Мал хулгайлах гэмт хэргийн ялыг чангатгах шаардлагатай гэв
- 2019-05-13
- Орон нутаг
- 0
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Дархан сумын “Малчдын зөвлөгөөн-2019” арга хэмжээнд оролцов.
Тэрбээр иргэд, малчдад УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, шийдвэрүүдийн талаар танилцуулж, мэдээлээд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран боловсруулж буй Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай, Бэлчээрийн тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг хийлээ. Тодруулбал, Хууль тогтоомжийн тухай хуульд шинээр санаачлан боловсруулж буй хуулийн төсөлд иргэд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нь тусгасан байхаар заасны дагуу ийнхүү хэлэлцүүлэг хийсэн юм.
Хэнтий аймгийн Дархан сумын “Малчдын зөвлөгөөн-2019” арга хэмжээнд сумын Засаг дарга Ж.Энхтөр,ИТХ-ын дарга Ж.Пүрэвхүү, Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ичинхорол, Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Батхүү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн салбарын эрсдэл, гамшгаас хамгаалах бодлого зохицуулалт, нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун болон мал эмнэлгийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд малчдын төлөөлөл оролцлоо.
Мал аж ахуйн салбар нь манай улсын ДНБ-ий 10,6 хувь, экспортын орлогын 8,4 хувийг эзэлдэг. Улсын хэмжээнд нийт 169,7 мянган малчин өрх байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 66 сая толгой мал бүртгэгдсэн. 29 сая эх малаас 19,1 сая төл хүлээн аваад байгаа бөгөөд энэ онд 21-22 сая төл мал хүлээн авна гэсэн тооцоотой байгааг салбарын яамнаас мэдээлсэн юм. Хэнтий аймгийн хэмжээнд мал төллөлт 70 гаруй хувьтай байгаа аж.
Мал хулгайлах гэмт хэргийн ялыг чангатгах шаардлагатай гэв
Хөдөө орон нутгийн иргэдэд тулгамдаж буй гол асуудлын нэг нь малын хулгай болоод байна. Туслах малчнаа сонгохдоо хайхрамжгүй ханддаг, малаа алдсан даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй хугацаа алддаг, малын зүсээ сайн мэддэггүй, малчдын хараа хяналт сул байдаг зэрэг нь мал хулгайлах гэмт хэрэг гарахад нөлөөлдөг гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлж байна. Мөн мал хулгайлсан гэмт этгээдэд оногдуулах ялын бодлого хэт сул байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлэх нэг хэлбэр болоод байгаа учраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгахыг малчид УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс хүсэж байлаа. Нэг ишиг хулгайлсан ч гэмт хэрэг. Гэтэл одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бусдын малыг хулгайлсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан нь хэтэрхий хөнгөн байна. Харин 24 бог, 8 бодоос дээш малыг “олон тооны мал” гэж тооцон 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан нь малчдын эрхийг зөрчиж байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд ялаа эдэлж гарч ирээд дахин мал хулгайлдаг байна.
Мал хулгайлсан этгээдүүд ихэвчлэн хулгайлсан малаа махалж зардаг байна. Иймд орон нутгийн цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслүүдийг хянах, бүртгэх ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Мөн мал эмнэлгийн гэрчилгээний гарал үүслийн системийн цахимжуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ. Ингэснээр гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдэх боломжгүй болж, мал хулгайлах гэмт хэрэг 80 гаруй хувиар буурна гэж тооцжээ. Түүнчлэн сум бүрт “бой” байгуулбал хяналт сайжрах боломжтойг ч иргэд хэлж байлаа.
Бэлчээрийн тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг хийв
Бэлчээрийн тухай хуульд нухацтай хандахгүй бол малчдын дунд “хэрүүлийн алим” болохвий гэсэн болгоомжлол малчдын дунд байна. Бэлчээрийг ашиглуулж, эзэмшүүлэх нь яваандаа хүн бүр бэлчээрээ хашаалдаг Өвөрмонголын араас орох вий гэдгийг Дархан сумын иргэд анхааруулж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Бэлчээрийн тухай хуулиар бэлчээрийг хашаалахыг зорихгүй харин малчдын бүлэг, хамтралыг дэмжиж, дундын бэлчээрийг ашиглах хамтын зохион байгуулалттай болгохыг зорьж байгаа. Бэлчээрээ нөхөн сэргээсэн, зөв менежменттэй ашигласан хамтралыг урамшуулах тогтолцоотой болгоно. Ийм учраас улс орон даяар хэлэлцүүлэг хийж, малчид иргэдийнхээ саналыг авч байгаа. Малын тоог бэлчээрийнхээ тааруулан өсгөх, малын эрүүл мэнд, мах бэлтгэлтэй холбоотой бүхий л асуудлыг хуулийн хүрээнд шийдэх юм. Бэлчээр, ус, малын эрүүл мэнд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт зэрэг нь энэ хуулиас хамаарна гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон.
Манай улсын нийт бэлчээрийн 70 орчим хувь нь доройтолд оржээ. Үүнээс үүдэн жилдээ малчин нэг өрх 2,6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөгийн орлогоо алдаж байна. Нийт бэлчээрийн даац 25 мянган толгой малаар хэтэрчээ. Малын тоо толгой бэлчээрийн доройтолд нөлөөлөхөөс гадна үлийн цагаан оготно, цаг уурын өөрчлөлт, машин техник, уул уурхайн олборлолт нөлөөлдөг. 112 га бэлчээрийн 45 орчим сая га талбайг үлийн цагаан оготно, царцаа сүйтгэжээ. 100 га талбайд 40 хулгана байх нь зохистой бөгөөд байгалийн тэнцлийг хадгалж хөрс сийрүүлснээр ургамлын ургалт сайн байдгийг салбарын яамны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун хэлж байна. Тиймээс сумын хэмжээнд орон нутгийн удирдлага иргэдтэйгээ нийлж механик аргаар үлийн цагаан оготныг цөөрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг ч тэрбээр хэллээ.
Малын арьс ширний үнэ унаж байгаа шалтгааны нэг нь празит шивээний ул мөр, нядлагын үеийн гэмтэл зэрэг болдог учраас малчид малаа жилд хоёр удаа угаалганд оруулах хэрэгтэй гэв. Хэнтий аймгийн Дархан сумын иргэд Бэлчээрийн тухай хуулийн төсөлд бичгээр саналаа өгсөн юм.Хуулийн төслүүдэд санал авах хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл (0)