Г.Занданшатар Туул гол дагуух хайрга, дайрга олборлолтыг нэн даруй зогсоох үүрэг даалгавар өглөө
- 2019-05-15
- Өөр өнцөг
- 1
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан уул дүүргийн зарим хороод, Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өглөө.
Хан уул дүүргийн 12, 13-р хорооны Сонгино, Биокомбинат, Шувуу фабрик орчим, Төв аймгийн Алтанбулаг сумын иргэд Туул голын ай савд аж төрдөг билээ. Сүүлийн жилүүдэд, тухайлбал, 2006 оноос эхлэн Туул гол асар ихээр бохирдох болсноор энэ нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх онц ноцтой зөрчигдөж, байгаль орчинд аюултай буюу гамшгийн байдал нүүрлээд байгаа юм.
Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдийн бохир ус Сонгино хавиар Туул гол руу урсан орж байна. Түүнчлэн Биокомбинат болон түүнийг дагаж суурьшсан тосгон, амралтын газруудын хаягдал ус шууд гол руу цутгагдаж байна. Ингэснээр голын ус саарал өнгөтэй болж, их хэмжээний өмхий үнэр голоор дамжин агаарт тархаж, голын ёроолд бохирын тунадас хатуулаг давхарга үүсгэж, өвлийн цагт халиа гүйснээр ойр орчмын рашаан булгийг бохирдуулж, Туулын бургасны үндэс ялзарснаас өмхрөн унаж, загас, шувуу үхэж, хүн, мал хордож, өвчилж байгаатай УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаны хүмүүс газар дээр нь танилцлаа.
Голын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгаа нь байгаль орчны шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд бохир ус 450 км орчим урсаж байгаагаас Сонгиноос цааших 120 гаруй км нь маш их буюу их хэмжээгээр бохирдсонд тооцогддог байна.
Түүнчлэн Хан уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр буюу Шувуу орчимд хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрсийг сүйтгэж, иргэдийн суурьшлын бүс нутагт заналхийлж байна. Тэнд 85 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 40 гаруйнх нь эрхийг цуцалж, 24-т нь холбогдох албанаас мэдэгдэл хүргүүлсэн ч одоо 50 гаруй аж ахуйн нэгж ажилласаар байгаа бөгөөд Ашигт малтмалын ХЭГ-аас нэмж олборлолтын зөвшөөрөл олгосон, хайрга дайрга олборлолт, тээвэрлэлтийн улмаас их хэмжээний шороо тоос босож, амьсгалах агааргүй шахам болдог талаар зам тосож цугларсан хорооны оршин суугчид хэлж байна.
Хоёр жилийн өмнө эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны болон дүүргийн төр, захиргааны байгууллагын шийдвэрээр цуцалж, олборлолт хийхийг хориглосон ч Шүүх дээр очоод Эвлэрлийн гэрээ болж хувирснаар дахин олборлолт хийх болсон талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцууллаа.
Төв аймгийн Алтанбулаг сум 1100 гаруй өрхтэйгээс 700 гаруй нь Туул голоо дагаж нутагладаг юм байна. Голын усны бохирдлоос болж мал хордож байгаа нь шинжилгээгээр нотлогджээ. Малын арьс хөрс зулгарах, хээл хаях, амьгүй төл гарах нь хэвийн үзэгдэл болжээ. Мал нядлаад гэдэс, дотрыг нь шууд хаяхаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Тус сумын 1-р баг буюу Туулын орчимд 145 өрхийн 20.000 мал бэлчээрлэж байгаагаас зөвхөн энэ хавар л гэхэд нэг айлын 100 гаруй бог үхэж, өөр нэг айлаас 50 гаруй мал хорогдсоныг шинжлүүлж үзэхэд хордлого болох нь тогтоогдсон талаар багийн Засаг дарга Г.Болдбаатар танилцууллаа. Мал нь усандаа хордож, хүн нь уух усгүй болсноос малчид сумын төв, ойролцоох цэргийн ангиас усаа гуйж, эсвэл мөнгө төлж авдаг болжээ. УИХ-ын дарга Г.Занданшатартай хийсэн уулзалтын үеэр иргэд “Бид нойлын ус, угаадас ууж байна шүү. Утаа арилгахад зориулан мөнгө төсөвлөж, өдий төдий хөрөнгө зарлагаддаг. Ус, хөрсний бохирдлыг багасгахад хөрөнгө төсөвлөхгүй байгааг ойлгохгүй байна” гэж хэллээ.
Эдгээр нөхцөл байдлыг газар дээр нь үзсэн УИХ-ын дарга Г.Занданшатар
- Дээрх нутаг дэвсгэрийн хөрс, усанд байгаль орчны нарийвчилсан шинжилгээг 7 хоногийн дотор хийж, дүгнэлт гаргах;
- Иргэд болон малыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах;
- Хайрга, дайрга олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэн даруй хаах үүрэг даалгавар өглөө. Мөн Алтанбулаг суманд иргэдийн ундны усны зориулалтаар 2 худаг шинээр гаргаж өгөх асуудлыг шийдвэрлэхээ амлалаа.
Тэрбээр “Иргэдийнхээ санал бодлыг сонсох, сонсоод зогсохгүй асуудлыг нь шийдвэрлэх, гаргасан шийдвэр амьдралд нийцсэн байхыг бид зорилгоо болгож байна. УИХ бол иргэдийн төлөөллийн байгууллага. Иргэдийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлаж шийдвэрээ гаргах ёстой гэж үзэж байгаа учраас бид өнөөдөр энд ажиллаж байна. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдгийг бид Үндсэн хуулиараа тунхагласан. Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх үүрэг нь төрийн бүх шатны байгууллага, нийт аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор УИХ-ынх. Тиймээс гамшгийн хэмжээнд хүрээд байгаа ус, хөрс, агаарын энэ бохирдлыг багасгах, цаашлаад арилгах талаар УИХ шийдвэртэй арга хэмжээ авах болно” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх 7 хоногт БОХХАА-н байнгын хорооноос энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах, хэлэлцүүлэгт энд хийсэн шинжилгээний дүгнэлтүүдийг танилцуулах, шаардлагатай бол Нээлттэй сонсголыг тус нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн төлөөллийг оролцуулан, холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг байлцуулан хийх үүргийг өгөв.
Сэтгэгдэл (1)
зочин (66.181.160.39)
хайрга дайргаа гадаадаас импортлоё элсээ ч гаднаас авчихаж болно шүү занданшатар хурдхан хүрэлсүхээр шийдвэр гаргуулаад 6 -р сарын 1 - нээс хот руу хайрга дайрга элс чулуу шороо оруулахгүй гээд шийдчих чадна шүү дээ