Засаг даргадаа захих цагаан атаа

Би Архангайн хүн. Өвөг дээдсээсээ удам дамжин аж төрж, ахуйлан амьдарсан өлгий нутаг минь түүхтэй бол түүхтэй, байгальтай бол байгальтай. Хангай хайрхадынхаа хярд тошсон сарлагтай, хар улаан ямаад нь хад чулуундаа эрхэлсэн, уултай, устай, ургамал амьтантай, улс зон нь уужим сэтгэлтэй сайхан нутаг. Ном эрдэм, билэг оюуны авшиг хурж, бяр чадал, эр зоригийн уламж хадгалагдсан энэ нутгаас заяаснаараа бахархаж байгаагүй өдөр хоног, цаг хором гэж үгүй. Гэвч... Заримдаа   ичих   хэрэг   гарах   юм.   2018   оны   “Өрсөлдөх   чадварын   индекс”-ийг   тогтоох судалгаанд   Арын   сайхан   хангай   маань   сүүл   мушгижээ.   21   аймгаас   21-т   “шалгарсан” аймгийнхаа “өрсөлдөж чадахгүй”-д хүрсэн үзүүлэлтийг хэсэгхэн эргэцүүлэв. Эдийн засаг, бизнесийн төлөв байдал, төрөлжилт, үйлдвэрлэлийн түвшин зэрэг гол гол үзүүлэлт   хамгийн   муу   байгаа   нь  Архангай аймгийг   арагш   татжээ.   Санхүүгийн   байдлаараа аймгуудаас 19-д, эдийн засгийн төлөвөөрөө 20-д, бизнесийн орчноороо 21-д орсон байна.

Үүний учир шалтгаан нь энэ юм гэсэн шиг төрийн үйлчилгээ, ил тод байдал, шударга бус өрсөлдөөн, төсвийн эрх мэдэл зэрэг засаглалын суурь асуудлаар адагт орж, бизнесийн үр ашгаар “ноль” заасан байх юм. Малын тоо толгойгоор л тэргүүлснийг эс тооцвол эх нялхсын эндэгдэл, чанаргүй зээлийн өрийн   үлдэгдэл,   татвараас   зайлсхийх   явдал,   ажилгүйдлийн   түвшин,   цалин   орлогын хомсдол зэрэг дан сөрөг үзүүлэлтээр манлайлсан байна. Юуны учир ийм байдал хүрч, хүн   амьдарч,   аж   төрөхөд   ээлгүй,   зугтаж   нүүмээр   нутаг   орон   болж   хувирсныг   ойлгох гэхдээ Засаг даргынхаа мөрийн хөтөлбөрийг хүртэл эргүүлж үзлээ. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 2016-2020 онд хийхээр 19 хуудас хөтөлбөр батлуулсны үндсэн агуулга нь мал аж ахуйд түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлэх. Энэ гол бодлогынхоо хүрээнд малынхаа тоо толгойг нэмэгдүүлсээр байгаа бололтой юм. Хэрэв тэрбээр аймгийнхаа төсөв санхүүгийн тайланг уншиж үзсэн бол өгөөж бүхий эдийн засгийн секторуудын тоонд мал аж ахуй жин дарахгүй байгааг мэдчих   л байсан байх. Уламжлалт, өрхийн үйлдвэрлэл буюу малынхаа сүү саалийг  бэлтгэж ааруул хурууд хийх,   арьс   шир,   ноос   ноолуураар   гэр   хороогоо   дулаалж,   дээл   хувцсаа   доторлох   бол хөтөлбөртэй   хөтөлбөргүй   заншил   болсон,   хөдөөгийн   айл   өрх   бүр   жилийн   дөрвөн улиралдаа   зохицуулан   хийгээд   ирсэн   ажил.   Харин   энэ   уламжлалыг   инновацалж, үйлдвэрлэлийн горимд оруулан, аймгийнхаа “нэрийн” сектор болгоход асар их судалгаа, хөрөнгө оруулалт, урт хугацааны ажиллагаа шаардлагатай. Мөн тэрбээр мөрийн хөтөлбөртөө аялал жуулчлалыг нэгэн бүтэн бүлэг болгон оруулжээ. Байгалийн сайхан, өвөрмөц, онцлогтой  тогтцууд, түүхт газрууд, ихэс дээдсийн бууриудаараа Архангай    баялаг.   Энэ   бүх   “баялгаа”   эдийн   засгийн   эргэлтэнд   оруулах   гэх эрмэлзэл   зоригдол   Зая   бандида   хутагтын   орон   хийдийн   өлмий,   Булган   хангай   уулын нөмөрт даргалан суусан хэн бүхний толгойд хамгийн түрүүнд ордог, санаанд нь ч багтдаг шиг байгаа юм. Гэсэн хэдий ч Архангайн аялал жуулчлал улсдаа байтугай, орон нутагтаа ч өгөөж өгөхгүй хэмжээндээ байсаар, өөдөлж хөгжиж, өөрчлөгдөж өгөхгүй явсаар ирсэн. Энэ бол архангайчуудын буруу биш. Ерөөс   аялал жуулчлал салбарын   хөгжил   өнөөдөр бодлогынхоо түвшинд буюу дээд хэсэгтээ тулгамдсан асуудал ихтэй, хөрөнгө оруулалт үлэмж   хэмжээгээр   шаардсан,   улсын   төсөвт   төсөөлсөн   хэмжээний   орлогыг   ч   оруулж чаддаггүй   сектор.   Тэгээд   ч   аялал   жуулчлалын   компаниуд   ихэнхдээ   нийслэлд харьяалагдаж, үйл ажиллагаагаа орон нутагт явуулдгаас хуульчлагдсан татвар, төлбөрийн дийлэнхийг улсын төсөвт оруулна. Орон нутагт орлого орох нь ёстой л дуслын чинээхэн байдгийг   аймаг   удирддаг   хүн   байтугай,   адуу   хариулдаг  малчид   ч   мэддэг   болсон   цаг. Монголын   “Швейцар”   гэгддэг   Хөвсгөл   аймаг   хүртэл   аялал   жуулчлалаасаа   орлого   олж чаддаггүйгээ ил тод хэлдэг. Тэр бүү хэл, хүлээн авсан жуулчдынхаа тоогоор тэргүүлэхээ Хөвсгөл  аймаг   сүүлийн  жилүүдэд   нэгэнт   болиод   байгааг   нутгийн  захиргааны   бодлого бодоцгоодог улс ярьж бичих болсон. Өрсөлдөх   чадварын   судалгаанд   Архангай   аймгийн   хамгийн   сул   үнэлгээ   авсан асуудлын нэг нь дэд бүтэц байлаа. Дэд бүтцийн бүлд зөвхөн автозам байдаггүй, эрчим хүч, харилцаа холбоо,  нийтийн   аж ахуйн шугам сүлжээ гээд олон зүйл  хамаардаг,   тэр бүхэндээ  жигд  анхаарал  хандуулж ажиллах  шаардлагатайг   энэ судалгаа  тод  харуулсан байна. Түүнээс бус улсын чанартай, хатуу хучилттай автозам нэвт гарсан, зэргэлдээ аймаг, сумдыг холбосон зам, харилцаа тийм ч муугүй Архангай аймаг яг энэ талаараа бол бусдаас олон талаар дээгүүр үү гэхээс дор орохооргүй. Адагт орох нь бүү хэл тэргүүлж байх учиртай. Гэтэл тэгсэнгүй. Иргэд, олон нийтийн өгсөн саналаас үзвэл дулааны станц, цахилгааны найдвартай, тогтмол эх үүсвэр гээд хийж хэрэгжүүлэх ажил бишгүй байгаа бололтой.   Зам   харгуй   нь   ч   олон   газраа   муудаж,   там   болсныг   дурдсан   нь   арчлалт, ашиглалтын ажлыг арагш эрэмбэлснийг нь илэрхийлж байна. Засаглалын   чанар   тааруу,   төр,   хувийн   хэвшлийн   хамтын   ажиллагаа   сул   байгаа   явдал бизнесийг хумьж, ажлын  байрыг   хомсдуулан,  иргэдийг орлогогүйдэхэд хүргэн, улмаар ядууруулж буй дүр зураг судалгааны тайлангаас харагдаж байна. Компаниудын зохицох чадварын  үзүүлэлт  сул  гарсан   нь   өнөөх   л   бизнесийн   орчинтой   холбогдох  агаад   аль   ч хэвшлийн   томоохон   аж   ахуйн   нэгжийн   тоо,   үйл   ажиллагааны   цар   хүрээ   хумигдаж, аймгийн   эдийн   засгийн   чадавхыг   ихээхэн   бууруулсан   байна.   Үр   дагавар   нь   өнөө   л иргэдийн нуруун дээр бууж ажилгүйдлийг үлэмж хэмжээгээр өргөжүүлж буйг амьтан ах дүүс   ирэх, очихын  тоолон  ярьж,  учирлаж   байдаг.   Хүмүүст  цалин  орлого,   ажлын  байр хамгийн чухал хэрэгтэй байхад нутгийн удирдлага эдийн засгаа төрөлжүүлж, бизнесийн хурдыг нэмэгдүүлэхийн оронд харин ч “газрын хэвлий дэх ашигт малтмалыг олборлох, ашиглах, уул уурхайг дэмжихгүй байх зарчим баримтална” гэх мэт мэдрэмжгүй тунхаг өмнөө тавьчихаад сууж байгааг гайхавч баршгүй. Гэтэл яг ардхан талд нь Хөвсгөл аймгийн удирдлагууд Зам тээвэр хөгжлийн яам (ЗТХЯ)-аар   хөөцөлдөж   гүйсээр   Могойн   голын   хөндий   буюу   хамгийн   баруун   захын   сумаасаа Эрдэнэт   хот   хүртэл   560   км   хатуу   хучилттай   замыг   тус   яамны   захиалгатайгаар   барьж байгуулахаар   шийдүүлж   чадсан   байх   юм.   Монгол   Улсын   хойд   чиглэлийн   автозамын томоохон   бүтээн   байгуулалт   болгож   өрнүүлэх   энэ   ажил   Хөвсгөл   аймагт   багагүй хэмжээний хөрөнгө оруулалт оруулахаас гадна ажлын байр, арилжаа наймааны орлого, тээвэрлэлийн харилцааны шинэ боломжийг авчирна. Өрсөлдөх чадварын үзүүлэлт нь ёстой “суга өсөх” гээч л болно. Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Шинэ замаараа урсан орж ирэх   хөгжилд   бэлэн   байх   гэхдээ   хөвсгөлчүүд   өнөөдөр   ёстой   л   оволзож   байна. Худалдаатай нь дэлгүүрээ томсгох, үйлдвэрлэлтэй нь зах зээлээ тооцоолох, мал, ахуйтай нь арилжаагаа тэлэх гээд хүрээ хэмжээгээ тооцоолон, чухам л хөдөлцгөөж байна. Магадгүй, энэ   автозам   Архангайн   хойд   сумдад   нөлөөлж,   манайханд   бизнесийн   шинэ   орон   зайг нээхийг үгүйсгэхгүй. Гэхдээ бусдын нөөлөгт байснаас өөрсдөө хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын шинэ боломжийг хайж, олж ажилласан бол гэх цагаан атгаг эрхгүй төрнө. Ажиг сонсох нь ээ, Хөвсгөл аймагт Австралийн өндөр технологийн байгаль орчинд ээлтэй уул уурхайн төсөл хэрэгжихээр болж, техник, эдийн засгийн үндэслэлийг нь Уул уурхайн яам  болон   холбогдох   төрийн   байгууллагууд   баталсан   дуулдана   билээ.   Зөвхөн  олборлоод зогсохгүй коксжих нүүрсийг баяжуулж, орон нутагт өртөг нэмэгдүүлэх энэ төсөлд шууд болон шууд бусаар 2000 шахам ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гаргасан байна. Ердөө  дэргэд нь  “хүний” аймаг  “хөгжих  нь хөдөлбөргүй,  томрох нь тодорхой”  болоод байхаар улам л атаа жөтөө хөдлөх юм. Өрсөлдөх   чадварын   ерөнхий   үзүүлэлтээр   Эрдэнэт,   Дарханы   араас   Өмнөговь   аймаг гуравдугаарт оржээ. Арга ч үгүй юм байх, тэнд Оюутолгой, Тавантолгойн уурхай, Ухаа  худгийн  уурхай,  баяжуулах  үйлдвэр   үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн  хамгийн  орчин үеийн,   дэвшилтэт   уурхайнуудын   тоонд   орж   буй   эдгээр   үйлдвэр   аймаг,   сумдынхаа хөгжил цэцэглэлтийг хөтөлж, дам дамаар асар олон ажлын байр, бизнесийн боломжийг бий болгож байгааг бид нүдээрээ үзэж, чихээрээ сонсох болсон. Уул   уурхайн   талаар   Архангайд   хяналтгүй,   хариуцлагагүй   ажилласан,   байгаль   орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гашуун сургамж бий. Энэ сургамждаа дүгнэлт хийн уул уурхайн компаниудад   арга   технологийн   болон   хариуцлагын   шаардлага   тавьж,   тэднийг   ч, өөрсдийгөө ч хөгжүүлж ажиллахын оронд  бүхэлд нь эсэргүүцэх бодлогоор хана  хэрэм барьж суух нь эдийн засгийн хамгийн өгөөж бүхий салбараас үр шим хүртэх иргэдийнхээ эрх ашгийг хөсөрдүүлж байгаа хэрэг гэж дүгнэхээр. Үүнээс хэчнээн айл өрх өөдлөх, хэдэн хүн хөгжих, хөлжих боломжоо алдаж, нутаг орон ямар хэмжээний үр ашгийг хий хоосон алдсан бол. Өнөөдөр нийгэмд уул уурхайг бүхэлд нь эсэргүүцдэг, татвар төлөөсөөр нь цалинжиж суугаа атлаа үгүйсгэдэг хэсэг бүлэг бий болсон. Харамсалтай нь, тэр хүмүүс ажилтай, орлоготой амьдарч, өөдлөн дэвжиж, хөгжин дээшлэхийг хүссэн олонхын эрхийг боогдуулж, нутгийн ахан дүүсийг маань хорлож явааг аймгийн дарга нар маань олж харж ,тооцож бодоосой гэж хүсэх юм. Аль байсан Австрали, наанадаж Өмнөговийн Цогтцэцийтэй зиндаархахаа байг ээ гэхэд дэргэдээ байгаа Хөвсгөлтэй тэнсэж, тэнцэж ажиллах бүтээлч хор шар, ажил хэрэгч цагаан атаатай байя л даа, Засаг дарга аа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)