“Этүгэн энтрепренёр” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
- 2019-05-18
- Өөр өнцөг
- 0
Оюутан, залуусыг сурч байх хугацаандаа бизнес эрхлэх ур чадвартай болох, аливаа асуудалд бүтээлчээр хандах, эрсдлийг даван туулах энтрепренёр сэтгэлгээ суулгах зорилгоор “Этүгэн энтрепренёр” хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Хөтөлбөрийн хүрээнд Этүгэн их сургуулийн оюутан, төгсөгчид, эрдэмтэн багш нарыг хамруулан гарааны бизнесийн уралдааныг зохион байгуулж шалгарсан багуудад бизнес санаагаа турших, хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийхэд нь хэрэгтэй гарааны санхүүжилтийг олгосон. 2018-2019 оны хичээлийн жилд нийт 5 удаагийн зохион багуулалтаар 13 баг шалгарч 14,000,000 төгрөгний гарааны санхүүжилт авсан.
Шалгарсан багууд бүтэн жилийн турш өөрсдийн шинэ санааг бодит бизнес болгохыг нотлох, турших ажлуудыг шат дараатай хийсний үр дүнд 6 баг шалгаран үлдэж хөрөнгө оруулалт татах хэмжээнд хүрсэн билээ. 2019 оны 04 сарын 27-ны өдөр “ETUGEN DEMO DAY” хөрөнгө оруулалт татах өдөрлөг болж багууд өөрсдийн туршилтын бүтээгдэхүүн, хийсэн ажлын үр дүнгээ хөрөнгө оруулагч нарт танилцуулж бизнесийн найраа хийлээ.
Уг өдөрлөгт хөрөнгө оруулалт хийхээр банк санхүү, эмийн үйлдвэр, бизнесийн салбарын томоохон бизнес эрхэлэгчид ирснээс “Этүгэн групп”-ийн ерөнхийлөгч С.Нямзагд, “Өгөөж чихэр боов” ХК-ийн захирал, шарк С.Түмэнгэрэл, “Монос кометикс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Солонго, “Голомт” бизнес төвийн захирал А.Нямсүрэн, “Стартап Маркетинг Спэйс” төвийн үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Мөнхбаяр нарын 12 хөрөнгө оруулагч хүрэлцэн ирж оюутнуудын бизнест хөрөнгө орууллаа.
Хөрөнгө оруулагчдаас “Аружен” баг 20,000,000 төгрөг (С.Түмэнгэрэл), “Revolution” баг 17,000,000 төгрөг (С.Нямзагд), “Oxygen Raid” баг 17,700,000 (С.Түмэнгэрэл, Т.Мөнхбаяр хамтарч), “Био Хондра” баг 3,500,000 төгрөг (Ө.Батхүрэл, Р.Мөнхцэцэгтэй хамтын ажиллагаа), Fellowship” баг 3,000,000 төгрөг (С.Нямзагд), Ar.Me” баг Монос кометикс ХХК-тай хамтран ажиллахаар болж нийт 61,200,000 төгрөгийн хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааны санал авлаа.
Ийнхүү оюутан залуус зөвхөн сурах биш сурахыг хажуугаар өөрсдийн шинэ санаа, инноваци дээр тулгуурласан бизнесээ эхлүүлж санхүүгийн эрх чөлөөтэй болох, бизнес эрхлэх ур чадварт суралцаж баялаг бүтээж эхэллээ.
Сэтгэгдэл (0)