний язгуур эрх чөлөө юм. Онлайн ба офлайн орчинд мэдээлэл хүлээн авах ба түгээх нь эрх зүйн зарчим, сайн засаглал, ардчилалын тулгын чулуу юм.
Энх тайвныг сахин хэрэгжүүлэх, хөгжил цэцэглэлтийг баталгаажуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах ба ядуурлыг таслан зогсоох хүчин чармайлтыг ирж буй арван таван жилийн турш удирдан чиглүүлэх “Тогтвортой хөгжлийн төлөө хөтөлбөр- 2030”-ийг дэлхийн улс орнууд өнгөрсөн жил зөвшилцөн баталсан юм. Тогтвортой Хөгжлийн зорилго нь шинэ хөтөлбөрийн гол хурдасгуур болох харилцан хамааралтай хоёр зорилт-иргэдийн язгуур эрх чөлөөг дээдлэн хамгаалах ба мэдээлэлтэй байх эрхийг зорилтот чиглэлээ болгосон юм.
Сэтгэл түгшээсэн хэрэг явдал, шинэ өөрчлөлт дэлхий даяар өрнөж, хамтран ажиллаж, хамтдаа арга хэмжээ авахыг шаардсан сорилт тулгарч буй энэ цаг үед чанартай мэдээллийн хэрэгцээ урьд урьдаас илүү чухал болоод байгаа нь иргэдийн мэдэх эрхийг хангасан боловсронгуй тогтолцоо ба хэвлэлийн эрх чөлөөний найдвартай орчинг шаардаж байна.
Мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжийг одоогоос 250 жилийн өмнө, өнөөгийн Швед, Финлянд улсын газар нутагт анх, албан ёсоор баталсан байдаг. Түүхэн үйл явдал хойч үеийнхний урам зоригийг өнөө хэр нь хөглөж, орон орны Засгийн газар иргэдийнхээ мэдээлэлтэй байх эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсаар байна. Тусгаар тогтнолоо шинээр зарласан Намиби улсад, 25 жилийн өмнө, Хэвлэлийн эрх чөлөөний Виндхукийн Түүхэн Тунхаглалыг баталсан нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний өдрийг тэмдэглэх эхлэлийг тавьсан юм.
Түүхэн үйл явдлыг цохон тэмдэглэхийн ялдамд, энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр “2030 он хүртэлх хөгжлийн ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ чөлөөт, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхийн чухлыг онцлон дурдаж байна. Таван хоног тутамд хэвлэл мэдээллийн нэг ажилтан эмгэнэлтэйгээр амь насаа алдаж байгаа энэ цаг үе сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг сануулж байна. НҮБ-ын сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах ба тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлшүй үлдэх буй асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр хязгаарлалгүй, ЮНЕСКО орон орны Засгийн газартай хамтран дэлхий даяар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд аюулгүй, чөлөөт орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Энэ өдрийг тохиолдуулан бүгдээрээ нэгдэн нягтарч, хүний мэдээлэлтэй байх язгуур эрх чөлөөг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжихийг уриалж байна. Дэлхий даяар мөнхөд орших энх тайван, тогтвортой хөгжлийг бүтээн цогцлуулахын төлөө бидний хүсэл тэмүүлэл, хүний эрх, нэр төрийг сахин хангахад энэ нь зайлшгүй чухал билээ.
Энэ бол Таны эрх!
Ирина Бокова
Сэтгэгдэл (0)