Хүүхэд хүчирхийлэгчийг хэрхэн "хазаарлах" вэ?
- 2019-05-07
- Үнэн
- 2
“Бага насны хүүхэд аавдаа, өвөөдөө, ахдаа хүчиндүүлжээ, зодуулжээ” гэх мэдээ өдөр бүр чих дэлсч, зүрх шимширүүлж байна. Энэ бол тайван цагийн эмгэнэл. Сэтгэл сэртхийлгэм тоо баримт дурдвал, өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайланд дурджээ. Мөн онд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдсэн бөгөөд үүний 238 буюу 48.7 хувьд нь хүүхэд хохирсон байна. Энэ бол зөвхөн олон нийтэд ил болсон тоо баримт.
Гэтэл хаалттай хаалганы цаана хэчнээн хүүхэд сэтгэл санааны дарамтад орж, бие махбод, бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг таашгүй. Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлан зовоосон эрчүүдийн гаргаж байгаа адгууснаас дор ааш авирыг хэрхэн “хазаарлах” талаар олон удаа ярьж, тодорхой шийдвэрүүдийг гаргадаг ч үр дүнд хүрэхгүй байгааг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. Холбогдох хуульд зааснаар бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил хорих ял ногдуулдаг. Энэ бол хүний амьдралын хугацааны хувьд бага биш боловч тухайн хүүхдэд учруулсан хохирлын тухайд бага төдийгүй хангалттай чанга ял шийтгэл биш болов уу. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хохирогч болсон охид, хөвгүүд тэдний ар гэрийнхний сэтгэлийн шарх 20, 30 жил болсон ч эдгэхгүй, тэд насан туршдаа сэтгэлдээ гунигтай амьдардаг. Үүнийг олон жишээнээс харж болно.
Харвардын Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүүхдийн хүчирхийлэл бие махбод, сэтгэл санаанд жзхирол учруулаад зогсохгүй хүний ДНК-д ч арилахааргүй сорви үлдээдгийг нотолжээ.
ХҮЧИРХИЙЛЛИЙН 80 ГАРУЙ ХУВИЙГ ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД ҮЙЛДЭЖ БАЙНА
Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд олон хуулийг батлан мөрдөж байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, харин ч улам харгис хэрцгий байдал руу шилжих болов. Энэ нь зөвхөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээд гэлтгүй хүүхдээ тамлан зовоож эмнэлэгт хэвттэл нь зодож тарчлаасан хүчирхийлэгчид ч чанга хатуу ял шийтгэл ногдуулж чадахгүй, ялын бодлого сул байгаа учраас энэ төрлийн хэрэг буурахгүй байна уу гэх хардлага төрүүлж байгаа юм. Энэ утгаараа хүчирхийлэл үйлдэгчдэд ногдуулах ял шийтгэлийг чангатгаж, холбогдох хуульд оруулахыг олон нийт хүсч буй. Хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувийг гэр бүлийн хүрээнд үйлдэж байна. Иймд УИХ-аар хэлэлцэх гэж буй Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг илүү чангаруулж, хүүхдээ хүмүүжүүлэх, өсгөх, тэжээх үүргээс татгалзсан эцэг, эхэд тооцох хариуцлагыг илүү чангаруулах чиглэлд ажиллахаа Эмэгтэй гишүүдийн зүгээс мэдэгдсэн. Мөн тэд Эрүүгийн хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүмүүст тооцох хууль зүйн хариуцлага, ялын боддогыг чангаруулан тусгах шаардлагатай гэж үзэж байна.
Нэгдүгээрт, чанга дэглэмтэй хорих ангид бүх насаар нь хорих.
Хоёрдугаарт, хүчингийн гэмт хэрэг хийсэн, хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулдаггүй байхаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйгаа мэдэгдсэн. Хүчирхийлэгчдийг Өршөөлийн хуулиар чөлөөлж байгаа нь дахин гэмт хэрэг үйлдэхэд хүргэж байгаа учраас ийм зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзжээ.
Дээр дурдсанчлан хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг сүүлийн өдрүүдэд шил дараалан гарч, олны анхаарал ч үүнээс хэрхэн ангижрах вэ гэсэн асуултад чиглэж байна. Шийдвэр гаргах түвшнийхэн, холбогдох албаныхан болон хуульч, өмгөөлөгчид янз бүрийн санал санаачилга гаргаж, гарц гаргалгаа эрэлхийлж байна. Тухайлбал, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг нь чангатгах буюу цаазаар авах, бэлгийн чадваргүй болгож хөнгөлөх талаар ярьж байна.
Мөн ар гэр буюу эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэд хүчирхийлэлд өртөж буйг хөндлөнгийн хүмүүс заавал мэдээлдэг эс бөгөөс тэдэнд хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг ч хэлж байна. Эдгээрийг авч хэрэгжүүлэхээс гадна хамгийн гол нь хүмүүсийн ёс суртахуунд зайлшгүй анхаарал хандуулах ёстойг ч мөн онцолж байгаа юм.
Хүүхдийн хүчирхийлэгчийг ямар аргаар “хазаарлах” талаар хуульчдын байр суурийг сонслоо.
ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ХӨНГӨЛДӨГ БОЛОХ ТАЛААР СУДЛАХ ХЭРЭГТЭЙ
О.АЛТАНГЭРЭЛ: -Хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд хэт туйлширч хандаж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, чангатгана гэхээр гэмт этгээдийг цаазаар авдаг болъё гэдэг. Хүүхдийн эрхийг хамгаалахад үүнээс гадна төрөл бүрийн хэлбэр бий. Хүүхдийг бэлгийн, бие махбодын зэрэг ямар нэгэн хүчирхийлэлд өртсөний дараа гэмт этгээдийг цаазаар авах талаар ярих биш, шат шатандаа хариуцлагатай байх ёстой. Жишээлбэл, асран хамгаалагчийн үүргээ гүйцэтгээгүйн төлөө хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Энэ талд ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгааг мэдсээр байж дуугүй өнгөрдөг хүмүүс бий. Үүргээ ухамсарлаж үйлдэл, холбогдлыг нь цагдаагийн байгууллагад хэлдэггүй. Энэ бол хүчирхийлэл нэмэгдэж буйн нэг шалтгаан. Үүнээс гадна хүчирхийллийн тухай ойлголтыг нэлээд сайн нарийвчилж холбогдох хуульд тусгах шаардлагатай. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг нэлээд сайн хэрэгжүүлж байгаа. Гэхдээ үүнд хүүхдийн эрхтэй холбоотой зүйлүүдийг нэмж оруулмаар байна. Хүүхдийн хүчирхийллийн хэлбэрийг дэлгэрэнгүй болгох хэрэгтэй болсон. Тухайлбал, хүчингийн хэрэгт хүүхдэд бэлгийн дарамт үзүүлж буй үйлдлүүдийг сайн ярих хэрэгтэй. Яг юуг бэлгийн дарамт гэх юм. Тэр тохиолдолд ямар хариуцлага тооцох зэргийг тодорхой болгох нь зүйтэй. Эрүүгийн хуульд үйлдэл болсны дараа хариуцлага ногдуулж шийдвэрлэх тухай заалт бий. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг хөнгөлдөг болох талаар судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бэлгийн чадваргүй болгоно гэсэн үг. Үүнийг хэд хэдэн оронд ашиглаж байсан. Энэ талаар судалж байгаа тухайгаа олон нийтэд зарлаж мэдэгдэх хэрэгтэй. Заавал үйлдэл болгохгүй ч гэсэн судалж байна гэдэг нь өөрөө нийгэмд том тохио болно. Үүнийг хэн нэгэн санаачилж яриад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа цаазаар авах талаар яриад л өнгөрдөг
ГЭР БҮЛИЙН ЁС СУРТАХУУНД АНХААРАХГҮЙГЭЭР ХУУЛИАР ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ
НАРАНГЭРЭЛ: -Эрүүл саруул ухаантай хүний оюун санаанд багтахааргүй зүйл гараад байна. Энэ бол эцсийн дүндээ хуульдаа байгаа юм биш. Ерөөсөө ёс суртахуунгүй, ёс суртахууны ялзрал газар авсан байдпый нэг илрэл юм. Хүний, өөрийн гэлтгүй харгис хэрцгий байдлаар бие махбод, бэлгийн болон сэтгэл санааны дарамтад оруулж, хүчирхийлж байна. Нэгэнт л ээжтэй нь гэр бүл болж, амьдрал зохиож байгаа бол дагуулж ирсэн хүүхдийг нь өөрийн адил хайрлаж, халамжилж, хамгаалж өсгөх учиртай. Гэтэл энэ ёс суртахуунаа уландаа гишгэж, үүргээ биелүүлэхгүй байна. Үүнээс болж харгис хэрцгий хэрэг гараад байгаа байхгүй юу. Тийм учраас Монголын нийгмийг бүхэлд нь ялангуяа гэр бүлийг ёс суртахуунтай болгох, үр хүүхдээ хүмүүжүүлдэг эртний сайхан арга ухааныг суулгах хэрэгтэй. Энэ асуудалд анхаарал хандуулахгүйгээр зөвхөн хуулийн зохицуулалтыг чангатгах, нэмж заалт оруулах байдлаар шийдвэрлэх боломжгүй. Энэ бол Монголын нийгэм ёс суртахуунгүй болсонтой л холбоотой.
ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БОЛОМЖ БИЙ
Б.БААСАНДОРЖ: -Үүсээд буй нөхцөл байдлыг нийгэм даяараа мэдэж байгаа. Үүнийг шийдвэрлэх, хариуцлага тоооцохтой холбоотой хууль тогтоомж бол хангалттай бий. Гэхдээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хариуцсан байгууллагууд гарч буй үйл явдалд тодорхой хэмжээнд дүгнэлт хийх ёстой. Тухайлбал, хүүхдийн эрхийг хамгаалах нь нэгдүгээр асуудал. Тиймээс энэ талаар холбогдох хуулийн зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулах боломж бий.
ХАРАА ХЯНАЛТ МУУ БАЙГАА НЬ ЭНЭ ТӨРЛИЙН ХЭРГИЙГ ДААМЖИРУУЛДАГ
Д.БААСАНСҮРЭН:-Олон нийт цаазаар авах ялыг байлгах ёстой талаар ярьж байна. Яагаад гэвэл, хүмүүсийн хийж буй үйлдэл харгис хэрцгий болоод байгаа учраас тэр. Гэхдээ хүчирхийлэл үйлдсэн тухайн этгээдэд цаазаар авах ял тулгахаас илүүтэй үүнийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ талаас нь харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хүнийг ингэж зодож, ингэж хүчирхийлэх юм бол надад цаазаар авах ял ногдуулах магадлалтай гэж үзээд айж, болгоомжилно. Энэ тухайд хийсэн судалгаа ч бий. Олон улсын хэмжээнд хүртэл ийм байдлаар нийгэмд дохио өгдөг тохиолдол бий. Тиймээс цаазаар авах ялыг Эрүүгийн хуульдаа оруулах нь зүйтэй. Гэхдээ тодорхой хэргүүдэд гэсэн үг шүү дээ. Ер нь хүүхдийн эсрэг гэмт хэргийг дийлэнхдээ хамаарал бүхий этгээд үйлддэг. Ихэвчлэн хойд эцэг, эхийн хүүхдэд хандах хандлага харгис хэрцгий байгаа. Төрсөн аав юм уу ээжийг нь байхад хүүхдэд эелдэг, найрсаг ханддаг хэрнээ байхгүй үеэр нь зодож тамлах, хүчирхийлэх асуудал гардаг. Иймд ар гэрийнхэн өөрсдөө анхаарах хэрэгтэй. Ар гэрийнхэн нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлдөг.
Насанд хүрээгүй хүүхдэдээ хараа хяналт тавиагүй, анхаарал халамжаа сайжруулдаггүй байдал энэ төрлийн хэргийг даамжруулдаг.
Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд баталсан олон хууль бий. 2015 оны Эрүүгийн хуулиар хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгг ногдуулах ял шийтгэлийг чангатгасан. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн этгээдэд хүн амины хэрэг хийсэнтэй дүүцэхүйц ял шийтгэл ногдуулдаг байхаар тусгасан.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (2)
(192.82.64.218)
Зүгээр байж чадахгүй хүмүүсийн зүггүй эрхтэнийг тайраад авбихбал хожим хойчид хохирох хүмүүст хүчирхийлэгчид ч мөн адил буянтай хэрэг болно шүү дээ
(122.201.31.201)
Хүүхэд хүчирхийлсэн, онц хэрцгийгээр бие эрхтэнд нь гэмтэл учруулсан этгээдэд цаазын ял өгвөл зохино. Мөн хүнийг улс төрийн зорилгоор, эсвэл өс хонзон, шунахайн сэдлээр амь насыг нь хөнөөсөн этгээдэд цаазын ял өгвөл зохино.