Ч.Эрдэнэдалай: Хөрөнгийн зах зээлд банкнаас өөр сонголт байна
- 2019-05-08
- Эдийн засаг
- 0
“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэдалайг урьж, ярилцлаа.
-Танайх давуу эрхийн хувьцааг анх удаа зах зээлд гаргасан санхүүгийн байгууллага. Иргэд давуу эрхийн болон энгийн хувьцааны талаар ойлголт багатай. Ер нь давуу эрхийн хувьцааг гаргах болсон шалтгаан, үр дүнгээ тайлбарлана уу?
– Давуу эрхийн хувьцаа гаргана гэдэг нь компани хөрөнгө оруулагчдаас тодорхой хугацаанд хүү амлан буцаан төлөх буюу хувьцаа хэлбэрийн хадгаламж гаргаж байна гэж ойлгож болно. Энэ нь хүүгээр тохирсон тодорхой хугацаатай хуримтлал буюу нэг ёсны хадгаламж. Ийм байдлаар зах зээлд хөрөнгө босгож болдог юм байна. Харин энгийн хувьцаа эзэмшигч гэдэг нь тухайн компанийн эзэд юм. Манай нэгдэл энгийн хоёр хувьцаа эзэмшигчтэй. Одоогоор 30 давуу эрхийн хувьцаа, хоёр энгийн хувьцаа эзэмшигчтэй болж шилжилтийн үйл явц 20 хувьтай байгаа. Цаашид зуун хувь давуу эрхийн хувьцаа руу шилжинэ. 350-н дотоод хөрөнгө оруулагчдаас 200 гаруй нь ногдол ашиг, хөрөнгө оруулалтаа авч үр дүнгээ үзсэн. Давуу эрхийн хувьцаа гаргаж, хөрөнгө босгосноор хөрөнгө оруулагч хүссэнээрээ сар, улирал, жил тутамд ногдол ашиг авдагаараа энгийн хувьцаанаас ялгаатай юм. Өөрөөр хэлбэл, банкны хадгаламж эзэмшигчтэй ижил гэж хэлж болно. Энгийн хувцаа эзэмшигчид ногдол ашиг авахгүйгээр зээлийн багцаа өсгөхөөр ажиллаж байна. Давуу эрхийн хувьцааны нийт хөрөнгө ойролцоогоор таван тэрбум төгрөг. Манайд хөрөнгө оруулалт хийж, давуу эрхийн хувьцаа эзэмшигч болсноор тогтмол ногдол ашиг хүртэх боломжтой.
– Хэзээнээс давуу эрхийн хувьцаа гаргаж эхлэв?
-Анх манайх бонд гаргасан. Гэхдээ бондын талаарх эрх зүйн зохицуулалт муу, бүрхэг байсан. Харин давуу эрхийн хувьцааг гаргахад хууль эрх зүйн нь тодорхой байсан учраас үүнд шилжсэн. Бонд гаргасан туршлагаараа давуу эрхийн хувьцааг судалж үзээд 2017 оны аравдугаар сард анхны хувьцаагаа гаргаж хөрөнгө оруулалт 25 сая төгрөгөөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 30 хувьцаа эзэмшигчтэй болж 780 сая төгрөгт хүрсэн.
– Хоёр жилийн хугацаанд 780 сая төгрөгийн хөрөнгийг татна гэдэг эргээд эрсдлээ мөн харж байгаа байх. Хөрөнгө оруулагчид танай нэгдлийн ямар баталгаанд илүү найдсан бол?
-Манайх хөгжүүлэгч компани. Хөгжүүлэгч гэдэг нь шинэ боломжийг хурдан олж харж шинээр хөрөнгийн зах зээлд хөрвөж чаддаг гэсэн үг. Анх старт апп нэвтрүүлж өндөр өгөөж амласнаар хөрөнгө оруулагч татсан. Банк шиг өгөөж амласан бол бидэнд хэн ч хандахгүй. Энэ бол санхүүгийн хууль. Бид хоёр жилийн хугацаанд өөрсдийгөө таниулж ажиллахад санхүүгийн хөрөнгийн зах зээлд олон бүтээгдэхүүн гаргах боломж байгааг олж харсан. Тухайлбал, банкны хадгаламжийн бүтээгдэхүүн зах зээлийн 90 хувийг эзэлсэн. Түүнчлэн ББСБ-ын итгэлцэл мөн бонд хувьцаа гэх зэрэг бүтээгдэхүүн байсан. Харин энэ бүтээгдэхүүнүүдийн аль алиных нь шинжийг агуулсан завсарын бүтээгдэхүүн үгүйлэгдэж байсан. Давуу эрхийн хувьцаа нь бонд хувьцааны завсрын бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл зарим талаараа бонд ч юм шиг нөгөө талаар хувьцаа ч юм шиг. Энэ бүтээгдэхүүн монголчуудад таалагдана тэдний санхүүгийн хэрэгцээг хангана гэдэгт итгэлтэй байсан. Түүнчлэн хууль эрх зүйн орчин нь иргэдэд таалагдах магадлал өндөр. Тухайлбал, хувьцаа эзэмшигч гэдэг нь тухайн компанийн хувийг эзэмшинэ гэдэг хөрөнгөтэй болж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, компани хэрэв үүргээ биелүүлэхгүй бол энгийн хувьцаа руу шилжинэ. Энэ бид хариуцлаггүй ажиллавал компаниа алдана. Энэ заалт бидэнд маш их хариуцлага үүрүүлж байсан. Мөн Компанийн тухай хууль давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийг хамгаалсан олон заалт тусгасан сайн хууль. Жишээлбэл, давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн асуудалд шийдвэр гаргалтад тэд саналын эрхтэй оролцох боломж нээлттэй. Манай тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигч хоёр нь 500 саяын хөрөнгөтэй. 30 нь 780 саяын хөрөнгө босгосон харьцааг харахад давуу эрхийн хувьцаа эзэмшигч мөнгөн дүнгээрээ илүү гарсан. Тиймээс манай давуу эрхийн хувьцаа эзэмшигчид компанийхаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, хяналт тавьж эрсдлээс хамдтаа сэргийлж, эрх ашиг нь хөндөгдсөн шийдвэрт эсрэг саналаа өгөх зэргээр ашиг орлогоо арвижуулахад хүчин зүтгэх бүрэн эрхтэй.
-Өгөөжийг хэдэн хувиар ногдуулж байна вэ?
– Гурван жилийн хамгийн сүүлийн дүнгээр сарын татварын өмнөх 2.22, татварын дараах дүн 2.0 хувиар төлсөн. Энэ хувь зах зээл дэх хамгийн өндөр өгөөж. Цаашид хөрөнгийн биржид гарснаар эрсдлээ бууруулж мөн засаглалын зөв хэлбэрт шилжснээр өгөөжөө бууруулах боломжтой. Одоогоор манай компани залуу учраас хөрөнгө оруулагчид өгөөжийг өндөр байхыг шаарддаг. Хөрөнгө оруулагч маань банкнаас хадгаламжаа, хүүхдийнхээ хадгаламжийг авчирч манайд байршуулдаг. Тиймээс өндөр өгөөж хэрэгтэй гэдэг. Үүнийг бид буруу гэж бодохгүй. Яагаад гэвэл тэд тэр мөнгийг хуримтлуулахын төлөө насаараа хөдөлмөрлөсөн. Тиймээс чамд болон танай компанид итгэж байна гэдэг. Энэ бүх хүмүүсийн итгэлийг даасан учраас надад ухрах эрх байхгүй. Би өглөө 05:00 цагт босч 09:00 цаг гэхэд бүх хөрөнгө оруулагчиддаа мэдээлэлээ цахимаар өгч бусад бүх ажлаа амжуулдаг.
-9911…., 8811…. дугаарыг барьцаалсан зээлийн үйлчилгээ хөрөнгө оруулалт болж байна гэсэн үг үү?
-Тийм. 35 сая төгрөгийн давуу эрхийн хувьцаа авсан тохиолдолд танд тодорхой дугаарыг зааж өгч болно. Манай компанийн нэр дээр өнөөдрийн байдлаар 9911-тэй 100 дугаар бий. Энэ зах зээлийг хэд хэдэн компани хуваасан. Бидний тооцоолсноор 5000 орчим дугаар арилжаанд ордог. 20 орчим тоглогч томоохон банк бус санхүүгийн байгууллагууд энэ үйлчилгээг үзүүлж буй. Хамгийн ихдээ нэг байгууллагад 500-600 дугаар байгаа гэж тооцоолж буй. 9911…. дугаартай хүн 30 хүртэл, 8811…. дугаартай хэрэглэгч 10 хүртэл сая төгрөгийн зээл авч болно.
Танайх “Сайн засаглал” хөтөлбөрт нэгдсэн гэж байсан. Үүнийг тодруулна уу?
– “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”- өөс /КЗҮЗ/ хэрэгжүүлж буй “Сайн засаглал” хөтөлбөрт хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, шудрага олон улсын стандартад нийцүүлэн явуулахаар боллоо. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд миний бие КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяртай гарын үсэг зурсан. “Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл” барьцаат зээлийн үйлчилгээг тогтмол үзүүлж ирсэн бөгөөд “Дэлгэрэн үржих капитал ББСБ”-г take over хийлээ. Цаашид санхүүгийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулах үүднээс компанийн хуулийн дагуу давуу эрхийн хувьцаа гаргах нь ашигтай. Тиймээс засаглалаа сайжруулж, комплаенс нэвтрүүлэх шилжилтийг тус нэгдэл ийнхүү КЗҮЗ-тэй хамтарч хэрэгжүүлэхээр боллоо. Иймээс хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг баталгаажуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор комплаенс болон сайн засаглалыг нэвтрүүлэх болсон нь бусад ижил төрлийн үйл ажиллагаа байгууллагад үлгэр жишээ үзүүлэхүйц үйл явдал болсон.
Ц.Мягмарбаяр
Сэтгэгдэл (0)