Дүгэр зангийн хэт хутга, Тутанхамоны чинжаал хутга
- 2019-05-16
- Үнэн
- 2
Египетийн XVIII династийн фараон Тутанхамоныг түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь бус булшнаас нь олдсон эрдэнэс нь энэ цаг дор хамгийн алдартай фараон болгон түүхэнд үлдээжээ. МЭӨ 1333 онд найман насандаа хаан ширээнд суусан Тутанхамон нийслэлээ Эхтатан хотоос Мэмфис рүү шилжүүлж, өмнөх хаан Эхнатоны хориглосон уламжлалт шашныг сэргээсэн гэсэн түүний даруухан “амжилт”-ыг нь түүхэнд тэмдэглэсэн байлаа.
МЭӨ 1323 онд нас барахынхаа өмнөхөн холбоотондоо дэмжлэг үзүүлэхээр Сири рүү цэрэг илгээж байсан фараоны нэр Египетийн XIX династийн үед хаадын нэрс дундаас арчигдан мартагдаж улмаар хаана бунхлан оршуулсан талаарх мэдээлэл ч үлдээгүй юм.Харин судлаач, эрдэмтэн Ховард Картер (1837-1939) түүний бунхны оршуулгын танхимыг 1922 онд нээж, Каир хотын музейд одоо хадгалагдаж байгаа алтан баг болон эрдэнэсийн эд өлгийн бусад зүйлийг олсноор Тутанхамоны нэр алдар түгсэн түүхтэй.
Өнөө цаг дор ч Тутанхамоны бунхнаас олдсон зүйлийг эрдэмтэд судлан нууцыг нь олж хүмүүсийг гайхашруулсан тайлбар хийсээр байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ нь, манай гарагт байдаггүй материалаар хийсэн чинжаал хутга. Энэ хутгыг 1925 онд фараоны шарилыг ороосон боолт дотроос олсон байдаг. Тухайн үед археологчид маш сонирхон судалсан ч тэр үеийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин нь хутгыг ямар материалаар хийснийг тогтооход хүрэлцэх чадамжгүй байсан. Үүнээс ерэн хэдэн жилийн дараа буюу ноднин эрдэмтэд хутганы материалын бүтцийг рентген гэрлийн тусгай аргаар шинжлэхэд 10 хувь нь никель, 0.6 хувь нь кобалт байсан бөгөөд тэнгэрээс унасан солирын чулуугаар хийснийг нь тогтоосон байна.
Дашрамд сонирхуулахад, бидний хэдэн сэтгүүлч Завхан аймгийн Орон нутгийг судлах музейг 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойг тохиолдуулан шинэчлэн тохижуулж байх үеэр ар фондод нь далд хадгалж байгаа олдвор, эд өлгийн зүйлийг үзэж сонирхсон юм. Уг фондод “Богд хаант Монгол Улсын Цэцэн сарт уулын хошууны Дүгэр зангийн хэрэглэж байсан тэнгэрийн чулуугаар (солир) хийсэн хэт хутга”, мөн хошууны нутаг Лунштаас (Лууны яст) авчирсан үлэг гүрвэлийн яснууд” гэсэн тайлбар бүхий цаас наасан хоёр зүйл байсан билээ.
Эртний египетүүд гурван мянган жилийн тэртээ солирын чулуугаар чинжаал хутга хийж байсны баталгаа Тутанхоманых бол монголчууд солирын чулуугаар хат сайтай хэт хутга хийж байсан нь Дүгэр зангийнх юм даа гэж бодогдож байна.
Солир гэж юу вэ. Солир бол нарыг тойрон эргэж байдаг хатуу бодисын хэлтэрхий, жижиг гарагтай төст нарны аймгийн гишүүн гэж ойлгож болно. Манай улсын нутаг дэвсгэрт унасан солироос хамгийн алдартай нь 1933 онд Өмнөговьд унасан “Ноён Богд”, 1949 онд Говь-Алтайд унасан “Аж Богд II”, 1967 онд Дундговьд унасан “Тугалын бүлээн” юм. “Тугалын бүлээн” нь 1967 оны хоёрдугаар сарын 3-ны өглөө Хулд сумын Бүлээн багийн нутаг Алаг уулын Өндөр-Өлгийн бууцанд өвөлжиж байсан малчин Ш.Цэдэвсүрэнгийн гадаа унасан 1250 грамм жинтэй солир. Дэлхийн солирын бүртгэлд “Тугалын бүлээн” нэрээр бүртгэсэн энэ солир нь 7.1 сая жилийн настай бөгөөд сансарт байхдаа 10.5 кг жинтэй толир байжээ. Дашрамд хэлэхэд, манайд олдсон солируудаас хамгийн том нь олдсон газраар нь нэрлэсэн Талшар-Түвшинширээ” солир юм. Өдгөө Хэнтий аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалж байгаа 79.5 см өндөр, 45-52 см өргөн, 550 кг жинтэй энэхүү “Галшар-Түвшинширээ” солирыг Хэнтий аймгийн Галшар сум, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын хилийн зааг нутаг Зээртийн хөндийгөөс 1989 онд олжээ.
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (2)
troll (49.0.171.43)
genkogiiin troll haa saigui l gasalj yavah yum da
L (202.179.24.20)
ELBEGDORJ BUGDII NI HULGAILSANDAA HUURHII