Эрчүүдээс дутахгүй уурхайчин бүсгүйчүүд
- 2019-05-08
- Өөр өнцөг
- 3
Уурхайн нүсэр том техникийг хөдөлгөдөг, басхүү эрчүүдээс дутахгүй чадалтай, зоригтой уурхайчин хоёр бүсгүйтэй уулзах завшаан тохиов. Тэднийг А.Алтанцэцэг, Ц.Болорцэцэг гэдэг бөгөөд "Эрдэнэс Тавантолгой” компанид уурхайн том машин барьдаг. А.Алтанцэцэг нь Монголын гурав дахь экскаваторын оператор эмэгтэй бол Ц.Болорцэцэг өөрийн сонирхлын дагуу дампын оператор болж, түүндээ ч сэтгэл хангалуун явдгаа ярьсан юм. Тэднийг Улаанбаатар хотод "Уурхайчин эмэгтэйчүүдийн II чуулган”-д оролцохоор ирсэн үеэр нь уулзаж ярилцсанаа хүргэе.
-Та хоёр өөрсдийгөө танилцуулахгүй юу?
А.А: -Намайг Адилбишийн Алтанцэцэг гэдэг. "Эрдэнэс Тавантолгой” компанид экскаваторын оператор хийдэг. Уурхайд олборлолт хийж, ачдаг машиныг хэлж байгаа юм. Би энэ байгууллагадаа долоо дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь би Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байсан алтны "Алтандорнод” компаниас эхлээд ганц, хоёр хувийн уурхайд ажиллаж байлаа. Тэгээд "Эрдэнэс Тавантолгой” компанид ажилд орсон доо. Нийтдээ арав гаруй жил экскаватор барьж байна. Анх би алтны уурхайд агорномичоор ажиллаж байгаад экскаваторчин болсон. Өмнө нь экскаваторын курс төгссөн байлаа. Экскаватор чинь гоё шүү дээ. Танихгүй мэдэхгүй хүн харвал робот хөдөлж байгаа юм шиг эргэлдээд л.
-Ер нь энэ том техникийг ажиллуулна гэдэг амаргүй л байх даа?
А.А: -Том техниктэй харьцаж байгаа учраас хүнд үе байлгүй л яахав.
Ц.Б: -Намайг Цэдэнбалын Болорцэцэг гэдэг. Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат. "Эрдэнэс Тавантолгой” компанид зургаа дахь жилдээ нүүрс, хөрсөө зөөдөг 60 тоннын дампын оператороор ажиллаж байна.
-Өмнө нь та хаана ажиллаж байсан бэ?
Ц.Б: -Өмнөговь аймагтаа оёдлын үйлдвэрт ажиллаж байсан. Энэ хугацаандаа хүнд машин механизмийн сургалтанд сууж сертификаттай болоод "Эрдэнэс Тавантолгой” компанид 2013 оны зургадугаар сард орсон доо.
-Уурхайн тэр том техникүүдийн харахад их сүрдмээр санагддаг шүү. Ер нь ажлын нөхцөл байдлынхаа талаар ярьж өгөөч. Эмэгтэй хүмүүс л болсон хойно бэрхшээлтэй зүйлүүд гардаг л байх?
А.А: -Кемптээ байрлаад амьдардаг. Өглөө эрт босч, орой харанхуй бүрий болтол яг 12 цаг ажиллана. 14 хоног ажилладаг болохоор долоо хоног нь өдрийн ээлжинд явна. Долоо хоног нь шөнийн ээлжинд явна. Гэхдээ манайх шиг 14 хоногийн росттой ажилладаг уурхай Монголд байхгүй шүү дээ. Мэдээж эмэгтэй хүн гэр орноосоо хол ажиллахад хүндрэлтэй үе байлгүй л яахав. Гэхдээ уурхайд эрчүүдтэй адилхан хүнд тэрэг бариад ажиллах бас бахархмаар гоё шүү дээ. Бид хоёроос гадна н.Удвал гээд дампын оператор хийдэг эмэгтэй байгаа. Яг уурхай дотроо ажиллаж байгаа нь бид гурав. Би энд ажиллаад долоон жил болохдоо экскаваторыг жижгээс нь том хүртэл барьсан. Монголд ер нь эмэгтэй цөөхөн экскаваторчин байдаг. Ямар ч байсан намайг "Алтандорнод” компанид ажилладаг байхад нэг эгч тэнд ажилладаг байсан. Тэр хүн тэтгэвэртээ гарчихсан. Бид хоёр холбоотой байдаг. Тэгээд "Бороо Гоулд” компанид н.Туяа гэдэг хүүхэн ажилладаг байсан. Тэгээд би ямар ч байсан гурав дахь нь юм байна гэж боддог.
-Дампын оператор хийдэг эмэгтэйчүүд бас ховор байдаг уу?
Ц.Б: -Манай уурхайд бол хоёр л эмэгтэй байдаг юм. Гэхдээ бусад уурхайд эмэгтэй дампын оператор авах сонирхолтой болсон байна лээ. Яагаад гэвэл хариуцлагатай, чих зөөлөнтэй гээд эмэгтэйчүүдийг сонирхож ажилд авдаг болчихсон.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
Ц.Б: Би гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүүтэй. Одоо том нь 23 настай, дундах нь 20 настай, бага нь 13 настай. Миний ханийг А.Адъяа гэдэг. "Эрдэнэс Тавантолгой” компанид авто механикчаар ажилладаг. Нөхөртэйгээ цуг ажиллахаар их дэмтэй, сайхан байдаг юм.
-Таныг нөхөртэйгөө 14 хоног уурхайд ажиллахаар явах хойгуур хүүхдүүд нь араа дааж үлддэг үү?
Ц.Б: -Манай хүүхдүүд том болчихсон. Манай том охин тусдаа гарсан. Хүү маань "Хишиг Арвин” компанид дампын оператороор ажиллаж байгаа. Бага охин маань 13 настай. Манай дүүгийн наймдугаар ангийн охинтой 14 хоногт цугтаа байдаг.
А.А: -Манай нөхрийг Э.Эрдэнэчулуун гэдэг. Бас уурхайчин. Гэхдээ манайхаас өөр компанид ажилладаг. Хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг. Ар гэрийг ээж маань болгодог шүү дээ. Манай хүүхэд одоо гурван настай.
-Уурхайчин эмэгтэйчүүдийн жаргал, зовлонгийн талаар ярихгүй юу. Амьдралд олон л зүйл тохиолддог байх?
А.А: -Бид өөрсдөө энэ ажлыг хийнэ гээд нэгэнт сонгосон учраас зовлон гэх зүйл байхгүй. Биднийг хүчээр тэнд аваачаагүй шүү дээ. Хэрэв хүчээр аваачвал бид ажиллаж чадахгүй. Харин өөрийнхөө сонирхлоор бүр багаасаа техник сонирхдог эмэгтэйчүүд уурхайд очдог байх. Эхлээд курс, сургуульд нь сураад ажил дээр гарахад шантрах зүйл гарна шүү дээ. Өөрсдөө дурлаж хийж байгаа учраас зүгээр байдаг аа.
Ц.Б: -Орон гэр, үр хүүхдээ орхиод росттой ажиллана гэдэг хэцүү л дээ. Бид хоёрын хувьд яахав хань ижилтэйгээ цуг ажилладаг учраас зүгээр байдаг. Хэн хэнийгээ дэмжээд ажиллахад гэр бүлийн хувьд хялбар. Тэгээд ч сэтгэлийн дэм өгнө, зөвлөнө. Тэрнийхээ хүчинд ажлаа хийдэг. Эмэгтэй хүний хувьд жаахан хэцүү л дээ. Гэхдээ сонирхлын дагуу хар багаасаа техник сонирхдог болохоор сэтгэл ханамж 100 хувь шүү дээ.
Ц.Болорцэцэг
-Та хоёрыг хараад байхад муухан эр хүнээс дээр юм аа?
А.А: -Ер нь би эмэгтэй хүмүүстэй ажиллаж байгаагүй. Дандаа эрчүүдтэй ажиллаж байгаа юм чинь эршүүд байхаас өөр аргагүй. Тэрнээс эмч, багш хийж байсан бол хүүхнүүдтэй ажиллана. Ядаж өөрсдийгөө гоо сайханд анхаарна биз дээ. Бид чинь ажлын том хувцас өмсөөд л ажиллана шүү дээ. Би Ховд аймгийн Манхан суманд төрж өссөн. Ховдын өндөр уулархаг нутгийг УАЗ-469 машинаар туулсан даа. Сумандаа нэгдлийн түүхий эдийн эрхлэгч хийдэг байсан юм. Түүхий эдийг бүгдийг хүлээж авна. Хил рүү явж нөгөөхөө борлуулна. Манай Манханаас цааш Булган сум руу явахад замд нь Их улаан, Бага улаан гээд өндөр өндөр даваануудыг давах хэрэгтэй болдог. Тэрүүгээр УАЗ-469 машинтай нааш, цааш давхиад л байдаг байсан юм. Тухайн үед ч зоригтой байж дээ.
Ц.Б: -Хаа нэг өсгийтэй гутал өмсөхөөр ууц, нуруу өвдөөд хэцүү / инээв/. 1994 оноос мотоцикль унаж эхлээд дараа нь машин унаж байсан учраас техникт сонирхолтой. Би оёдлын үйлдвэрт ажилладаг байхдаа дампын операторын курсэд сурч төгсөөд "Эрдэнэс Тавантолгой”-д үндсэн ажилтнаар орсон. "Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр энэ насны жаргал” гэж ярьдаг шүү дээ. Ямар ч байсан зорьсон санасан зүйлдээ хүрчихсэн учраас ажлаа хийхэд 100 хувь сэтгэл хангалуун байдаг юм.
-Ер нь 14 хоног гэртээ очихдоо гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
А.А: -Юун гоо сайхан гэрийн ажил хоцорчихно шүү дээ /инээв/. Гэртээ очоод юм угаахаас эхлээд наад зах нь тог, цахилгааны мөнгө төлөх, гадуур ажил хөөцөлдөх гээд түм буман ажил ундарна. Яг ярьвал Дарханд гэртээ 12 хоног л байдаг. Энэ хоорондоо бүх ажлаа амжуулна шүү дээ. Манай хүүхэд гурван настай жаахан учраас их санана. Хүүхэддээ цаг гаргана. Ер нь 100-ны 60 хувь нь ажил дээрээ. 40 хувь нь гэртээ байдаг юм билээ. Шөнийн ээлж хүнийг ядраадаг. Орой 22.00 цагт хүн унтах ёстой байтал 20.00 цагт унтах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл техник эрсдэл ихтэй. Маш их анхаарал шаардана. Техникээ барьж байгаад гэнэт анхаарал алдвал бүх зүйл дуусаа. Уурхайчин хүний ажил эрсдэлтэй, хүнд нь эндээ байгаа юм.
Ц.Б:- Оригоороо л байж байхаас. /инээв/
А.А:-Уурхайдаа байхад гэрээс илүү цаг гардаг. Орой ажлаас бууж ирээд чөлөөт цагаараа спорт зааландаа бүжиг хийж болно. Сагс, воллейбол, фитнесс гээд бүх зүйл байдаг. Номын сан, зурагт, караоке гээд бүх зүйл бий шүү дээ.
А.Алтанцэцэг
-Та хоёрын ажлын нөхцөл эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлдөг вэ?
Ц.Б: -Нөлөөлнө. Нэлээн өөрчлөлт гарна. Эмэгтэй хүний хувьд нуруу, сав өвдөнө шүү дээ. Гэхдээ манай байгууллага эрүүл мэндийн хяналтанд бүх ажилчдаа хамруулдаг.
А.А: -Ер нь сүүлийн үед уурхайчдынхаа эрүүл мэндэд анхаардаг болчихоод байгаа шүү дээ. "Эрдэнэс Тавантолгой” бол төрийн том компани. Бидний эрүүл мэндийг нь хамгаалахын тулд ажлын бүрэн хамгаалах хэрэгсэлээр хангана. Тэрийг нь дүрмийн дагуу хэрэглэх ёстой. Тэгвэл эрүүл мэндээ хамгаалж чадна.
-Нууц биш бол цалин хэдийг авдаг вэ?
А.А: -Цалин гайгүй ээ. Гэр орноосоо хол явж ажиллаж байгаа хүмүүс чинь гайгүй л авна.
-Тоог нь хэлж болохгүй юу?
А.А: -Ямар ч байсан 14 хоног ростоор ажиллахад дундажаар 2.500.000 орчмыг авна. Цалин мөнгө сайн.
-Авсан цалингаа хадгалж, хуримтлал үүсгэдэг үү?
А.А: -Цалингаа хэзээ үрнэ гэж хадгалах юм. 14 хоногт ажлаад авсан цалингаа үрнэ шүү дээ./ инээв/ Ер нь манай цалин мөнгө нэмэгдээд ажилчдын 60-70 хувь нь орон сууцтай болсон.
Ц.Б: -Ямар ч байсан энэ байгууллагад ороод зургаан жил болоход амьдрал сайхан болсон. 14 хоног ажлаа хийчихээд 14 хоног нь ар гэрийнхээ ажлыг амжуулаад явахад болоод л байна.
-Хотод байртай юу. Хотод нүүж ирье гэсэн бодол байдаг уу?
А.А: -Би лав үгүй.
Ц.Б: -Би эргэлзээд л байгаа. Удахгүй оюутантай болох учраас ирэх жилээс хотод байр авах санаа байгаа. Одоо жаахан мөнгө цуглуулж байгаа.
А.А: -Би Ц.Болорцэцэгийг магтаад ярьчих уу. Манай энэ мянган малтай. Тодорхой хэмжээгээр газар тариалан эрхэлнэ. Тэгээд малаа маллачихна. 14 хоног гэртээ очоод малаа маллана, сааль сүүгээ авна. Намайг бодвол учиргүй их ажилтай хүн байхгүй юу.
Ц.Б: -Сая гэхэд л ямаагаа 4-5 хоног самначихаад ирлээ.
А.А: -Гайгүй цагаан царайтай явсан чинь ямаа самнасааар байгаад борлочихсон байна шүү дээ. /инээв/
Ц.Б: -Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн малчин. Ноднин мянгат малчин болсон. Ер нь уурхайд ажилд ороход 700-800 малтай байсан. Тэгээд сүүлийн хэдэн жилдээ малаа мянга хүргэсэн.
-Та тэгээд аль завандаа оёдол хийж байсан юм бэ?
Ц.Б: -Дөрвөн жил оёдолчин байсан. Хүүхдүүдээ сургуульд суулгахад заавал эцэг, эх нь харах ёстой гээд төв бараадсан байсан юм. Тэгээд 2013 онд "Эрдэнэс Тавантолгой” компанид орсон доо. Бурхан айл гэрт хаалгыг нь тогшоод нэг боломж олгодог юм гэсэн. 2013 он манай бүх амьдралыг өөрчилсөн. Аймагт оёдолчин хийж байхдаа өөрийнхөө сонирхлоор техникийн курсуудад сууж байсан юм.
-Яаж явж байгаад "Эрдэнэс Тавантолгой” компанитай холбогдчихов?
А.А: -Уурхайчин юм болохоор хаана ямар уурхай байна тэрийг сонирхож анкет өгнө шүү дээ.
Ц.Б: -Яг сонирхдог учраас анкет бөглөөд л яваад байдаг байсан.
-Та хоёр байрандаа цуг байдаг уу?
А.А: -Бид хоёр нэг ээлжиндээ, нэг гэрт цуг амьдардаг. Эмэгтэй хүмүүс нь цөөхөн учраас нэг их олуулаа байдаггүй шүү дээ.
-Нэг газраа цуг ажиллаж, амьдарсан хүмүүс ижилдэн дассан л байх. Ер нь үй зайгүй сайн найзууд уу?
Ц.Б:- Бүх зүйлээ яриад л цугтаа байна шүү дээ.
А.А: -Бүгдийг нь мэднэ. Одоо ингээд харалдаа. Нүүрэн дээгүүр ярзайтал юм гарчихлаа. Яаж чуулгандаа орох вэ гээд л Ц.Болорцэцэг рүүгээ ярьж байгаа юм. Бид хоёр яалт ч үгүй ажлын шаардлагаар найз болчихсон байна. Ц.Болорцэцэгийг анх ажилд ороход анх гурван ээлж байсан. Дараа нь дөрвөн ээлж болсон. Тэгээд бид хоёр нэг байранд орсон доо.
Ц.Б: -Ээлжиндээ ганцаараа явах хэцүү шүү дээ. Гэнэтийн юм гарахад эвгүй. Эмэгтэй хүнд нарийн ширийн юм их гарна. Олон эрэгтэй хүний арга эвийг харж ажиллана гэдэг хэцүү л дээ. Тэгээд дэм дэмэндээ явах нь сайхан байдаг. Бид хоёр чинь бие биеэндээ багшилна. Туршлага судална.
-Залуу охидууд та хоёрын ажлыг хэр сонирхдог вэ?
Ц.Б:- Туслан гүйцэтгэх компаниудад жаахан охидууд аягүй их байдаг.
А.А: -Харахаар бахархах шиг, өрөвдөх шиг сэтгэл төрдөг шүү.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин
Сэтгэгдэл (3)
zochin (65.28.51.44)
Muuhan er hunees deer mundag huuhnuud bnaa, bayar hurgej az jargal eruul enkhiig husie!
(218.50.19.29)
uurhaichid gej hudlaa baihaa tegj haragdahgui baina
(83.97.157.201)
Muu heden bvdgvichvvvd mini mongoloo urguj yavnaa .Erchvvd mini solongos serialaas ilvv garahaa bolijee