Гамшгийн сургалтад төсвийн мөнгөөр хамрагдсан ч гамшгаас иргэдээ хамгаалж чадсангүй

Зуны эхэн сарын шороон болон цасан шуурга говийн аймгуудад тун халтай болж өнгөрлөө. Тэр тусмаа Өмнөговь аймгийн хэмжээнд хоёр өдөр дараалан шороон шуурга шуурч, улмаар ихээхэн хэмжээний цас орсноос цаг агаарын хүндрэл үүссэн юм. Энэхүү байгалийн аймшигт үзэгдлийн улмаас тус аймгийн баруун бүсийн суманд 55 настай малчин эмэгтэй, Цогтцэций суманд гэр бүлийн хоёр малчин, нэг эмэгтэй гээд нийт дөрвөн хүн нэн харамсалтайгаар осгож нас баржээ. Өмнөговь аймгийн Онцгой байдлын албанд 70 гаруй дуудлага ирж төөрч алга болсон, малтайгаа уруудсан, машинтай хүмүүс цасанд суусан гэх мэт гамшгийн бүхий л дуудлаганд онцгой байдлын алба хаагчид төдийгүй эгэл жирийн иргэд, аж ахуй нэгжүүд эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээсэн байна.

Хамгийн харамсалтай нь Цогтцэций суманд гурван хүн алтан амиа алдаж, малчид, иргэд нь байгалийн гамшигт нэрвэгдэж байхад тус сумын Засаг дарга, сумын онцгой комиссын дарга О.Бадарч Улаанбаатар хотод оюутан залуусын спортын тэмцээнийг нээсэн шигээ явсан байна. Байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл болсны дараа тус сумын онцгой комисс шуурхай ажиллаагүйн гол шалтгаан энэ байжээ. Уг нь тухайн үед сумын Засаг дарга орон нутагтаа ажил үүргээ гүйцэтгэж байсан бол байдал өөр байх байв. Онцгой комиссын даргын хувьд сумын Засаг дарга шийдвэр гаргаж, машин техникүүдийг цаг алдалгүй дайчлан эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулсан бол ийм харамсалтай зүйл болохгүй байх байсан болов уу.

Өмнөговь аймгийн хувьд уул уурхайг түшиглэн хөгжиж буй болохоор гамшгийн үед ашиглах техник хэрэгсэл, мөн онцгой байдлын бие бүрэлдэхүүний хувьд хангалттай нөөцтэй аж. Мөн энэ үеэр хамгийн хариуцлагатай ажиллах ёстой, онцгой байдлын албанд чиг үүрэг өгөх эрх мэдэлтэй Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар, түүний орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Баярсайхан нар бүгдээрээ Улаанбаатар хотод байсан нь нутгийн ард иргэдийн жигшил зэвүүцлийг хүргээд байна. Аймаг орон нутагтаа тогтдоггүй эдгээр албан тушаалтнууд бүгд саяхан татвар төлөгчдийн мөнгөөр АНУ-д гамшгийн сургалтад сар гаруй суралцаж ирсэн юм байна. Хариуцлагагүй, наад захын ухамсаргүй ийм албан тушаалтнууд аймаг орон нутаг удирдсан нэр зүүж, хувийн эрх ашиг, биеийн жаргал хөөж яваа нь болзошгүй гамшиг ослын үед ард иргэд алтан амиа харамсалтайгаар алдах шалтгаан болсонд дургүйцсэн Өмнөговийн ард иргэд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар болон Цогтцэций сумын Засаг дарга, тус сумын Онцгой комиссын дарга О.Бадарч нарт хариуцлага тооцож, албан тушаалаасаа огцрохыг шаардахаар нэгдэж эхэлжээ.

Гамшгийн сургалтад төсвийн мөнгөөр хамрагдсан ч гамшгаас иргэдээ хамгаалж чадсангүй

Даргагүй хуралдаж буй онцгой комисс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.21.115.35)

    2019-05-15

    Yun darga be zugeer l jirin ajiltan mergejiltnuud n UB s ajlaa hiigeed tansalaad yavj bgad aimag shu de. Buh yumiig belen mungu zoosoor hardag bolon Erunhidu bol ene aimgiinhan Baylagiin haraal hurtsen zugeer suuj mugu oloh durtai l uls bolj hubiraad bga. Uul uurhain dald nuluu balag ene,,, Darga nar bol zugeer l Tengeiin uls bolson shte....

  • Өрлю (203.91.115.39)

    2019-05-15

    ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА НЬ ЛАВ АЖЛАА МЭДДЭГГҮЙ НӨХӨР БНА ЛЭЭ. ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ХАЙРАН ХҮНИЙ АМЬ ЕР ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛАГА МАШ МУУ БОЛЖЭЭ. ШОУДДАХААС ӨӨР ЮМ ХИЙХЭЭ БОЛЖ ДАРГА НАРЫГ НЬ ХУЙГААР НЬ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ