М.Батсайхан: Хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлж, чанаргүй зээлийг бууруулах хэрэгтэй

Монголбанкны Хууль эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн мэргэжилтэн М.Батсайхантай ярилцлаа. Бидний ярилцлага чанаргүй зээлийг шийдвэрлэх арга зам болон Төвбанкнаас үүнтэй холбогдуулан хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд өрнөсөн юм.

-Манай улсад зээлийн хүү хэт өндөр. Дэлхийн бусад орноос хэд дахин давсан хэмжээтэй гэж шүүмжилдэг. Гэтэл үүнээс үүдэлтэйгээр чанаргүй зээлийн хэмжээ хурдацтай өсч буйг албаныхан хэлэх болсон. Энэ тухайд албан ёсны тоо баримт ямар байдаг талаар мэдээлэл өгнө үү?

-Манай улсын хувьд зээлийн хүү тэр тусмаа банкны салбарын зээлийн хүү 2000-2012 оны хооронд буурсан ч сүүлийн зургаа, долоон жилийн хугацаанд бууралт зогссон төдийгүй өсөх хандлагатай байна. Банкны салбарын зээлийн хүү өнөөдрийн байдлаар дунджаар 20 орчим хувьтай байгаа нь дэлхийн бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт. Тэр дундаа манай улстай ойролцоо орлоготой буюу дундаас доош орлоготой орнуудын хэмжээнд тав, Зүүн Ази, Номхон далайн орнуудтай харьцуулахад 10 орчим хувиар илүү байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаад дан ганц зээлийн хүүг авч үзэхээс илүүтэй түүнд нөлөөлж байгаа эдийн засгийн нөлөөллийг тооцоолох нь зохимжтой байх. Тухайлбал, сүүлийн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдаж, бизнесийн салбарын чадамж буурах, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсны улмаас чанаргүй зээлийн хэмжээ өсөхөд нөлөөлж байна.

 

Чанаргүй зээл нэмэгдэхийн хэрээр зээл олгоход тулгардаг эрсдэлийн зардал өсөхөд нөлөөлдөг.

 

-Чанаргүй зээлийн эзлэх хувь хаана илүү давамгай байна вэ. Аж ахуйн нэгжүүд үү эсвэл хувь хүмүүсийн зээл чанаргүй ангилалд шилжээд байна уу?

 

-Энэ талаар Монголбанкнаас сар болгон судалгаа гаргадаг. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 10.7 хувийг эзэлж байгаа дүн гарсан. Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээл 5.4 хувь буюу нийтдээ 16 орчим хувьд хүрсэн байдалтай байна. Үүнээс 85.5 хувь нь хувийн байгууллагын, 14 хувь нь иргэдийн зээл байна гэсэн үзүүлэлт гарсан. Цаашилбал, чанаргүй зээлийн 25.6 хувийг уул уурхай, 20.5 хувийг боловсруулах, 15.6 хувийг барилга, 8.2 хувийг үл хөдлөх хөрөнгийн салбарын зээл эзэлж байна.

 

-Чанаргүй зээлийг шийдвэрлэх арга замыг та бүхэн хэрхэн харж байна вэ. Мэдээж ганц арга хэмжээ авснаар шийдэл болохгүй болов уу?

 

-Юуны түрүүнд чанаргүй зээлийн улмаас нийгэмд учруулах хор уршгийн талаар тодорхой ойлголтыг хүргэх нь зүйтэй болов уу. Дээр дурдсанчлан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр банкнаас олгох зээлийн хэмжээ буурч, зээлийн барьцаа хөрөнгөд тавих шаардлага өндөрсөнө. Эрсдэл өндөртэй салбарт зээл, санхүүжилт олгохоос зайлсхийдэг. Улмаар бодит секторын өсөлт хумигдаж, эдийн засгийн сэргэлтийг сааруулах шалтгаан, нөхцөл болдог төдийгүй халамжийн зардлыг өсгөн татварын орлогыг бууруулдаг зэрэг муу үр дагавартай. Харин чанаргүй зээлийг үр ашигтай шийдвэрлэснээр эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж, банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг зөв, ил тод болгох, хуримтлал бий болгох, хөрөнгө оруулалтыг өсгөх замаар баялгийг бүтээх, бизнес эрхлэгчдэд таатай нөхцөлийг бүрдүүлэх зэргээр мөнгө, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой юм. Иймээс чанаргүй зээлийг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэхийн тулд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-ийг өнгөрсөн оны зургаадугаар сард баталсан. Уг стратегийн хүрээнд холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн чанаргүй зээлийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх зэрэгтэй холбоотойгоор судалгаа, шинжилгээний ажлыг Монголбанк төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Тухайлбал, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг суурь зохицуулалтын хуулиас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон улсын бүртгэлийн хууль тогтоомжид холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар төлөвлөн судалгааны ажлыг хийгээд эцэслэх шатандаа явж байна.

 

-Ингэж эрх зүйн орчин бүрдүүлснээр чанаргүй зээлийн хэмжээг хэчнээн хувиар бууруулах боломжтой гэж үзсэн бэ. Тодорхой тооцоолол гаргасан уу?

 

-Дээр дурдсан стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангаснаар чанаргүй зээлийн хувийг 2021 он гэхэд 4-5, 2023 он гэхэд 2-3 хувь хүртэл бууруулна гэж үзэж байгаа. Энэ хэрээр эдийн засагт эергээр үзүүлэх нөлөөлөл сайжирч, улмаар зээлийн хүү буурахад ч гэсэн нөлөө үзүүлэх боломжтой. Дашрамд дурдахад, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс. 2018-2023 онд хэрэгжүүлэх “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг 2018 онд мөн батлан гаргасан.

 

-Чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг шүүхийн шатанд хэрхэн шийдэж байна вэ. Энэ тухайд өнөөгийн мөрдөж буй хууль тогтоомж бодит амьдралд үүсч буй асуудлаа бүрэн шийдвэрлэх хэмжээнд байж чадаж байна уу?

 

-Энэ бас их чухал асуулт байна. Монгол Улсын өнөөгийн хууль тогтоомжийн хүрээнд зарим тохиолдолд чанаргүй зээлтэй холбоотой хэрэг маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэх нь товчхондоо удаан үргэлжилсэн процесс болчихоод байгаа юм.

Аливаа иргэн, хуулийн этгээд эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй. Энэ эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Гэхдээ нөгөө талаас иргэн, хуулийн этгээд энэ эрхээ зохистой хэрэгжүүлэх ёстой. Гэтэл манайд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар олгогдсон боломжийг буруугаар ашиглах, зориудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, түүнээс ашиг хонжоо эрэлхийлэх явдал байнгын шахуу үзэгдэл болсон.

Тухайлбал, шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулах, хянан шийдвэрлэх ажиллагааг зориудаар сунжруулах, удаа дараа давж заалддаг зэргээс болоод нэг хэргийг бүрэн шийдвэрлэж дуусах хүртэл 5-7 жил зарцуулах тохиолдол байдаг. Өнгөрсөн сард Монголбанкнаас санаачлан “Чанаргүй зээл түүний эрх зүйн орчин” сэдвээр төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт мэргэжлийн болон судалгааны төр, хувийн хэвшил төрийн бус байгууллага, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд чанаргүй зээлийг шийдвэрлэхэд гарч байгаа дээр дурдсан хүндрэлийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байсан.

 

Иймээс Иргэний болон  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Ингэснээр тусгайлсан буюу, хуульчдын ёс зүйг дээшлүүлэх, шүүх, хууль, эрх зүйн тогтолцоог сайжруулах дагнасан шүүх байгуулах зэргээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр асуудпыг бүхэлд нь сууриар нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.

 

-УИХ-аас Актив удирдлагын компани байгуулахаар хуулийн төсөл бэлтгэж эхэлсэн юм билээ. Үүнд Монголбанкны зүгээс ямар санал оруулсан бэ. Ийм хуультай болбол асуудлаа шийдэх боломжтой болох уу?

 

-Чанаргүй зээлийн хэмжээ өсөх, буурах нь эдийн засгийн мөчлөгөөс хамаардгийг дээр дурдсан. Тиймээс чанаргүй зээлийн асуудал нь зөвхөн Монгол Улсад учраад байгаа зүйл биш. Дэлхийн бусад улс орны туршлагаас үзэхэд чанаргүй зээлийг шийдвэрлэх аргуудыг өөрийн улсын эдийн засаг, хууль эрх зүйн орчноос шалтгаалан өөр өөр байдлаар шийдвэрлэж байна. Үүний нэг арга хэлбэр нь актив удирдлагын тусгай зориулалтын компанийг байгуулах явдал юм. Манай улсын хувьд мөн актив удирдпагын компанийн эрх зүйн орчинг бүрдүүлж уг тусгай зориулалтын хуулийн этгээдээр дамжуулан чанаргүй зээлээ шийдвэрлэх нь өнөөгийн нөхцөлд хамгийн тохирсон, үр ашигтай байх арга болох нь холбогдох судалгаагаар тогтоосон байдаг. Иймээс Монгол банк Актив удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулахад идэвхтэй хамтарч ирсэн бөгөөд энэ хуулийг баталснаар банкуудад хуримтлагдаад байгаа чанаргүй зээлийг боломжит богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэнэ гэж үзэж байна.

 

-Чанаргүй зээлийн хэмжээг бууруулахад төр, засгийн зүгээс хэрхэн оролцох ёстой юм бэ. Активын компани байгуулахад сөрөг тал гэж үүсэх үү. Жишээлбэл, арилжааны банкууд тухайн зээлээ хямд өртгөөр тийш нь шилжүүлснээр тодорхой хэмжээний алдагдалд орж таарах байх л даа?

 

-Мэдээж аливаа арга хэмжээ сайн муу талтай байдаг. Актив удирдлагын компани байгуулснаар чанаргүй зээлээ амжилттай шийдвэрлэхээр тооцож байсан ч бүтэлгүйтсэн, хямралыг улам гүнзгийрүүлсэн тохиолдлол бий. Гэхдээ үүнээс илүүтэй сайн туршлагууд бас цөөнгүй байгаа бөгөөд өөрийн орны онцлогоос шалтгаалан төрийн болон хувийн хэвшлийн, цаашилбал олон улсын байгууллагын төлөөллийн оролцоотой хяналтын тогтолцоог бүрдүүлэх боломжтой.

 

-Активудирдлагын компанитай  болбол санхүүгийн ямар үйл ажиллагаа явуулах юм бэ?

 

-Ер нь актив удирдлагын компани бол банкнаас чанаргүй активыг авч уг хөрөнгийн эргэн төлөгдөх дүнг нэмэгдүүлэх зорилгоор удирдан ажилладаг хувийн, төрийн эсвэл хамтарсан хэлбэрээр байгуулдаг байгууллага юм. Банкны балансаас чанаргүй зээлийг хассанаар, Актив удирдлагын компани нь санхүүгийн хүндрэлд орсон банкуудын төлбөрийн чадвар болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дахин сэргээхэд тусалдаг. Тэдний найдвартай байдлыг дахин бий болгож, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг олгодог. Иймд уг хуулийн төслөөр актив удирдпагын мэргэшсэн тогтолцоог бий болгох, банкнаас хуульд тодорхойлсон чанаргүй зээлийг худалдан авах, түүнтэй холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан тусгаж өгөх шаардлагатай. Хуулийн төсөлд уг компани нь байгуулагдсан цагаасаа хойш дахин сунгаагүй тохиолдолд 10 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулахаар заасан.

 

-Чанаргүй зээл бий болох нэг үндэслэл нь зээлийн хүү өндөр байгаатай холбоотой гэж үздэг. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тоггоох хуулийн төслийг нэр бүхий гишүүд хэлзлцүүлэгт бэлтгэж байгаа. Энэ хуульд Монголбанк саналаа өгсөн үү?

 

-Энэ талаар эдийн засгийн мэргэжлийн хүмүүсээс тодруулах нь зүйтэй байх. Миний хувьд зээлийн хүүгийн дээд хязгаарыг хууль гаргах байдлаар, захиргаадалтын аргаар тогтоож барих нь үр дүнгүй төдийгүй ихээхэн хор уршигтай, сүүлд засч залруулахад хэт их хугацаа авах үр дагавартай гэж бодож байна. Дээр ярьсанчлан 2018-2023 оны хооронд хэрэгжүүлэх “Зээлийн хүүг бууруулах стратеги”-д ч гэсэн Монголбанкнаас зээлийн хүүг эдийн засаг, санхүү, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар бууруулах арга хэмжээг шат дараатай авахаар гаргасан.

 

-Саяхан Капитал банкны дампуурлыг зарласан. Энэ нь чанаргүй зээлтэй холбоотой юу. Бусад арилжааны банкны зээлийк чанар хэр байгаа вэ?

 

-Чанаргүй зээлийг авч үзэхдээ аль нэг тухайлсан банк, санхүүгийн байгууллагад бус эдийн засаг нийгэмд нөлөөлөх нөлөөллийн хувьд авч үзэж тэр талаас нь асуудалд хандах нь илүү зохистой байх. Капитал банкны хувьд Монюлбанк өөрийн чиг үүргийн хүрээнд хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 2017 онд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг сэргээх, цаашид тогтвортой өсгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд тодорхой арга хэмжээг хэрэгжүүлсний нэг нь Монгол Улсын арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн явдал. Уг үнэлгээгээр банкуудын зээлийн багцын чанарыг харьцангуй боломжийн түвшинд үнэлэгдсэн гэж ойлгосон.

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)