Москва хотод онгоц шатаж 41 хүн амиа алдлаа
- 2019-05-06
- Дэлхий
- 0
Оросын Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн онгоц шатаж 41 хүн амиа алджээ.
ОХУ-ын үндэсний агаарын тээврийн Аэрофлотын "Сухой Суперджет-100" онгоц өчигдөр орон нутгийн цагаар 18:02 минутад Мурманск чиглэлтэй хуваарийнхаа дагуу хөөрчээ. Гэвч нисэх багийнхан хөөрснөөс хойш онгоцны хэвийн бус байдлын дохиог хүлээн авчээ. Тиймээс 30 минутын дараа буцаж эргэн газардахдаа ослын буулт хийсэн ч явж байх замд нь онгоцны хөдөлгүүрийн хэсэгт гэнэт гал гарсан байна.
"Сухой Суперджет-100" онгоц хөөрснөөс хойш 30 минутын дараа буцаж, ослын буулт хийжээ.
Нисэх багийнхан зорчигчдыг аврахын тулд минут хүрэхгүй хугацаанд бүхнээ дайчилсан гэж албаныхан мэдэгджээ. Онгоцонд зорчигч, нисэх багийнхан нийлээд нийт 78 хүн байсан ба одоогоор 37 хүн амьд, тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа хэмээн Оросын Эрүүл мэндийн сайд Вероника Скворова мэдэгджээ. Амиа алдагсдын дунд хоёр хүүхэд, нэг онгоцны үйлчлэгч байгаа аж.
Аэрофлотоос амьд үлдсэн хүмүүсийн нэрсийг зарлажээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар онгоц хүчтэй газардсанаас үүдэн хөлгийн хөдөлгүүрт гал гарсан хэмээсэн бөгөөд хөлгийг нисэх онгоцны буудал руу буцахаас өөр аргагүй болсон техникийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Мөн Мурманскийн Засаг дарга Андрей Чибис амиа алдагсдын гэр бүлийнхэнд тус бүр 1 сая рубли (41 сая төгрөг), амьд үлдсэн хүмүүсийн эмчилгээний зардалд тус бүр 500 мянган рубли өгнө хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)